• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

3D хэвлэх технологи ашиглан төрийн эрдэнийг клоны аргаар хувилж авчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-12 10:33:55
Саяхан, Японы Токиогийн Урлагийн Их Сургууль "Цутгамлын өлгий" хэмээн алдаршсан Тояма мужийн Такаока хоттой хамтран, 3D хэвлэх технологи болон цутгах, сийлэх зэрэг уламжлалт технологийг ашиглан, Нара кенийн Хоуриужи хийд дэх төрийн эрдэнэ Шагжамуни зэрэг бурхдын гурван шүтээн биеийг амжилттай хувилан авчээ. Уламжлалт технологийг тэргүүний дэвшилтэт шинэ технологитой хавсран ашиглах явцад, сорилт тулгарсны зэрэгцээ бас шинэ боломж тохиосон байна.

Японы Хукурику нутагт байдаг Тояма мужийн Такаока хот бол уламжлалт цутгамлын үйлдвэрлэл төвлөрсөн бүс юм. Одоогоос 400 гаруй жилийн тэртээ, тэр нутгийн эзэн олон уран дархныг цуглуулан, тухайн үед хамгийн тэргүүний гэгдсэн цутгамлын үйлдвэрлэлийг эхлүүлж, орон нутгийн аж үйлдвэрийн үндсийг тавьсны зэрэгцээ, хот суурины дүр төрхийг анх бүрдүүлсэн байна. Мейжигийн үе буюу 1868-1912 оны хооронд, дүрслэх урлагийн бүтээл хүмүүсийн сонирхлыг татах болж, улмаар Такаокагийн цутгамал, уран дархад ч гайхамшигтай ур чадвар, технологиороо Япон даяар алдаршжээ.

Гэвч шинжлэх ухаан технологийн хөгжлийг дагалдан, Японы уламжлалт технологи зайлсхийхийн аргагүй сорилттой тулгарч байна. Цутгамлын ажлаар жишээ татахад, өнгөрсөн 25 жилд, бүх Японы хэмжээнд цутгамлын үйлдвэр 4241 байсан бол одоо 1886 болж, 50 гаруй хувиар хорогджээ. Такаокагийн цутгамлын ажил ч түүнтэй адил мэргэжлийн хүний тоо цөөрч, уран дархад өтлөх зэрэг асуудалтай тулгарч, олон үйлдвэр үйлдвэрлэлийн хэмжээгээ багасган, улмаар дампуурлын ирмэгт тулжээ. Хэдий тийм боловч сүүлийн үед Такаокагийн бүсчилсэн эдийн засагт сэргэн хөгжих шинэ боломж нөхцөл бий болсон байна. Уран дархад, техникчид 3D хэвлэх технологийг ашиглан, Нара кений Хоуриужи хийдийн оройн чимэг Шагжамуни зэрэг бурхдын гурван шүтээн биеийг "клоны аргаар амжилттай хувилан бүтээжээ". Тэрхүү төслийн мэргэжилтэн, Японы Токиогийн Урлагийн Их Сургуулийн профессор Итоу Жүнжи: "Такаокагийн цутгамлын уламжлал, технологи гайхамшигтай учраас эндхийн уран дархадтай хамтран ажиллахаар шийдсэн" хэмээн ярьж байлаа.

"Такаокагийн цутгамлын гудамж хэвээр хадгалагдаж ирсэн бөгөөд ур чадвар сайтай олон дархан бий тул, төрийн эрдэнийг клоны аргаар хувилан бүтээх нөхцөл бүрдсэн юм."

Сурвалж бичигт тэмдэглэснээр, Ашикагийн үе буюу нийтийн тооллын 592-710 оны хооронд гадаадын уран дархан хуваргуудын гараар бүтсэн Шагжамуни зэрэг бурхдын гурван шүтээн биеийг Японы Буддын шашны дүрслэх урлагийн түүхэн дэх эхлэлийг тавьсан содон бүтээл гэдэг. Энэ нь Японы төрийн эрдэнийн зэрэглэлд багтсан урлагийн бүтээл төдийгүй, дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон, энгийн үед үзэсгэлэнд ил тавьдаггүй хосгүй бүтээл юм. Гэвч 3D хэвлэх технологийн энэ хувилбарыг явуулын үзэсгэлэнд тавьж болох төдийгүй, үзэгчид ойрын зайнаас харж, гараар барьж үзсэн ч болно гэнэ. Тус төслийн хэрэгжилтийг идэвхтэй дэмжсэн Такаока хотын дарга Такахаши Масаки, дэвшилт шинэ технологи болон уламжлалт технологийг уялдуулж, 1300 гаруй жилийн тэртээ бүтээгдсэн төрийн эрдэнийг амжилттай хувилж чадсан гэжээ.

"Хамгийн сонирхолтой нь Токиогийн Урлагийн Их Сургуулийн 3D хэвлэх технологийг уламжлалт цутгамлын технологи, сийлэх технологитой уялдуулсан явдал юм. Үүнээс гадна эдгээр уламжлалт технологиор урлагийн үнэ цэнгэтэй, түүх соёлын дурсгалт зүйлсийг дахин амилуулсан юм."

Такаокагийн уламжлалт уран дархад олон газрын эртний түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах ажилд оролцсоор ирсэн. 3D хэвлэх технологиор түүх соёлын дурсгалт зүйлийн урьдын төрхийг бүрэн сэргээж чаддаг төдийгүй эмтэрч унасан хэсгийг нь нөхөн сэргээж болдог байна. Үүний дээр, хувилбар бүтээлийн гайхамшиг нь уран дархдын урлан бүтээх, үрж өнгөлөх зэрэг үйл явцыг дамжиж, "эх хувь"-аасаа ч илүү болдог байна. Хувилан бүтээх иймэрхүү арга нь шинэ зам сувгийг өргөтгөн тэлж, уламжлалт технологийн салбарт улам их эрэлт хэрэгцээ бий болгон, цутгамлын ажлаар гол болгосон, бүсчилсэн эдийн засгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэсэн юм. Гэхдээ тус төсөлд оролцсон уран дархдын үзэж байгаагаар, уламжлалт технологи бол орлуулшгүй чухал хэвээр байгаа гэнэ. Хажихажи үйлдвэрийн эзэн Хажиха Тошихару ингэж ярьж байна.

"Ирээдүйд 3D хэвлэх технологи ашигласан ажлын агуулга улам баяжих боловч, би түүнийг тийм ч их сонирхдоггүй. Энэ арга бол гар урлалын онцлогийг алдагдуулдаг юм."

Ахмад уран дархдын үзэл баримтлал залгамжлагчгүй болоход хүргэхгүй. Залгамжлагчийг хэрхэн бэлдэх вэ гэдэг Такаока хотын даргаас уран дархдад хүртэл тулгарч буй асуудал болоод байна. Тус салбарынхны танилцуулснаас үзвэл, орон нутгийн бага сургуульд цутгах технологи, цутгамлын түүхтэй холбоотой сургалт явуулж, тэр нутгийн Аж үйлдвэрийн ахлах сургуульд тусгай мэргэжлийн хичээл орж байна. Японы засгийн газраас орон нутаг дахь улсын их дээд сургуулиудын урлаг соёлын факультетэд оюутан сурагчдад голдуу урлан бүтээх агуулга бүхий сургалт явуулдаг бөгөөд сургууль төгсөгчид орон нутгийн нэртэй дархдад шавилан, гүнзгийрүүлэн суралцдаг байна. Такаока хотын дарга, уламжлалт технологийг залгамжлуулахын тулд, засгийн газраас санхүү, технологи, боловсон хүчин бэлдэх зэрэг олон талаар дэмжлэг үзүүлж байна гэлээ.

"Өнөөгийн уран дархдын ур чадвар өндөр боловч, залгамжлагчгүй болж, уран дархдын тоо цөөрч байгаа болохоор, залуусыг бэлтгэж, тэднийг Такаокагийн дараагийн үеийн уран дархад болгох хэрэгтэй байна."

Тэргүүний дэвшилт технологи нэг талаар уламжлалт технологид сорилт авчирч байгаагийн зэрэгцээ, түүнд шинэ боломж ч бүрдүүлж байна. Токиогийн Урлагийн Их Сургуулийн профессор Итоу Жүнжи "Шинэ технологи, уламжлалт аргатай бүрэн уялдан нэгдвэл харилцан нөхвөрлөж хамт урагшилж чадна" хэмээн үздэг.

Уламжлалт урлагийн эрэлт хэрэгцээ аажмаар буурч, мэргэжлийн уран дархан ч дутагдаж, урлагийн хөгжил хэвээр үргэлжлэхэд бэрх байгаа тул, энэ асуудлыг шийдэн зохицуулахад дэвшилтэт технологийг авч ашиглах хэрэгтэй болоод байна. Үүний зэрэгцээ, зөвхөн шинэ технологид түшиглэх биш, хоёр талын давуу талыг ашиглаж, бүхэлд нь хөгжүүлэх ёстой."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе