• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэвид Герстейний өнгөт металл баримлууд

CRI       (GMT+08:00) 2017-04-19 11:01:40

Металл хайчлах, зүсэх хэлбэрээр баримал бүтээдэг Израйлийн алдарт уран барималч David Gerstein энэ сарын 22-ноос Бээжинд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ уран бүтээлчийг олон хүн сайн мэдэхгүй. Харин Сингапурын төвд дэх 18 метр өндөр "Momentum" хэмээх өнгөт металл баримлын тухай сануулахад хүмүүс сайн мэднэ. Энэ бүтээл бол David Gerstein-ний гадаах тохижилтын уран баримлын төлөөлөх бүтээл юм. Өнгөт металлыг хайчлах, зүсэх аргаар баримал бүтээх урсгалыг үүсгэн сэдсэн анхдагчийн хувьд David Gerstein-ний бүтээлүүд ямар өвөрмөц онцлогтой юм бол? Энэ тухай ХОУР-гоос Иерусалимд суугаа сэтгүүлч Сүнь Линли, Янь Шюй нар Har Tuv дэх түүний урланд очиж сурвалжилсан юм.

David Gerstein-ийн урлан Har Tuv-ын аж үйлдвэрийн паркт байдаг. Түүний урлан бол 4 давхар жижиг байшин юм. Байшингийн хананд Gerstein хэмээн улаанаар бичсэн нь хараа булаана. David Gerstein өндөр нуруутай, 73 хүрсэн атлаа урт гэзэг тавьсан, богино цамц, жинсэн өмд өмссөн, залуу хүн шиг эрч хүчтэй харагдаж байлаа. Албан тасалгаанд нь ороход хана болон хаа сайгүй тавьсан өнгө өнгийн металл баримал хараа булаана. David Gerstein барималч, бас зураач хүн. Түүний бүтээл уран баримал, уран зураг, дизайн гурвын уулзвар гэмээр сэтгэгдэл төрүүлнэ.

"Манай компани 30 туслах ажилтантай. Тэд өнгөт металл зүсэх, таслах, будаг суулгах ажил хариуцдаг. Гэхдээ бүтээл нэг бүрийн анхны зураг дизайныг би өөрөө гаргадаг. Эхлээд цаасан дээр хар зургийг нь гаргана. Дараа нь өнгөт металл дээр лазер ашиглан баримлын бүтэц загварыг хэрчиж гаргана. Түүний дараа барималдаа будаг суулгана. Хэрэглэдэг бүх будах материалыг Европоос импортолдог. Бас автомашины ширтэй төстэй материалууд хэрэглэнэ. Учир нь чанар сайн, будаг нь амархан унадаггүй гэнэ. Одоо будаг суулгасан баримлын бүтээл тун олон болжээ. Өнгөрсөн зууны 70, 80-аад оны үед маш ховор байлаа" хэмээн David Gerstein ярьсан юм. Тэрээр өнгө будгийг уран барималд зоригтой оруулж ирсэн бөгөөд лазерыг өнгөт металл зүсэхэд ашиглаж, олон давхаргатай уран баримлууд бүтээжээ. Эдгээр урлах арга хэлбэрийг тэр анх сэдсэн бөгөөд түүнийг амжилтад хүрсний дараа Израйльд зарим урчууд түүний арга хэлбэрийг дуурайдаг болсон байна.

"Анх би баримал зохион бүтээж эхлэхдээ уламжлалт уран баримлаас өөр арга хэлбэр олохыг зорьсон. Уламжлалт баримал бол өнгийг биш материалыг илүү чухалчилдаг. Ихэнх баримал өнгө будаггүй байдаг. Би зураач хүний хувьд уран баримлын уламжлалд баригдахгүй, өөрийн бүтээнэ гэж зорьсон бүх зүйлээ хийх болно. Би өнгө будгийг уран зургаас уран барималд оруулж, энэ нь бусдаас ялгаатай, хүмүүсийн ерийн арга хэлбэрээс өөр болж чадсан. Учир нь ихэнх баримлыг металл, эсвэл хүрэл, мод, шилэн бүтэцтэй хэрнээ бүгд өнгөгүй байдаг. Харин минийх түүнтэй адилгүй. Би зураачийн мэргэжил эзэмшсэн учраас ийм алхам хийж чадсан гэж боддог. Одоо маш олон уран бүтээлчид өнгөт баримал бүтээдэг болсон байна. Гэтэл өнгөрсөн зууны 70, 80-аад онд намайг баримлын ажилд анх хөл тавьж байхад өнгөт металлыг хүмүүс хүлээж авахад бэлэн биш байсан."

Маш олон уран бүтээлчид санаа бодлоо илэрхийлэхийг хичээдгийн адилаар David Gerstein анх уран бүтээл хийж эхлэхдээ зураг, баримлын аль алинд нь харьцангуй гунигтай өнгө будаг сонгон хэрэглэж, бодит ахуй дахь бүдэг, харанхуй талыг тусгахыг зорьж байжээ. Харин хожим нь тод, хурц өнгийг илүү ашиглах болсноор улам олон хүн түүний бүтээлд дурлан, дэмждэг болжээ.

"Би өвөрмөц бөгөөд хүмүүст илүү их баяр баясгалан төрүүлэх зүйл бүтээхийг зорьдог. Хэрэв та өглөө сэрээд энэ бүтээлийг харвал, уйтгар гуниг биш, харин баяр баясгалантай баймаар санагдана. Учир нь өглөө нүдээ нээмэгц, уран бүтээл харвал орой унтахыг хүртэл урлаг таныг хэзээ ямагт дагасаар байна. Би урлагаар дамжуулж хүмүүсийн амьдралд баяр хөөр нэмэх юмсан гэж боддог. Би өнгө ашиглах дуртай. Өнгө надад баяр хөөрийг мэдрүүлдэг. Мөн үзэгчдэд ч баяр баясгалан төрүүлдэг. Миний ажлын газар, эсвэл үзэсгэлэнтэй танилцаад, таны өнгө надад баяр хөөр авчирсан, бидэнд баяр баясгаланг мэдрүүлсэн хэмээн олон хүн надад хэлж байлаа."

David Gerstein-ийн уран баримлын бүтээлүүд ахуй амьдралд тун ойрхон. Жишээлбэл, дугуй унасан хүн, нисэж яваа эрвээхий, жаргалтай үнээ зэрэг бүтээлд, сайн сайхан зүйл зохион бүтээхийн гол сэдвээ болгожээ. David Gerstein Иерусалимд төрж, хожим нь Тель Авив хотод өсчээ. Түүний урлагийн авьяас бага насных нь дурсамжаас улбаатай хэмээн тэр хуучилсан юм.

"Миний уран бүтээл бүгд миний дурсамжаас үүдэлтэй. Хүн бүр, хүүхэд бүр, уран бүтээлч бүр, хүүхэд насаа маш тод санадаг тухайгаа ярьдаг. Хүмүүс өөрийгөө илэрхийлэх үед бага насных нь дурсамж аяндаа гарч ирдэг. Би анх урлаг уран бүтээлд хөл тавьж эхлэхэд миний хүүхэд насны бүх дурсамж оргилон гарч ирсэн. Ээж маань дугуй унаад явдаг байсныг санасан. Ээж аав хоёр маань сөнөсөн тэнгист очиж сэлдэг байлаа. Би санасан дурсамж бүхнээ зурдаг болсон. Учир нь ой тогтоолт хүмүүсийн тархинд маш хүчтэй нөлөөлдөг гэж би боддог. Иймээс боловсролыг хүүхэд наснаас нь чухалчилдаг юм. Учир нь хүүхэд насанд аливаа зүйлийг ажиглаж, танин мэддэг. Жишээлбэл, миний эмээ өвөө хоёр сүүний чиглэлийн үнээний фирмтэй байсныг би санадаг. Хожим нь би үнээний сэдэвтэй маш олон бүтээл хийсэн. Анх би юуны учраас үнээний тухай бүтээл хийснээ мэддэггүй байсан. Гэвч хожим нь энэ бол бага балчир үеийн ой тогтоолт гэдгийг ухаарсан юм. Тэр үед ээж маань үргэлж үнээ сааж, сүү зардаг байлаа. Өсөж том болсны дараа эдгээр бүх дурсамж оюун бодолд буцаад гарч ирдэг юм байна."

David Gerstein ордон, музей, үзэсгэлэнд тавихад зориулсан уран баримал бүтээхээс илүүтэй гадаа талбайд тавих бүтээл хийх илүү дуртай гэнэ. Учир нь гадаах баримлыг олон хүн үзэх давуу талтай бөгөөд баримал нь хотын бүрэлдэхүүн хэсэг болдог юм. David Gerstein хоёр жил гаруйн хугацаа зарцуулж Сингапурын хотын төв дэх "Momentum" хэмээх 18 метр өндөр, том хэлбэрийн металл баримлыг зохион бүтээжээ. Тэр бүтээлд, гараар зурсан өнгө өнгийн 175 хүүхэлдэйг дээш цойлсон спираль маягийн хэлбэртэй байрлуулж, төвийн бизнес худалдааны бүсэд ажилладаг хүмүүсийн цаг завгүй байдал, өдөр бүрийн түргэн хэмнэлийг даган гүйж, тасралтгүй эрч хүч авч, дээш мацан тэмүүлж буйг бэлгэджээ. Энэ бүтээлийг олон нийт сайшаан дэмжсээр ирсэн юм.

Хятадын Гуанжөү зэрэг хотод David Gerstein-ий зарим бүтээл бий. Хожим хэзээ нэг өдөр Хятадын аль нэг хотын талбайд уран баримал хийж, үзэл бодлоо олон түмэнтэй хуваалцахыг хүсэж байна гэж тэр ярьсан юм.

"Хэрэв та ямар нэг зураг зурлаа гэж бодоход, маш цөөн тооны хүн олж харах бололцоотой. Хэрэв түүнийг үзэсгэлэнд тавибал илүү олон хүн үзэж танилцах болно. Гэхдээ үзэх хүний тоо мөн л хязгаартай. Харин гадаа талбайд бүтээл хийвэл тэр бүтээл олон нийтэд хандах болно. Үй олон хүний өмнө ил харагдах бөгөөд ойролцоох барилга цогцолбор, байгаль орчинтойгоо харилцах юм. Мөн гадаа талбайн баримал хэмжээгээр өндөр том байдаг тул зураг зурах хэлбэрээр бүхнийг гүйцэтгэх хэцүү. Миний бүтээсэн хамгийн том хэлбэрийн гадаа талбайн уран баримал бол Сингапур дахь Momentum юм. Бүтээлийг хийснээс хойш олон хүн надад сэтгэгдлээ ирүүлсэн. Энэ баримал Сингапурын нэг хэсэг болсон гэлцдэг юм билээ. Би олон нийттэй үзэл бодлоо хуваалцаж болно. Үүнтэй адилаар хожим Хятадад бүтээлээ тавихыг хүсэж байна."

Хятадын орчин үеийн урлагийн тухай ярилцахад David Gerstein: Хятад улс бол хэдэн мянган жилийн уран зургийн түүхэн уламжлалтай, уран бүтээлчдийн суурь зузаан, зураачдын чадвар маш өндөр гэлээ. Хятад хэлний дуудлага хүндрэлтэйгээс шалтгаалж тэр өөрийнх нь нэрийг Хятадаар яаж дуудахыг сайн тогтоож чадаагүй юм. Гэхдээ тэр, дорно өрнийн соёлын солилцоо улам нэмэгдэхийн хэрээр Хятадын уран бүтээлчид хожим чамлахааргүй өндөр амжилтад хүрэх нь зайлшгүй хэмээн ярьсан юм. Хятад улсад эцэг эхчүүд хүүхдийнхээ урлагийн авьяас чадварыг хөгжүүлэхийг чухалчилдгийг сонсоод тэр их баярлаж, эцэг эхчүүд хүүхдээ дагуулан музей, галерейгаар явж, харааг нь нээн, мэдрэхүйг нь нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн юм.

\Уртнасан\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе