|
|
||
Саяхан Женев хотноо НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан "Цахим бизнесийн 3 дахь өдөрлөг" нээгдэж, 25-нд хийсэн дээд хэмжээний симпозиум олны анхаарлыг татсан юм. Симпокиумд өөр өөр салбарын 5 төлөөлөгч цахим бизнесийн тухай тус тусын санал бодлоо хуваалцжээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Лю Сү-Юний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Энэ удаагийн симпозиум Женев дэх үндэстнүүдийн ордонд болж, НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурлын нарийн бичгийн дарга Мукиса Китуи, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберто Азеведо, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нарийн бичгийн дарга Жао Хөүлинь, Олон улсын хэрэглэгчдийн холбооны ерөнхий захирал Аманда Лонг, "Алибаба" группийг үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга Жек Ма зэрэг зочид төлөөлөгчид цахим бизнесийн талаар тус тусын санал бодлоо танилцуулжээ.
Симпозиумыг НҮБ-ын Худалдаа хөгжлийн чуулганы нарийн бичгийн дарга Мукиса Китуи нээж үг хэлсэн юм. Олон улсын худалдаа, эдийн засаг, хөгжлийн асуудлыг зохицуулах тусгай ажил хариуцсан байгууллага болохын хувьд, Худалдаа хөгжлийн бага хурал энэ оны цахим бизнесийн долоо хоногийн арга хэмжээг "Цахим бизнесийг далайцтай хөгжүүлье" уриан дор зохион байгуулж, шинэ техник, худалдааны шинэ хэв загвараар иргэн бүрт ашиг хүртээхийг зорьсон байна.
"Бид цахим бизнесээр дамжин хэрхэн улам олон боломж нээж, далайцтай хөгжлийн үндсийг тавих вэ? Одоогийн ээдрээтэй нөхцөлд хэрхэн хөгжих вэ?"
"Одоо хамгийн чухал нь олон улсын байгууллага, засгийн газар, аж ахуйн нэгж, иргэний байгууллага хооронд шинэ түншийн харилцаа тогтоож, далайцтай хөгжилд ашигтай орчин бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд үүнд нэг ч хүнийг орхигдуулж болохгүй" хэмээн Мукиса Китуи онцоллоо.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нарийн бичгийн дарга Жао Хөүлинь цахим бизнес дэх тус байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар хэлсэн үгэндээ: "Хэрэв интернет үгүй бол цахим бизнес үгүй" гэжээ. Олон улсын цахилгааны холбооны байгууллага дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажил эрхэлсэн гол байгууллагын хувьд, цахилгаан холбоо, мэдээ мэдээллийн сүлжээний хөгжлийг удирдах замаар улс орнууд дэлхийн мэдээлэл холбооны эдийн засагт оролцон, түүнээс ашиг хүртээдэг. Жао Хөүлинь тус байгууллагын удирдагчийн хувьд дэд бүтцийн чухлыг онцолсон байна.
Жао Хөүлинь: "Бид ажлаа эрчимжүүлж, өнөөг хүртэл интернет ашиглаагүй хүмүүсийг интернетэд холбох хэрэгтэй. Одоо дэлхийн хүн амын тал нь интернет ашиглах боломжгүй байна. Мөн интернетийн өнөөгийн нөхцөлийг өөрчилж, сайжруулах шаардлагатай. Одоо ашиглаж буй дэд бүтэц бүгдээрээ алс хэтийн бус, ердөө нүдний өмнөх эрэлт хэрэгцээг зохицуулахад хэрэгтэй. Тиймээс дэд бүтцийг сайжруулах нь маш чухал болоод байна. Шилэн, суурин, хөдөлгөөнт, сансрын өргөн зурвасын сүлжээний дэд бүтцэд хөрөнгө оруулахыг бид дэмжинэ. Учир нь энэ бол интернет ашиглах боломжгүй байгаа тэдгээр хүмүүст боломж олгох юм." гэжээ.
Дэлхийн худалдааны байгууллага бол олон улсын худалдааны дүрэм журмыг боловсруулан тогтоогч юм. Сүүлийн жилүүдэд цахим бизнес үсрэнгүй хөгжсөнөөр тус салбарын дүрэм тогтоол, хяналт удирдлага хоцрогдсон байна. Энэ тухай ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азеведо: Цахим бизнесийн салбарт тавих хяналт удирдлагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хянаж хязгаарлахдаа биш, харин түүний үйл ажиллагааг журамжуулж, нэгдсэн стандартын дагуу хөгжүүлэх явдал юм гэжээ.
Олон улсын хэрэглэгчдийн холбооны ерөнхий захирал, хатагтай Аманда Лонг, цахим бизнесийн салбарт итгэлцэл, аюулгүй байдлыг баталгаажуулахыг чухалчилж худалдагч, хэрэглэгчийн хооронд итгэлцэл бий болгохын зэрэгцээ, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.
"Алибаба" группийг үүсгэн байгуулагч Жек Ма энэ удаагийн симпозиумд оролцсон бизнесийн салбарын цорын ганц төлөөлөгч байлаа. Мэдээжүүлэлтийн эрин үед бизнес эрхлэгчид инновац хичнээн чухал гэдгийг түүний бизснесийн үйл явц, Хятадын цахим бизнесийн хөгжлийн замнал харуулж байна. Жек Магийн итгэл зориг, мэдрэмжээр "Алибаба" групп гайхамшгийг бүтээсэн юм. Жек Ма, цахим бизнесийн хамгийн чухал онцлог нь залуус болон жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх явдал юм хэмээн үзэж байна.
Жек Ма: "Цахим бизнесийг хөгжиж буй улс орнууд, том компаниудтай өрсөлдөх аргагүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зориулж бүтээсэн юм. Хятадад цахим бизнес яагаад Америкаас түргэн хөгжсөн бэ гэвэл өнгөрсөн арваад жил Хятадын бизнесийн дэд бүтэц хоцрогдсон, харин Америкийнх боловсронгуй байсантай холбоотой. Америкийн хамгийн алслагдсан жижиг сууринд ч гэсэн супермаркет, дэлгүүр ажилладаг. Тиймээс цахим бизнес Америкт биш, харин Хятадад давуу талтай байсан юм." гэжээ.
Илтгэлийнхээ төгсгөлд Жек Ма аж ахуйн нэгжийг амжилтад хүргэх тухай чухал зөвлөгөө өгчээ. Тэрээр: "Компанийн удирдах түвшинд илүү олон эмэгтэйчүүдийг ажиллуулах хэрэгтэй. "Алибаба" группийн удирдах боловсон хүчний 33 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ бол хүч чадлаараа бус, харин мэдлэг, сэтгэлээрээ өрсөлдөх эрин үе юм. Эмэгтэйчүүд хүнийг сэтгэлээсээ халамжилж, юманд илүү хянуур ханддаг" гэжээ.
Илтгэлийн дараа улс орнуудаас хүрэлцэн ирсэн сайд нар, зочид төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцжээ. Пакистаны худалдааны сайд эмэгтэй хүн бөгөөд түүний үзэж байгаагаар, цахим бизнес улам олон эмэгтэйчүүдэд боломж олгож байгаа юм байна. Харин Бутаны эдийн засгийн сайд, Цахим бизнесийг дагаж бий болох хөгжлийн боломжид илүү анхаарал хандуулж байсан бол Хятадаас ДХБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Шянчэнь: Дүрэм журам боловсруулах замаар цахим бизнесийн хөгжилд улам их боломж нээнэ гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |