• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Берлингийн амьтны хүрээлэн 6 сард хулсны баавгайтай болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-03 18:36:50

2017 оны 4-р сарын 28-нд Хятадын зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Германы Берлин хотын амьтны хүрээлэн хамтран хулсны баавгайг хамгаалах судалгааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу Берлин хотын амьтны хүрээлэн 6-р сард Хятадын Чэндү хотын хулсны баавгайг үржүүлэх судалгааны төвийн хоёр хулсны баавгайг хүлээн авна. ХОУР-гоос Германд суугаа сурвалжлагч Шү Дө-гийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

28-нд Берлин хотын амьтны хүрээлэнгийн захирал Андреас Найрием, Хятадын зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Сы Пин нар тус гэрээг үзэглэсэн юм. БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайд Ши Миндэ тус арга хэмжээнд оролцон үг хэлэв. Тэрээр, Хятадын хулсны баавгай нь энх тайван, найрамдлыг бэлгэдэж байдаг болохоор дэлхийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж байдаг. Цаашид Хятад, Герман харилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хулсны баавгайн судалгааг гүнзгийрүүлэн, хулсны баавгайн эрүүл мэндэд анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гээд цааш нь хэлэхдээ, "Хулсны баавгай нь найрамдлын элч юм. Берлин хот хулсны баавгайтай болсон гэдэг нь Хятад Герман хоёр орны хоорондын нягт харилцааг харуулж байна. Хулсны баавгайг Германд авчрах үйл хэрэгт оролцсон Хятад, Германы хүчин чармайлтыг үнэлэх ёстой. Андреас Найрием захирал Бээжин болон Хулсны баавгайг үржүүлэх хоёр баазад олон удаа очиж ажиллаж байсан. Мөн Бээжин, Чэндү-гийн ажилтнуудад баярласнаа илэрхийлж байна. Хятад Герман хоёр талаараа хамтран ажиллаж байж энэхүү төслийг урагштай явуулж чадна. Мөн хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргаж байж хулсны баавгайг эрүүл саруул өсгөж чадна."

"Хоёр хулсны баавгай Берлин хотын иргэн болох гэж буйд их баяртай байна. Бид хоёр хулсны баавгайг хүлээн авахын тулд амьтны хүрээлэндээ тэдэнд тусгайлан тааламжтай орд барьсан. Ордны гадна хятад маягийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бас бус олон ажлууд хийгдэж байна" хэмээн Берлингийн амьтны хүрээлэнгийн захирал Андреас Найрием ярьж байлаа.

"Хулсны баавгай ер нь их дөлгөөн зөөлөн амьтан бөгөөд тэдний идэш тэжээл нь хулс юм. Тэднийг нутагтаа сайхан амьдруулахын тулд Хятад улсаас хулсны баавгайн хоёр мэргэжилтэн ирж хэдэн долоо хоног хамт байх болно. Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээ нь Берлин хотын амьтны хүрээлэнгийн хувьд чухал алхам байлаа. Гарын үсэг зурж байж бид хулсны баавгайг хилээр нэвтрүүлэх, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх ажил саадгүй эхлэх болно."

2007 оноос хойш Хятад улс хулсны баавгайг үнэ төлбөргүй хүргэхээ больсон. Берлингийн амьтны хүрээлэн хоёр хулсны баавгайг 15 жилийн хугацаатайгаар түрээслэх бөгөөд нэг жилийн түрээс нь 1 сая ам.доллар байх юм. Хятадын хулсны баавгайг хамгаалах сан түрээсний мөнгийг хулсны баавгайг хамгаалах, судалгааны ажилд зарцуулах юм байна. Хятадын зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Сы Пин хэлэхдээ, "Хятад улс одоо гадаадын 14 улс, 19 байгууллага нэгжтэй хулсны баавгайтай холбоотой асуудлаар хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Харин энэ удаад Берлингийн амьтны хүрээлэнтэй хамтран ажиллаж буйд баяртай байна. Берлингийн амьтны хүрээлэн нь дэлхийд алдартай бөгөөд тэд менежмент, холбогдох шинжлэх ухааны судалгаа, амьтан үржүүлэх, олон нийтэд боловсрол хүртээх зэрэг талаар дэлхийд тэргүүлдэг. Ялангуяа энд хулсны баавгай тэжээж байсан туршлагатай, өөрийн гэсэн мэргэжлийн багтай байдаг нь хоёр талын хамтын ажиллагаанд ихээхэн итгэл найдвар өгч байна."

Берлингийн амьтны хүрээлэнгээс өгсөн мэдээллээс 1980 онд Хятадын засгийн газар ХБНГУ-д "Баобао", "Тяньтянь" гэх хоёр хулсны баавгайг төрийн бэлэг болгон хүргэж байсан гэдгийг мэдэж болох юм. Хоёр хулсны баавгайн эм нь 1984 онд үхэж, "Баобао" гэх эр баавгай нь ганцаар үлдэж байжээ. 1995 онд Хятадаас "Яньянь" хэмээх эм баавгайг Берлингийн амьтны хүрээлэнд авчирсан ч 2007 он хүртэл амьтны хүрээлэнгээс олон удаа үржилд оруулах арга хэмжээ авсан ч үр төл гаргаагүй үхсэн байна. Дэлхийд хамгийн урт насалсан хулсны баавгай болох 34 настай "Баобао" 2012 онд үхсэн байна. Түүнээс хойш Берлингийн амьтны хүрээлэн, тэрчлэн Герман даяар хулсны баавгайн бараа харагдахгүй болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе