|
|
||
Энэ онд Японы Энх тайвны үндсэн хууль хэрэгжсэний 70 жилийн ой тохиож байна. "Үндсэн хууль хэрэгжсэн тэмдэглэлт өдөр" 5-р сарын 3-нд, үндсэн хуулийг хамгаалах, үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн Японы зүтгэлтнүүд хурал цуглаан, суртал ухуулга болж, тус тусын улс төрийн байр сууриа илэрхийлж байлаа. Ерөнхий сайд Шинзо Абэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Засгийн газрын төслөө анх удаа тодорхойлов. Энх тайвны үндсэн хуульд хэрхэн өөрчлөлт оруулах асуудал нь одоогоор Японы улс төрийн амьдралд чухал сэдэв болж байна. Энэ тухай ХОУР-гоос Японд суугаа сэтгүүлч Жү Майнжүний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
5-р сарын 3-нд, өнөөгийн хэрэгжүүлж буй үндсэн хуулийг дэмжигч 55 мянга орчим иргэд Токио хотод хуран цугларч, энх тайвныг эрхэмлэн, Энх тайвны үндсэн хуулийг хамгаалахыг Японы олон нийтэд хандан уриалсан байна. Японы КН-ын гишүүн Казуо Ший ингэж ярьсан юм:
"Японы үндсэн хууль хэрэгжээд 70 гаруй жил болж байна. Зарим хүн 70 гаруй жил үндсэн хуульд өөрчлөлт хийгээгүйг гайхаж байгаа. Гэвч миний бодлоор 70 гаруйхан жилд үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Энэ нь Японы үндсэн хуулийн агуу, шилдэг гэдгийг тодорхойлсон юм. Иймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус, харин үндсэн хуулийг басамжилдаг даварсан засаглалд өөрчлөлт хийх шаардлагатай."
Харин сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намын удирдагч Ляньфан ингэж ярьж байна.
"70 гаруй жил хамгаалсаар ирсэн манай Үндсэн хуулийг хямралд оруулах гэж байна. Ерөнхий сайд Шинзо Абэ үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн. Ерөнхий сайд санаачилж, ерөнхий сайдын төлөөлөл болсон засаглал үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг бид эрс эсэргүүцнэ. Үндсэн хууль бол ард түмний итгэл үнэмшил юм."
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал, энэ онд тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцон илтгэл тавьж буй хүмүүс Үндсэн хуулийн заалтуудад ихээхэн анхаарах болжээ. Энэ нь нэг талаар Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн оролдлогын эсрэг үндсэн хуулийг дэмжиж буй хүмүүсийн уур хилэн, бухимдлыг харуулж, нөгөө талаар Үндсэн хууль нь эдгээр хүчин зүйлд хамрагдаж мэдэх тэдний сэтгэлийн зовнилыг тусгажээ. Одон орон судлаач, физикч эрдэмтэн Сатору Айкучи хэлэхдээ: "Абэгийн засгийн эрхэн дэх цэрэглэлийн удирдамжийн дагуу, 2015 онд Батлан хамгаалах яам цэргийн судалгаа явуулах эрдэм шинжилгээний байгууллага байгуулсан юм. Батлан хамгаалах яамны төсөв 2015 онд 300 сая иен, 2016 онд 600 сая иен байсан бол энэ онд 11 тэрбум иенд хүрч, Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан технологийн яамнаас их дээд сургуулиудад өгсөн төсөв байнга хасагдсаар ирлээ. Өөрөөр хэлбэл их дээд сургуулиудын боловсролд зарцуулах мөнгийг цэргийн судалгаанд зарцуулсан байна. Үндсэн хуулийн 23-р заалт бол тус хуулийн хамгийн богино заалт бөгөөд эрдэм шинжилгээний эрх чөлөөг хамгаална гэж байгаа. Одоо энэ эрх чөлөөнд хамгийн ихээр халдаж байгаа нь засгийн газар болон армийнхан болохоор бид эсэргүүцэхгүй байхын аргагүй."
Харин Социал Демократ намын удирдагч Тадатомо Ёсида хэлэхдээ: Одоо хамгийн чухал ажил бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус харин үндсэн хуулийн нөлөөг нэмэгдүүлэх явдал юм. Аюулгүй байдлын шинэ хуулийн төсөл нь Үндсэн хуулийн 9-р заалтыг зөрчиж байна. Японд ядуу амьдралтай хүн ам улам олширч, ядуу баяны зөрөө улам холдож байна. Америкийн цэргийн бааз байгуулсан Окинава арал олон нийтийн хүслийг хөсөрдүүлж байна. Үндсэн хуулийн 25-р заалтад дурдсан амьд явах эрхэнд заналхийлж, 13-р заалтад дурдсан аз жаргалтай байх эрх, 14-р заалтад дурдсан хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх, 19-р заалтад дурдсан үзэл санаа, хүсэл эрх чөлөөтэй байх, 26-р заалт дахь боловсрол эзэмших эрх чөлөө, 27, 26-р заалтад дурдсан хөдөлмөрийн эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Тоолоод байвал маш олон болно. Бид Үндсэн хуулийн нөлөөг улам нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна."
Үүнтэй холбогдуулан Японы ерөнхий сайд Шинзо Абэ 3-нд Токио хотод болсон энх тайвны үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг уриалсан хотын иргэдийн цуглаанд телевизээр үг хэлэхдээ, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай байр сууриа илэрхийлжээ.
"Үндсэн хуулийн 9-р заалтын 1 дэх, 2 дахь хэсгийн агуулгыг хэвээр үлдээх бөгөөд өөрийгөө хамгаалах хүчний холбогдох агуулгыг нэмж оруулахыг хүсэж байна. Миний бодлоор энэ бол бүх нийтийн авч хэлэлцэх шаардлагатай зүйл. "Өөрийгөө хамгаалах хүчин үндсэн хуулийг зөрчсөн" хэмээх үзлийг эрхбиш үгүйсгэх хэрэгтэй. Шинэ үндсэн хууль 2020 оноос эхлэн хэрэгжиж, Япон улс дахин хүчирхэг болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна."
Тэтгэвэрт гарсан багш Мицуказу Асакава: Одоо хэрэгжүүлж буй Энх тайвны үндсэн хуулийг хадгалж, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай засгийн газрын байр суурийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрээр:
"Ерөнхий сайд Абэ Японы үндсэн хуулийг ойлгохгүй, дайн дажны талаар буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр бас Ясукуни сүмд мөргөл үйлддэг. Чухам ийм хүмүүс Японы сайд нарын танхимын олонхийг эзэлж байна. Японы бага хурал ийм улс төрийн байр суурьтай байхыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг би эсэргүүцэж байна."
Японы дотоодод Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уриа идэвхжиж байгаад хотын энгийн иргэн Наозо Юнемура сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээ. Тэрээр: "Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай байнга сурталчилснаар, олон нийт ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүг руу хэлбийж байна. Дайны өмнө Японы засгийн газар ч үүнтэй адилхан арга хэмжээ авч, эцсийн эцэст улс орноо дайны хөлд үрсэн. Японы өнөөгийн засгийн газар ч энэ түүхийг дахин давтах гэж байна" гэжээ
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |