|
|
||
Ардын уламжлалт гар урлал өдөр ирэх тусам мартагдаж байгаатай холбогдуулан саяхан Хятадын засгийн газар уламжлалт гар урлалыг сэргээн хөгжүүлэх тухай төлөвлөгөө гаргажээ. Тус төлөвлөгөөнд, Хятад улс уламжлалт гар урчууд, уран дархдыг бэлтгэн, гар урлалын нэр нөлөө бүхий брэндийг дэмжин хөгжүүлж, 2020 гэхэд уламжлалт гар урлалыг өвлөн уламжлах, зах зээлийн өрсөлдөх чадварыг илэрхий дээшлүүлэх зорилт тавьсан байна.
"Би 70 гарсан ахмад хүн. Гэхдээ илүү их зүйл хийж, хожмын хүмүүст үлдээх юмсан гэж боддог."
Энэ хүн бол Дай Жялинь гуай. Тэрээр Жин Тай Лань хэмээх шаазан урлалын дизайн гаргах, үйлдвэрлэх ажил үйлсэд 55 жил зүтгэжээ. Түүний урласан олон бүтээл гадаад дотоодод алдаршиж, Хятадын Жин Тай Лань хэмээх шаазан урлалын гол төлөөлөгч болжээ. Нас ахисан хэрнээ, өнөө үед их ховордсон Хятадын гар урлалын уран зургийн их мастер гэгдсэн Дай Жялинь гуай уламжлалт гар урлалыг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөг дэмжиж байлаа.
"Засгийн газраас уламжлалт гар урлалыг чухалчлан үзэж, дэмжиж байгааг сонсоод би маш их баяртай байна"
"Хятадын уламжлалт гар урлалыг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө"-нд уламжлалт гар урлалын хөгжлийн тодорхой зорилт тавьж, уламжлалт гар урлал дахь соёлын элементийг сэргээн илрүүлж, гар урлалын үзэл ойлголтыг ашиглан, уламжлалт гар урлалын сэдэв, бүтээгдэхүүний төрөл зүйлийг олшруулж, улсын зэрэглэлийн гар урчууд, уран дархад, нэр нөлөө бүхий брэнд бий болгож, уламжлалт гар урлалыг орчин үеийн амьдралд шинээр, өргөн хүрээнд хэрэглэх боломжийг нээнэ гэжээ.
Уламжлалт гар урлалыг өвлөн залгамжлах явдалд, нэг талаар ард олны хэрэгцээг хангаж, үүний зэрэгцээ гар урлалын ур чадвар, арга ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой гэж Дай Жялинь гуай үздэг юм байна.
"Гар урчуудын хувьд, соёл урлагийн ур чадвар, чанар чансаагаар илүү нарийн зүйлийг хийж бүтээхийг зорьдог. Үүнд хоёр арга зам бий. Нэг талаар, ард олон буюу зах зээлд юу хэрэгцээтэй байгааг бодолцон харьцангуй хямд үнээр хүнд хэрэгтэй зүйл хийж бүтээдэг. Нөгөө талаар, жинхэнэ уран дархан хүн өөрийн өвөрмөц онцлог бүхий хосгүй нандин урлагийн бүтээл хийхийг хичээдэг."
Жин Тай Лань хэмээх шаазан урлал өндөр түвшинд хөгжсөн юм. Гэтэл үүнтэй харьцуулбал Хятадын уламжлалт маш олон гар урлалын салбар мухардмал байдалд ороод байна. Хятадын уламжлалт гар урлал өнө эртний түүхтэй, төрөл зүйлээр олон янз, өргөн цар хүрээг хамарсан байдаг. Цаасан хайчилбар, хатгамал, сийлбэр, цагаан сарын зураг, уран барилга зэрэг нь Хятадын олон бүс нутагт өргөн тархсан байдаг.
Гэтэл нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаад аж үйлдвэржилт нь гар урлалыг хүчтэй түрж, зарим гар урлал үнэ цэнийн хувьд өөрийгөө хангахад ч бэрх болжээ. Иймээс Хятадын засгийн газрын сая нийтэлсэн төлөвлөгөөнд, улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлст тулгуурлаж, уламжлан өвлүүлэх зохих үндэс суурьтай, үйлдвэрлэлийн цар хүрээ, хөгжих орон зайтай уламжлалт гар урлалын төслүүдэд улсын уламжлалт гар урлалыг сэргээн хөгжүүлэх нэрсийн жагсаалт, бүртгэл гаргах замаар, засгийн газраас санхүүгийн бодлого, хөрөнгийн туслалцаагаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"Уламжлалт гар урлалыг сэргээн хөгжүүлэх нь уламжлагч, гар урчуудад хэрэгтэй төдийгүй хамгийн гол нь соёлын зохицсон уур амьсгалыг бүрдүүлэхэд байгаа юм. Хятад улсын суурь боловсролд уламжлалт соёлын тухай мэдлэг эзэмшүүлэх явдлыг эрчимжүүлэх нь зүйтэй" гэж тус салбарын зүтгэлтнүүд үзэж байгаа юм. Хятадын Уран зохиол, урлагийн нэгдсэн холбооны дэд дарга Пань Лушэнь ингэж ярьж байна.
"Бага, дунд сургуулийн сурагчдад өлзий зангиа, вааран урлал, нэхмэл мэтийн гар урлалын хичээл зааж, үүгээр дамжуулан тэдний урлаг уран сайхны туршлагыг нэмэгдүүлж, хүүхдүүд багаасаа үндэстнийхээ соёл, гар урлалаар бахархах сэтгэлтэй болгохыг хүсэж байна. Учир нь эдгээр нь Хятад үндэстний хувьд их үйлсийг хийж бүтээхийн эхлэл, Хятадын гоо зүйн практик талбар юм."
Тус төлөвлөгөөнд, 2020 он гэхэд Хятадын уламжлалт гар урлалын өвлөн уламжлах, дахин зохион бүтээх чадвар, аж үйлдвэрийн удирдлагын түвшин, зах зээлийн өрсөлдөх чадвар, гар урлал эрхлэгсдийн орлого зэргийг илэрхий нэмэгдүүлж, уламжлалт гар урлалыг орчин үеийн аж амьдралд сайтар уялдуулах тухай нарийн тусгажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |