|
|
||
Нобелийн шагналт, Хятадын алдарт зохиолч Мө-Янь Хонконгод "Мө-Яний шар хөрст нутгийн мөрөөдлийн ертөнц, Хятадын уран зохиолын боломж" сэдвээр илтгэл тавьжээ. Тэрээр уран зохиол сонирхож оролдсон замнал, уран зохиолын хөгжлийн журам, амьдралын утга учрын тухай сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ тухай ХОУР-гаас Хонконгод суугаа сэтгүүлч Лю Жиминий ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Мө-Янь илтгэл тавихынхаа өмнө өөрийгөө танилцуулахад хүмүүс түүний уран яриа, цэцэн ухааныг биширч, "Мө-Янь" хэмээх нэрээ хөгжилтэй, гүнзгий утгаар тайлбарлахад алга нижигнүүлэн хүлээж авсан юм.
Мө-Янь: "Намайг Мө-Янь гэдэг. Уг нь би юм ярих ёсгүй л дээ. Гэхдээ заримдаа ярихаас өөр аргагүй болох үе бий. Үүнийгээ амьдралынхаа гунигт явдал гэж боддог. Миний нэрийн ханзыг бүтцээр нь салгаж, Хятадын эртний бичлэгийн журмаар уншвал "Дуугүй байх" гэсэн утгатай. Зохиолч хүний нууц нэр уран бүтээлтэй нь холбоотой байдаг. Нууц нэрээр бичихийн цаана сэтгэл зүйн гүн шалтгаан байдаг байх. Нобелийн шагнал хүртсэний дараа хүмүүс миний нууц нэрийн тухай янз бүрээр тайлбарлаж, хошигнож байлаа. Анх би энэ нэрийг өгөхдөө "Бага ярьж, их бичье, би их юм хийх ёстой" хэмээн өөртөө шаардлага тавина гэж бодсон юм. Ер нь бага ярьж, их ажиллах нь Хятад хүний эрхэм нандин ёс зүй гэж боддог." гэжээ.
Шинэ техник, технологи хурдтай хөгжиж буй өнөө үед ч уран зохиол устахгүй гэж би боддог хэмээн Мө-Янь илтгэлдээ онцолж байлаа. Уншигчийн сонирхол, зохиолчийн онгод заримдаа нэг цэгт огтолцож, урагшилдаг боловч уран зохиолын хөгжлийн зам долгион мэт өгсөж урууддаг хэмээн тэр хэлсэн юм: "Уран зохиолын тухай би өөдрөг бодолтой явдаг. Орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологи хурдтай хөгжих тусам уран зохиол устахгүй гэж би боддог. Өгүүллэг эмгэнэлтэй байдалд орлоо гэдэгтэй би санал нэгдэхгүй. Роман тууж үхчихлээ гэсэн дэл сул яриа өнгөрсөн зууны наяад оны үеэр Хятадад дэлгэрч байлаа. Гэвч уран зохиол үхэх нь бүү хэл харин байн байн гэрэл цацруулж, өөдлөн мандсаар ирсэн. Заримдаа уншигчийн урам хугардаг мэт боловч ямар нэг учир шалтгаанаар дахин сэргэдэг юм. Унших, бүтээх сонирхол заримдаа мөр зэрэгцэн оршдог. Тэгэхээр уран зохиолын хөгжил бусад бүх юмны хөгжилтэй адил, тэгш зураас биш, дээшээ ургадаг ч эд биш. Харин долгиолон мэт, өгсөж урууддаг юм."
Уран бүтээл туурвих тухайгаа Мө-Янь хэлэхдээ: Уран бүтээлийг би бага нас, өлгий нутаг, амьдралаасаа санаа авч, Хятадын уламжлалт соёл, сонгодог бүтээл, ардын аман зохиолын өвд тулгуурлан бичдэг. Миний бүтээлд өрнө дахины уран зохиолын үзэл санаа, Латин Америкийн урлах хэв загварын нөлөө туссан байх. Зохиолчийн бүтээл өөрөөсөө үүсэх ёстой. Амьдралаас хуримтлуулсан бүхэн уран бүтээлийн баялаг сан болж, хамгийн сайн мэддэг хүн, үйл явдлаа бичихээс эхлэн, аажмаар хүрээгээ тэлж, тасралтгүй суралцан, урнаар сэтгэж, боловсруулбал сайн бүтээл төрдөг хэмээн тэр ярьж байлаа. Илтгэлийнхээ төгсгөлд Мө-Янь уран зохиолын ач холбогдлын тухай санаа бодлоо хуваалжээ: "Ерөнхийдөө уран зохиол бол бодит хэрэглээний бус зүйл гэж би боддог. Хүн төрөлхтөнд өгдөг хамгийн чухал зүйл нь гоо сайхны таашаал юм. Оюун ухааныг соён гэгээрүүлж, сэтгэл санааг эрүүлжүүлдэг. Мөн хүн өөрийгөө болон бусдыг танин мэдэх нэг хэлбэр юм. Хүн уран зохиолгүйгээр амьдарч болно. Гэвч уран зохиолтой нөхөрлөсөн амьдрал улам баялаг байдаг. Уран зохиолын тухай би ийм л бодолтой явдаг."
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |