• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэгийн хоёр мөрөнд "хүний эрх" олгожээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-29 14:37:36

Энэтхэгт хамгийн томд тооцогдох Ганга, Ямуна хоёр мөрөнд хүнтэй адил "эрх, үүрэг" олгосон гэдгээ тус улсын Уттаракханд мужийн дээд шүүх саяхан мэдэгдсэнээр Энэтхэг улс "гол мөрөнд хүний эрх олгосон" хоёр дахь орон болжээ. Тэгвэл гол мөрөн "хүний эрх"-ээ хэрхэн яаж эдлэх вэ? Энэ тухай Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлч Ян Тяньшүгийн ирүүлсэн мэдээллийг сонсгоё.

3-р сарын 21-нд, Энэтхэгийн Уттаракханд мужийн дээд шүүх Ганга, Ямуна хоёр мөрөнд хүнтэй адилхан "амьдрах эрх" олгосон байна. Ингэснээр хэрвээ хэн нэгэн тус хоёр мөрнийг бохирдуулах юм бол, бусдыг хохироосонтой адилхан эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх эрх зүйн үндэстэй болжээ. Энэ нь Ганга, Ямуна хоёр мөрнийг бохирдуулж буйг хязгаарлахын төлөө юм гэж шүүхийнхэн мэдэгдсэн байна.

Энэтхэгийн Ганга мөрөн

Үүнтэй холбогдуулан Уттаракханд мужийн шүүх нэр хүндтэй хуульчид томилолт өгч, Ганга, Ямуна хоёр мөрний урсгалыг хамгаалах ажлыг хариуцуулсан байна. Энэ хоёр мөрөн, түүний цутгалан, салбар урсгал, сав газар нь "хуулийн дагуу хүнтэй адил амь нас, иргэншил, хууль ёсны эрх ашиг, үүрэг хариуцлагатай" болсон хэмээн хуульч Раджив Шарма, Азингер нар мэдэгдсэн юм. Мөн шүүхээс Ганга мөрний удирдах зөвлөл байгуулах шийдвэр гаргаж, 3 сарын хугацаанд багтаан ажлаа эхлүүлэхийг үүрэг болгожээ.

Ганга, Ямуна мөрөн бол Энэтхэгчүүдийн эрүүл мэнд, амь амьдралтай адилхан чухал тул хүний эрх олгохоос гадна тус хоёр мөрөнд тусгай асран хамгаалагч буюу "Ганга мөрний засаг захиргааны зөвлөл" ажиллуулж, урсгал дагуу сав газрыг цэвэр байлгахыг баталгаажуулах юм байна. Тус хоёр мөрний асран хамгаалагчаар шүүхийн хоёр албан тушаалтныг томилсон гэдгээ шүүхийн шийдвэр гарсны дараа хуульчид мэдэгджээ.

Энэтхэгийн Ямуна мөрөн

Ганга, Ямуна хоёр мөрөн бол Энэтхэгийн нэг тэрбум гаруй сүсэгтэн олны итгэл бишрэл шингэсэн, ариун дагшины бэлгэдэл боловч, сүүлийн жилүүдэд бохирдлоороо, "дэлхийг цочирдуулсан" юм. Хэвлэл мэдээллийнхэн нутгийн нэгэн инжинерийн үгнээс эш татан тэмдэглэхдээ: "Өдөр бүр бараг 1 тэрбум 500 сая литр шүүж цэвэршүүлээгүй бохир ус, аж үйлдвэрийн 500 сая литр хаягдал бодисыг гол мөрөнд цутгадаг болсон бөгөөд гол мөрний эко орчныг хамгаалах нь юу юунаас илүү тулгамдсан асуудал болоод байгаа юм байна.

Энэ удаа шүүхээс Ганга, Ямуна хоёр мөрөнд "хүний эрх" олгож байгаа нь Энэтхэгчүүдийн хувьд маш чухал, дэвшилтэт алхам болсон гэж мэргэжилтнүүд онцолж байлаа. Байгаль хамгаалагчдын үзэж байгаагаар, улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр Энэтхэгийн нутгаар дайран өнгөрч буй олон гол мөрөн улам бохирдох болжээ. Хэдийгээр гол мөрний бохирдлоос сэргийлэх тусгай хуультай боловч, хот суурины бохир ус, хөдөө аж ахуйн химийн бодис, аж үйлдвэрийн хаягдал зэрэг нь гол мөрөнд урсан орсоор байгаа юм байна. Ямуна мөрний бохирдлыг цэвэрлэх үйлсэд 10 гаруй жил оролцон ажиллаж байгаа байгаль хамгаалагчийн үзэж байгаагаар, зөвхөн шүүхийн шийдвэрээр асуудал шийдэгдэхгүй, харин засгийн газар, албан тушаалтан, ард иргэдийн хамтын оролцоотой байж л гол мөрний бохирдлыг хориглон зогсоож чадах юм байна.

Шинэ Зеландын  Уогануи мөрөн

Гол мөрөнд "хүний эрх" олгож байгаа нь анхны тохиолдол биш юм. Шинэ Зеланд улс хамгийн анх Уогануи мөрөнд "хүний эрх" олгосон байна. Саяхан Уонгануи мөрнийг "хүний амь настай" болгоно гэдгээ Шинэ Зеландын засгийн газар мэдэгджээ.

Уонгануи бол Шинэ Зеландын уртаараа гуравт ордог мөрөн бөгөөд уулсаас эх авч, 145 километр урсан далайд цутгадаг, нутгийн уугуул иргэд Маоричуудын шүтлэг бишрэл шингэсэн, ариун дагшин мөрөн юм. Шинэ Зеландад 160 гаруй жил амьдарч буй Маоричууд Уонгануи мөрөнд "хүний эрх" олгохын төлөө маш их хичээл зүтгэл гаргажээ. Учир нь уул толгод, гол мөрөн, нуур тэнгис бүгд хүнтэй адилхан амь нас, зан араншинтай хэмээн тэд үздэг байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Уонгануи мөрөн хүнтэй адил шүүхэд хандан эрхээ хамгаалуулж болох хууль эрх зүйн үндэс тавигджээ. Нутгийн уугуул Маоричууд болон Шинэ Зеландын вангийн угсааны нэг гишүүн тус мөрнийг төлөөлөн олон төрлийн хурал цуглаан, арга хэмжээнд оролцдог юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе