|
|
||
16 жил хүлээлгэж, Хятадын Үвэнь, Шин-Я нэрт хулсны хоёр баавгай 4-р сарын 12-нд Нидерландын Рхенен хотын "Ouwehands" амьтны хүрээлэнд амьдрах болжээ. Энэ 2 баавгайг хүлээж авахын тулд, амьтны хүрээлэн тэдэнд зориулж дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй байр байгуулсан бөгөөд Рхенен хотын газар бүр хулсны баавгайг сурталчилсан самбар байрлуулсан байна.
Энэ үйл явдал 2000 оноос эхлэлтэй юм. Тэр үед "Ouwehands" амьтны хүрээлэнг Нидерландын Marcel Boekhoorn хэмээх баян эр худалдан авсан аж. Тэрээр хулсны баавгайд хайртай учир, хулсны баавгай олохын тулд Хятад улстай олон удаа харилцаж, Хятад улсаас хулсны баавгайг түрээсээр авах төлөвлөгөөг нь дэмжихийг Нидерландын Засгийн газраас хүссэн аж. Гэхдээ мэдээжээр, Хятад улс болон харь гүрний "найрамдлын элч" хэмээгдсэн хулсны баавгайг бусад оронд тийм ч амархан илгээчихдэг юм биш. Өөрөөр хэлбэл, хоёр орны харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжсөн тохиолдолд хулсны баавгайг харийн улсад элч болгон томилдог гэнэ. Иймээс хэдэн удаагийн Засгийн газар, 3 үеийн ерөнхий сайдын үүрэгт ажлын хугацааны дараа л ийм боломж гарсан байна.
2015 оны 10-р сард, Нидерландын ван Уиллиам Алаксандр Хятад улсад айлчлах үеэр, Хятад, Нидерланд хоёр орны төрийн тэргүүн нар байлцсан нөхцөлд, Хятадын араатан амьтныг хамгаалах нийгэмлэг болон Нидерландын "Ouwehands" амьтны хүрээлэнгийн хооронд "Хулсны баавгайн хамгаалалт, судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа хийх тухай гэрээ байгуулж, Хятадын талаас Нидерландад нэг хос хулсны баавгай өгч, "Ouwehands" амьтны хүрээлэнд хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн байна.
Үүний дараа "Ouwehands" амьтны хүрээлэн хулсны баавгайн байр байгуулах ажлаа эхлүүлжээ. 1 жил хүрэхгүй хугацаанд, зураг төсөл хийхээс барилгын ажлыг эхлүүлэх бүх ажлыг дуусгаснаар, Хятадын орд харшийн хэлбэртэй хулсны баавгайн байр амьтны хүрээлэнд байгуулсан байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэсэн Хятадын Жэньжяны эдийн засаг, технологийн олон улсын хамтын ажиллагааны хязгаарлагдмал компанийн инженер Сүн Гүөшян танилцуулахдаа, Хулсны баавгайн байрыг Бээжингийн Хааны өвлийн ордны загварыг дууриалган барьсан бөгөөд Хааны өвлийн ордны паалантай ваарын үйлдвэрийн үйлдвэрлэсэн паалантай ваарыг ашиглан, угсармал хийцийн хэлбэрээр модон байшин байгуулжээ. Хайрга, цемент зэргийг орон нутгаас авсныг эс тооцвол, шалны хавтан, ханын чулуун хавтан, хөх тоосго зэрэг материалыг бүгдийг Хятад улсаас авсан гэнэ. Барилгыг хүлээн авсан Хятадын хяналтын инженерүүд энэ барилгыг дэлхийн хэмжээнд "хулсны баавгайн хамгийн гоё байр" хэмээн үнэлсэн нь интернет сүлжээгээр олны анхаарлыг их татсан байна.
Сүүлийн үед, "Ouwehands" амьтны хүрээлэн хулсны баавгайн байрны сонин сайхныг сонирхуулахын тулд, Хятадын сэтгүүлчдийг урьж танилцуулжээ. Хулсны баавгайн энэ байрны гол цогцолбор нь харилцан холболдсон хоёр хэсгээс бүрдсэн 3 давхар барилга бөгөөд түүний нийт талбай 9000 гаруй ам метрт хүрч, улаан хана, шар ваараар баригдсан Хятадын барилгын онцлог нь содон харагдаж байлаа. Газар доорх нэг давхар нь Үвэнь, Шин-Я хоёрт зориулагдсан өөр өөрийнх нь байр бөгөөд ирээдүйд "Үвэнь" хээлтэж, бамбарууштай болж магадгүй тул, түүнд арай том өрөө гаргаж өгсөн байна. Үүнээс гадна, хулс нөөцлөх агуулах, эмнэлэг, бамбаруушийн байр зэргийг барьж байгуулжээ. Хулсны баавгай гадуур зугаалах үед, байрнаасаа 2000 ам метрийн талбайтай газраар явж болно. Тэнд горхи, модон шат, чулуун агуй зэрэг барилга байгууламж байгаа юм.
Хулсны баавгайн орон байрны зураг төсөл хийхдээ жуулчдын эрэлт хэрэгцээг сайн бодолцжээ. Жуулчид үзэхэд амар болгохын тулд, хулсны баавгайн байрны орчны гадаад ханан дээр олон том шилэн цонх гаргажээ. Жуулчид хашааны гаднаас, бас гол цогцолборын 2-р давхрын гадуурх хонгилоос шилэн цонхоор "Үвэнь", "Шин-Я" нарыг харж болдог байна. 2, 3-р давхрын дотор жуулчдад зориулсан хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүр байгаа болохоор, жуулчид хятад хоол идэж, хулсны баавгайтай холбоотой бэлэг дурсгалын зүйл худалдан авч болно.
Байрнаас гадна, харь нутагт оршин амьдрах болсон хулсны баавгайн хувьд, хоолны асуудал хамгийн чухал. Нидерландад хулсны баавгайн идэх дуртай хулс их ургадаг бөгөөд тэндхийн Брабант мужийн Астенд нэг компани тусгайлан хулс тарьдаг аж. Тэр компанийн тарьж ургуулсан хулс Бельги, Австри зэрэг оронд "цагаачлан амьдарч буй" хулсны баавгайнуудын хүнс болдог байна.
Гэвч Үвэнь, Шин-Я хоёр чухам ямар төрлийн хулс идэх дуртай гэдэг нь оньсого гэмээр асуудал гэнэ. Энэ асуудлыг шийдэхийн төлөө, "Ouwehands" амьтны хүрээлэн хулсны арилжаа явуулдаг компаниас 20 гаруй төрлийн хулсыг авчран энэ хоёр хулсны баавгайд туршин амсуулжээ.
Нутаг дэвсгэрийн талбайгаас нь үзвэл, Нидерланд зөвхөн Бээжин хотын талбайгаас 2.5 дахин том боловч, тэнд их бага 25 амьтны хүрээлэн 25 байдаг юм байна. "Ouwehands" амьтны хүрээлэнг 1932 оноос эхэлж байгуулсан бөгөөд 11 га талбайтай энэ газар 380 гаруй ховор амьтан амьдардаг. Талбайн хувьд "Ouwehands" амьтны хүрээлэн Нидерландын амьтны хүрээлэнгүүдээс гуравт ордог, тэнд жил бүр давхардсан тоогоор бараг 1 сая жуулчин очдог байна. Хулсны баавгай тэнд амьдрах болсон нь амьтны хүрээлэнг нь Нидерландын хамгийн сонирхолтой жуулчны газар болгон хөгжүүлэхийг "Ouwehands" амьтны хүрээлэнгийнхэн хүсэж байгаа юм.
"Ouwehands" амьтны хүрээлэнгийн байрлаж буй Нидерландын төв нутгийн Рхенен сууринд хүмүүс хулсны баавгайг маш их сонирхож байна. Гудамжинд ногоон өнгийн хулсны баавгайн хөшөө босгосон нь тус нутгийнхан эх байгальд хайртайгийн илэрхийлэл гэнэ. Гол гол гудамжны хоёр талаар хулсны баавгайн чимэгт далбаа хийсгэж, супер-маркет, төрөлжсөн дэргүүрүүдэд хулсны баавгайн чихмэл тоглоом зарж байдаг. Дэлгүүр хоршоонууд олноор тавьсан хулсны баавгайн дүрстэй мөхөөлдсийг хүмүүс сонирхон, худалдан авч байлаа. Бялууны дэлгүүрүүд хулсны баавгайн дүрстэй, хулсны сүеэтэй шөл худалдаж байв.
Сурвалжлагчтай хамт 2 цаг зугаалсан Рхенен хотын дарга Ханс Ван Де Паш: "Хулсны баавгай Нидерландад ирсэн нь нэгэн том үйл явдал юм. Одоо олон дэлгүүр хулсны баавгайтай холбоотой наймаа худалдаа хийж байна. Рхененд улам олон жуулчин ирж, хулсны баавгайг үзэх төдийгүй, Рхенентэй танилцахыг би хүсэж байна гэлээ. Рхенен хотын даргын хүсэл биелэх болтугай.
/D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |