|
|
||
2011 оны 3 дугаар сард Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш долоон жил өнгөрлөө. Энэ хугацаанд мөргөлдөөн Сири хүүхдүүдийн амьдралд ноцтой нөлөөлсөн тухай НҮБ-ын Хүүхдийн сан саяхан тайлан нийтэлж, 2016 он хамгийн хүнд хэцүү жил болсон гэж тэмдэглэжээ. Энэ тухай ХОУР-гаас Женевт суугаа сэтгүүлч Лю Сү-Юний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
НҮБ-ын Хүүхдийн сангийн гаргасан тайланд, Сирийн мөргөлдөөн хурцдахын хэрээр хүүхдүүдийн амийг хороож, шархдуулах, хөгжлийн бэрхшээлтэй болгох, цэрэгт татах нь улам олон болж байна. 2016 онд наад зах нь 652 хүүхэд амиа алдсан бөгөөд үүнээс 255 нь сургууль дээрээ, эсвэл сургуулийнхаа ойр орчимд халдлагад өртөн амь насаа алджээ. Мөн 850 хүүхдийг цэрэгт татан, дайнд оролцуулсан нь 2015 оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Хүүхдүүдийг алах, амийг нь золиослон халдлага хийлгэх, шорон мануулах зэрэг үйл ажиллагаанд оролцуулах нь улам олширч байгааг тоо баримт харуулж байна.
Өвчин эмгэгт нэрвэгдэх, буюу амьдралын баталгаагүй байгаа нь Сири хүүхдүүдэд заналхийлэл болж байна. 2.8 сая хүүхэд хүмүүнлэгийн тусламж хүрэх боломжгүй бүсэд амьдарч байгаагийн 280 мянга нь бүслэгдсэн буюу эзлэгдсэн бүсэд оршин сууж байгаа юм.
Өдгөө Сирийн 6 сая хүүхэд хүмүүнлэгийн тусламжид түшиглэж байгаа нь 2012 оныхоос 12 дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд хэдэн сая хүүхэд гэр оронгүй болж, 2.3 сая хүүхэд эргэн тойрны улс оронд дүрвэн амьдарч байна. Ихэнх айл амьдралын эрхээр хүүхдээ эрт гэрлүүлэх буюу хар бор ажил хийлгэн, орлогоор нь амь зууж байна гэж тус тайланд тэмдэглэжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Ойрх Дорнод, Умард Африкийн бүсийн ажил хариуцсан дарга Каппераер: Мөргөлдөөн Сири хүүхдүүдийн эрүүл мэнд, аз жаргал, алс ирээдүйд ноцтой нөлөөлж байна гэжээ. Гэвч Сирийн хүүхдүүд ирээдүйн амьдралдаа өөдрөг бодолтой, хүсэл мөрөөдлөө биелүүлэх шийдвэр зоригтой гэж Хүүхдийн сангийн тайланд тэмдэглэсэн байна. Туркт дүрвэн амьдарч буй Дарси: "Би эмч болж, Сирийн өвчтөн, шархадсан хүмүүст тусална бодож байгаа. Сирийн дайн дуусаасай, би гэртээ харихыг хүсэж байна. Би дайн дажингүй, амар амгалан ертөнцийг мөрөөддөг" гэжээ. "Сири хүүхдүүд зоримог, олон хүүхэд сургуульдаа очиж шалгалт өгөхийн төлөө фронтын шугамыг давж явдаг. Подвальд байрладаг сургуульдаа ч хичээн сурдаг" гэж Каппераер ярьж байлаа.
НҮБ-ын Хүүхдийн сан Сири хүүхдүүдийн нэрийн өмнөөс, мөргөлдөгч талууд улс төрийн арга замаар мөргөлдөөнийг шийдвэрлэж, хүүхдүүдийн эрүүл мэнд, аз жаргалыг ноцтой хохироосон бүх үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан бөгөөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг санал болгожээ. "Талууд Сирийн хүүхдүүдийн амьдрах орчинг сайжруулахын төлөө хичээн зүтгэх ёстой" гэж Каппераер ярьж байлаа.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |