• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Синьхуа номын дэлгүүр 80 нас хүрлээ

CRI       (GMT+08:00) 2017-05-02 09:52:50

Хятадын төрийн өмчит хамгийн том номын дэлгүүр бол Синьхуа дэлгүүр юм. Энэ номын дэлгүүр 80 жилийн түүхтэй. 1937 оны 4-р сарын 24-нд Хятадын баруун хойд нутагт, тухайн үеийн Хятадын хувьсгалын суурин Янь-Анийн Чинлян уулын хормойд анхны Синьхуа номын дэлгүүрийг нээн ажиллуулж байжээ. Синьхуа номын дэлгүүр урт хугацааны турш Хятадын номын дэлгүүрүүд дотроо хамгийн чухал байр суурьтай байсаар ирсэн бөгөөд хэдэн үеийн хүмүүсийн номын тухай дурсамжийг тээн үлджээ. Өнөө цагт хүмүүс цахим дэлгүүрээс ном захиалах, эсвэл цахим ном унших нь улам бүр түгээмэл болж, ном дэлгүүрүүдийн оргил үе өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Гэвч Синьхуа номын дэлгүүрт янз бүрийн насны хүмүүс цуглан ном уншиж байлаа.

Синьхуа номын дэлгүүрийн 80 жилийн ойн өдөр, Бээжин хотын Ван Фү Жин дэх Синьхуа номын дэлгүүр урьдын хэвээр байлаа. Хүмүүс номын тавиур дундуур ном сонгон авах буюу уншина. Тэдний дунд ахмад настан, хүүхдүүд ч байна. 62 настай Би өвөө: "Миний чөлөөт цагаа өнгөрүүлдэг хамгийн сайхан газар бол Синьхуа номын дэлгүүр юм" хэмээн ярьж байлаа.

"Би номын сангийн уншлагын карттай. Гэвч номын санд шинэ ном байхгүй, бас хуучин номыг зээлж болдоггүй. Иймээс би Синьхуа номын дэлгүүрт ирдэг. Энд шинэ ном олон бий. Би одоо цэрэг дайны хамаатай номнууд уншиж байна. Энд би долоо хоногт бараг 3, 4 удаа ирнэ. Завтай үедээ байнга ирдэг."

Энд ном уншиж байгаа олон хүний нэг нь бага сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Сүнь Юйтин байлаа. Тэр ээжтэйгээ номын дэлгүүрээр хэсэж зурагтай ном авах дуртай гэнэ. Сүнь Юйтин нэг амьсгаагаар маш олон зурагтай номын нэрийг хэлсэн юм.

"Шидэт морь Баоли, Зы Юэ хоёр, Бяцхан Пони, Мууран цагдаа, Нэжагийн үлгэр гэх мэт. Энд ирж ном уншдаг, зарим номыг худалдан авч гэртээ хариад уншина."

1937 онд Янь-Ань хотноо анхны номын дэлгүүрээ нээснээс хойш Синьхуа Хятадын том жижиг хот, суурингуудад хурдтай түгэн дэлгэрсэн юм. Синьхуа номын дэлгүүрийг Хятад хүмүүсийн ном унших буюу номын тухай гэрэлт дурсамж тээсэн газар гэж хэлж болно. "Синьхуа толь" буюу ямар нэг роман, эсвэл номын дэлгүүрт тааралдсан хүн гээд олон хүний санаанд Синьхуа номын дэлгүүрийн тухай дурсамж үлдсэн байдаг. Бээжин хотын Дунчэн дүүрэгт амьдардаг Шие гуай бол тэдний нэг юм.

"Бага, дунд сургуульд байхдаа Синьхуа номын дэлгүүрээс толь бичиг мэтийн ном авдаг байсан. Заримдаа Синьхуа номын дэлгүүрт очиж "Машин муур" мэтийн шог зурагтай ном үзнэ. Зохиолч Жинь Юний бичсэн тулааны сэдэвтэй романыг уншдаг байлаа."

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн ном унших зуршил өөрчлөгдөж, интернетээр захиалж уншдаг болсноор Синьхуа болон бусад номын дэлгүүр бэрхшээлтэй тулгарч байна. Хэдийгээр Синьхуа номын дэлгүүр Хятад улсад 13 мянган салбар дэлгүүртэй, тоогоор хамгийн олон боловч оргил үетэй нь харьцуулбал ихэд цөөрсөн юм.

2016 онд хийсэн тоо бүртгэлд тэмдэглэснээр, Хятадын насанд хүрэгсдийн 70 шахам хувь нь цахим ном уншихыг илүүд үздэг болсон бөгөөд цаасан хэвлэлийн ном унших дуртай хүн уншигчдын 60 хувьд ч хүрэхгүй болжээ. Мөн бүр олон хүн интернетээр ном захиалж авдаг болсон тул ном дэлгүүрүүд хатуу сорилттой тулгарч байна.

Баярлууштай нь, номын дэлгүүрүүд шинэчлэл хийж байна. Синьхуа номын дэлгүүрт 10 жил ажилласан хэвлэлийн компанийн нэгэн ажилтан номын дэлгүүрийн хүндрэлтэй байдалд өөдрөг байр сууриар хандаж байгаагаа сурвалжлагчид хэлжээ. Тэрээр: Нэг талаар олон уншигчид номын дэлгүүрээс худалдан авч унших хуучин зуршлаа хадгалсаар байна. Нөгөө талаар олон номын дэлгүүр "интернет+" хэлбэрт шилжиж, номын дэлгүүрийн бизнес сэргэх чиг хандлагатай болж байна гэжээ.

"Миний бодлоор ойрын ирээдүйд номын дэлгүүр буцаад сэргэнэ. Гэхдээ интернет+номын дэлгүүр хэлбэрт шилжинэ. Хойшдын хөгжлийн гол чиг хандлага бол номын дэлгүүрүүд үйлчилгээ, ном унших орчин нөхцөл гаргахыг хариуцна. Жинхэнэ худалдаа, борлуулалт интернетээр явагдах ёстой. Иймээс интернет, номын дэлгүүр уялдаатай хэлбэр бий болгох ёстой."

Номын дэлгүүрийн үйлчилгээ, чадвар бага багаар өөрчлөгдөж байж болзошгүй. Гэтэл соёлыг түгээн дэлгэрүүлж, уламжлах үүрэг нь чухал хэвээр байна. Бээжингийн Ван Фү Жин дэх номын дэлгүүрт, Бээжинд аяллаар ирсэн Германы дизайнер, хатагтай Хелга Клаусс Хятад уран зургийн тухай номын тухай асууж сураглаж байлаа. Тэрээр, өөр өөр хотын номын дэлгүүрээр очих нь тухайн улс орон, бүс нутгийн соёлтой танилцах хамгийн чухал арга зам хэмээн ярьсан юм.

"Би Хятад уран зургийн тухай ном сурвалж хайж байна. Азаар, эндээс ийм олон ном олж авлаа. Эдгээр ном Хятад зургийн зурах аргыг танилцуулсан төдийгүй Хятадын урлагийн нэгэн үеийг төлөөлжээ. Тухайн нутгийн уран зургийн хамаатай ийм олон төрлийн номтой номын дэлгүүр Германд бараг байхгүй. Хятадын уран зургийн тухай ном сурвалж тооны хувьд асар олон төдийгүй маш олон уран бүтээлчдийг хамруулсан байна."

Синьхуа номын дэлгүүрийн 80 жилийн түүх бол Хятад хүмүүсийн ном унших дадал зуршилтай болсон, цаг үеээ даган өөрчлөгдсөн, хотын хөгжлийн ул мөрийг ч гэрчлэн харуулна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе