• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад фитнес хурдтай хөгжиж байна

CRI       (GMT+08:00) 2017-04-02 15:48:11

2014 онд Хятадын Төрийн зөвлөл "спортын салбарыг хөгжүүлж, түүний хэрэглээг ахиулах хэдэн санал" хэмээх баримт бичиг нийтэлж, 2025 онд спортын салбарын орлогыг 5 триллион юаньд хүргэх санал дэвшүүлсэн нь Хятадын спортын салбарын хөгжилд ихээхэн боломж нээсэн хэрэг юм. Спортын чухал бүрэлдэхүүний хувьд фитнес клубүүд ч хурдтай хөгжиж, дэлхийн спортын брэндүүдийн анхаарлыг татаж байна.

80 настай Ван Дэшүнь гуай цахим ертөнцийн од юм. 24 настайдаа драммын жүжигт тоглож, 50-тайгаасаа эхлээд фитнесээр хичээллэж эхэлсэн, 57 насандаа амьд хөшөө гэгдэж, 79 насандаа Бээжингийн олон улсын хувцас загварын долоо хоногийн үйл ажиллагааны үеэр тайзан дээр загвар үзүүлж, эрүүл чийрэг бие бялдартай буурал өвгөн ганц шөнийн дотор од болон гялалзаж, "супер өвөө" гэгдэх болжээ. Үүнээс хойш тэрээр дэлхийн брэндүүдийн анхаарлыг татаж, тэдний загварыг өмсдөг болсон юм. "Анх би татгалздаг байсан, ялангуяа эм бэлдмэлийн сурталчилгаанд тоглохоос эрс татгалздаг байсан" гэж Ван Дэшүнь гуай хуучилж байлаа.

"Эм бэлдмэл, эрүүл мэндэд тустай хүнс үйлдвэрлэдэг компаниуд надтай холбогдож сурталчилгаандаа тоглуулахыг хүсдэг. Гэтэл би ийм биетэй болохын тулд тийм цай ууж, тийм хоол идсэн гэж худлаа хэлэхэд эвгүй санагддаг байсан."

Супер өвөө Ван Дэшүнь харин бие бялдраа хөгжүүлэх брэндын сурталчилгаанд дуртайяа тоглох болжээ. Спортоор хичээллэж эрүүл чийрэг байна гэдэг зөвхөн бие бялдрын асуудал биш, хувь хүний ч асуудал биш, харин улс эх орон, үндэстний нэр төрийн хэрэг юм. Хичнээн олон хүн спортоор хичээллэж байгаагаас тэр улс орон, тухайн ард иргэдийн нүүр царай харагддаг хэмээн Ван Дэшүнь гуай боддог гэнэ.

"Бие бялдраа хөгжүүлэхийн тулд маш тэвчээртэй дасгал хийх ёстой. Үүгээр дамжин бие эрүүлжиж, сэтгэл санаа хатууждаг. Нэг улс, нэг үндэстэн ирээдүйд эрүүл байх эсэх нь, хүсэл мөрөөдөлтэй эсэхээс ихээхэн шалтгаалдаг. Энэ бол нүдэнд илхэн зүйл юм."

2016 онд Хятадад фитнесээр хичээллэж байгаа хүний тоо 6 сая 600 мянгад хүрч, 2008 оны үеэс хоёр дахин нэмэгджээ. Чөлөөт цагаараа гүйж, дасгал хийх нь энгийн явдал болсон. Хятадын том жижиг бүх хотод газар сайгүй марафон гүйлтийн тэмцээн зохиодог болжээ. Үүнийг дагаад гадаад дотоодын спортын брэндийн бүтээгдэхүүний борлуулалтын ашиг орлого маш хурдан өсөн нэмэгдэж байгаа юм.

Иймээс Хятадын фитнесийн зах зээлийн хөгжилд эргэлзэх шаардлага байхгүй. Адидас компанийн Хятадын бүсийн ерөнхий захирал Гао Жяли: "Биеийн тамир спортын хэрэг эрхлэх үндэсний газар "Спортын хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөө"-ндөө 2020 он гэхэд Спортын салбарын хөрөнгийн хэмжээг 3 их наяд юаньд хүргэх зорилт тавьсан" гэжээ.

"3 жилийн өмнө би ажлаас өөр юм мэддэггүй байлаа. Ямар ч спортоор хичээллэдэггүй байсан. Гэвч одоо 7 хоногт 3 удаа, 3 цаг дасгал хийдэг болсон. Хятадын хэрэглэгчид фитнесээр хичээллэж, эрүүл амьдралтай болсон нь илэрхий мэдэгдэж байна."

Реебок компани 2010 оноос хойш фитнесийг хөгжүүлэх салбарт хөл тавьсан ба одоо Хятадад ажил үйлсээ хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Тус компанийн ерөнхий захирал Отооле ингэж ярьсан юм.

"Дэлхийд тэргүүлье гэвэл Хятадад шилдэг болох хэрэгтэй. Хятад бол дэлхийн фитнесийн салбар хамгийн хурдтай хөгжиж байгаа зах зээл гарцаагүй мөн."

Реебок компани Хятадын хэрэглэгчдэд зориулсан цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаагаас гадна Хятадад жижиглэн худалдааны дэлгүүр, фитнес клуб, брэндын сурталчилгааны дэлгүүр ажиллуулах гэж байгаа юм. Энэ жил 50 дэлгүүр нээж, 2020 онд 500 болгон өргөтгөх гэж байна.

Урьд өмнө Хятадад фитнес клуб байхгүй бол одоо борооны дараах мөөг шиг олширсон тухай супер өвөө Ван Дэшүнь гуайн ингэж ярьж байна.

"30 жилийн өмнө Хятад фитнес клубгүй байсан. Дэлхийн худалдааны барилга зэрэг гадаадын хүмүүс суудаг газар л фитнесийн төхөөрөмж байлаа. Одоо фитнес клубүүд хурын дараах мөөг шиг түргэн олширч, бас хөгжиж байна. Интернетээр надад "Өвөө минь, би таныг хараад зориг орж, фитнесээр хичээллэдэг болсон, танд их баярлалаа гэж бичсэнийг уншаад их урамшсан."

 

/Баатар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе