• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тегераны олон улсын 30 дахь үзэсгэлэн худалдаа болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-07 15:29:08

5-р сарын 2-нд Тегераны олон улсын номын 30 дахь үзэсгэлэн худалдаа Тегеран хотын үзэсгэлэнгийн төвд нээгдсэн бөгөөд энэ сарын 13 хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа "Илүү их ном уншицгаая" уриан дор зохиогдож байна. Тус үзэсгэлэн худалдаанд оролцохын тулд Хятадын олон хэвлэлийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн төлөөлөгчдийн баг томилон оролцуулж, Ираны хэвлэлийн салбарынхантай хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Эх сурвалжаас үзвэл, номын үзэсгэлэн худалдаанд Ираны дотоодын 2600 гаруй, дэлхийн 110 орны 140 гаруй хэвлэлийн газар оролцсон байна. Номын үзэсгэлэнгийн хүндэт зочин орны хувьд Итали улс хамгийн том, өвөрмөц онцлог бүхий үзэсгэлэнгийн танхим байгуулжээ.

Италийн үзэсгэлэнгийн танхимд Итали хэлний сурах бичиг, хүүхдийн комик ном, Италийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийг тавьсан байлаа. Ираны Карманшах мужаас ирсэн хатагтай Фатемери "Би анх удаагаа Тегераны олон улсын номын үзэсгэлэнг үзэж байна. Ном худалдаж авах сайхан боломж гарлаа. Худалдан авах номын жагсаалтаа гаргаад ирсэн" хэмээн ярьж байлаа.

"Бид шалгалтандаа бэлдэхийн тулд нэлээд их ном авахаар энд ирсэн. Ер нь бол олон ном авах төлөвлөгөөтэй байгаа. Авах номынхоо нэрсийн жагсаалтыг хүртэл гаргасан. Мөн төлөвлөөгүй олон ном авч магадгүй. Энд номын сонголт үнэхээр их байна."

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал энэ жилийн номын үзэсгэлэн худалдаанд Европын орнууд олноороо оролцсон байна. Италиас гадна, Герман, Швед, Финлянд, Орос зэрэг орны хэвлэлийн газрууд оролцсон бөгөөд Финлянд улс хамгийн их номтой оролцож байгаа юм. Олон улсын номын үзэсгэлэн худалдааны танхимаар ормогц Финляндын номын үзэсгэлэнгийн танхим нүдэнд тусаж байлаа. Хаалган дээр нь Санта Клаусын хувцастай хүн хөтөч хийж, Финляндаас Иранд суугаа элчин сайд Харри Камарайнен үзэсгэлэн тавьсан номуудаа танилцуулж байлаа. Тэрээр: "Манай элчин сайдын яам анх удаа хэвлэлийн газартай хамтран Тегераны номын үзэсгэлэнд оролцож байна. Бид энэ арга хэмжээнд оролцон Ираны ард иргэдэд Финляндын уран зохиол, утга соёл, хоолны соёл, дуу хөгжмийг танилцуулж байгаадаа туйлын их баяртай байна. Иран цөмийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш Иран, Финлянд хоорондын төдийгүй Иран Европын орнууд хоорондын харилцаа нягтарч эхэлсэн юм. Ном сэтгүүл, уран зохиол бол хоёр талын харилцан ойлголцол, харилцан суралцахад үр ашигтай арга зам гэж би ойлгодог."

Хятадын номын үзэсгэлэнгийн танхимд тавигдсан ном зохиолууд Хятад түүх соёл сонирхогч олон түмний анхаарлыг татаж байлаа. Номын худалдаачны танилцуулнаар, энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хятадын уран зохиол, уламжлалт соёл, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, зурагтай ном зэргийг хамарсан 200 төрлийн ном зохиол хамрагдсан байна. Эдгээрийн хагас нь перс, англи хэлээр гаргасан ном юм байна.

Хятадын Жянши мужийн хэвлэлийн компани энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд "Шаазангийн ертөнц" хэмээх цуврал номоо танилцуулж, түүхэнд шаазан эдлэлийг гадаадад худалдаж байсан нь соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж, тэр үеийн торгоны замын өвөрмөц соёл болж ирсэн тухай дурджээ. Энэ тухай хэвлэлийн ажилтан Ли Гөүчян хэлэхдээ: Энэ нь үндэсний "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу хийгдэж буй хэвлэлийн төслүүдийн нэг юм гэжээ.

"Бид яагаад шаазан эдлэлийн тухай танилцуулж байна вэ гэвэл, юуны түрүүнд "Нэг бүс нэг зам" санаачилгатай уялдуулсан хэрэг юм. Торгоны зам дагуу орнуудад эртнээс шаазан эдлэл, цайны навч, торго дурдан худалдаг байсан. Одоо цай, торго, дурдан хуучных шигээ эрч хүчгүй болж, зөвхөн шаазан эдлэл үлдэж байна. Энэ удаа бидний Жянши нутгаас ирсэн гол зорилго маань шаазангийн соёлыг сурталчилж байгаа хэрэг юм. Эдгээр цуврал ном шаазан эдлэлтэй холбоотой баримтат кино, үзэсгэлэн, дуудлага худалдааг сурталчлахад ашигтай."

Үзэсгэлэн худалдаанд оролцон номоо танилцуулснаар үл барам хэвлэлийн төлөөлөгчид Ираны хэвлэлийн салбарынхантай хамтран ажиллах талаар ярилцжээ. "Хятадын нэвтэрхий толь" хэвлэлийн газрын дарга Лю Гөүхүй энэ талаар ярихдаа: "Хятадын худалдааны хэвлэлийн газар, Хонконгийн Joint хэвлэлийн газар, GTC технологийн компани зэрэг 4 байгууллагаас бүрдсэн Хятадын хэвлэлийн салбарын төлөөлөгчдийн багийг Хятадын хэвлэлийн группийн захирал Тань Юе ахалж яваа юм. Бид Ираны хэвлэлийн салбарынхантай уулзаж, Хятад, Иран хэлний сонгодог бүтээлүүдийг орчуулах асуудлаар стратегийн тохиролцоонд хүрсэн" хэмээн ярьж байлаа.

"Өнөөдрийн уулзалтаар Ираны соёлын зөвлөлтэй нийтлэг ойлголтод хүрсэн. Цаашид сонгодог бүтээлүүдийг орчуулах төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байна. Жишээ нь Иран сонгодог бүтээлийнхээ нэрсийг Хятадын талд гарган өгч, сонгогдсон бүтээлүүдийг Хятадад хэвлэж болох юм. Ираны засгийн газар эдгээр төслийн орчуулгад хөрөнгө оруулж болно. Хариуд нь бид Хятадын сонгодог бүтээлээ Иранд хэвлэж болно. Ингэж ажиллах нь хоёр талын соёлын солилцоо, урт хугацааны хамтын ажиллагаанд ашигтай юм. Энэ талаар бид нийтлэг ойлголтод хүрсэн гэж хэлж болно. Бид одоо номын жагсаалтаа гаргаж, ном сонгох саналаа харилцан солилцож, хоёр тал тохиролцсоны дараа Бээжинд болох олон улсын номын үзэсгэлэнгийн үеэр гэрээнд гарын үсэг зурах саналтай байна."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе