• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголоос эртний хадны сүг зургууд илрүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 11:04:36

Синьхуа агентлагийн сурвалжлагч Өвөр Монголын өөртөө Засах Орны Алшаа зүүн хошууны Түүх соёлын дурсгалт зүйлсийн хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, саяхан археологичид Алшаа зүүн хошууны Баян хотын Бугат гацааны нутгаас эртний нүүдэлчин үндэстний сүг зургууд илрүүлсэн байна. Уг сүг зураг 2000 гаруй жилийн түүхтэй гэдэг нь эрдэмтэн судлаачдын шинжилгээ судалгаагаар нотлогджээ.

Тэдгээр сүг зураг Алшаа уулны баруун хэсэг дахь нэгэн уулны амны хаданд буй бөгөөд тэдгээр зураг зүүнээс баруун тийш 4000 метр, өмнөөс умар тийш 3000 метр буюу 12 км орчим талбайтай газарт тархай байдлаар зурагдсан байна. Өдгөө тэндээс 200 гаруй сүг зураг илрүүлж, түүнийг Баян хотын хадны сүг зураг хэмээн нэрлэсэн байна.

Алшаа зүүн хошууны Түүх соёлын дурсгалт зүйлсийн хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн Ли Шяовэй: "Баян хотын хадны сүг зургийн ихэнх нь үрж сийлэх аргаар бүтээсэн бөгөөд голдуу тойрог дүрс, бэлгэдэл тэмдэг, морьтон, янгир, аргаль угалз, морь, бар, ирвэс зэрэг зураг дүр бий. Тэдгээр сүг зургийг зурсан арга, агуулгаас нь үзвэл, шинэ чулуун зэвсгийн үеийн сүүлчээс Манж Чин улсын үетэй холбогдож, он цагийн хувьд урт байгааг анхны шинжилгээ судалгаагаар тогтоосон" гэжээ.

Баян хотын хадны сүг зургууд нь эртний хүмүүсийн тэнгэр шүтлэг, араатан амьтны шүтлэг зэрэг балар эртний шашны ёс жаягийг харуулж, шинэ чулуун зэвсгийн үеийн хадны сүг зургийн зохион бүтээх арга, умард нутгийн үндэстний цөөнхийн нутаг дахь хадны сүг зургийн нийтлэг онцлогийг бүрдүүлсэн болохоор, Хятадын эртний умард нутгийн үндэстний цөөнхүүдийн амьдрал ахуй, зан заншил, нийгмийн бүтэц зэргийг судлахад эрдэм шинжилгээний маш их үнэ өртөгтэй юм.

Судлаачдын танилцуулснаар, өнөөг хүртэл, Алшаа зүүн хошууны нутгаас хадны сүг зураг бүхий 32 газрыг илрүүлээд байгаа аж. Баян хотын хадны сүг зураг бол Алшаа аймгийн нутаг дахь хадны сүг зурагтай 100 гаруй газрын дотор, тэгш газраас илрүүлсэн хадны сүг зурагтай цорын ганц газар болно. Одоо, орон нутгийн түүх соёлын дурсгалт зүйлсийн хэрэг эрхлэх байгууллагынхан энэхүү хадны сүг зургуудыг дугаарлан тэмдэглэх ажлыг хийж байна.

/D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе