• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хатынь тосгоны хонхны дуу

CRI       (GMT+08:00) 2017-05-10 10:27:32

5-р сарын 9 бол Дэлхийн фашизмын эсрэг дайн, Зөвлөлтийн аугаа их эх орны дайны ялалтын түүхт 72 жилийн ойн өдөр байлаа. Беларусьт "Хатынь" хэмээх тосгон бий. Дайны үед тэр тосгон Германы фашистуудын довтолгоонд өртөж үнсэн товрог болсон юм. Хожмын хүмүүст хар дайны зовлон гамшгийг үүрд сануулахын тулд Зөвлөлтийн засгийн газар дайны дараа Хатынь тосгоны нурангин дээр фашистуудын хядлагаар амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж дурсгалын цогцолбор барьжээ. Тэр бол Беларусийн ард түмний сэтгэл зүрхэн дэх хамгийн ариун нандин дурсгал юм. Энэ тухай ХОУР-гоос Беларусьт суугаа сэтгүүлч Сүньжуаний Хатынь тосгоноос ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хатынь тосгоны туурин дахь дурсгалын цогцолборт нам гүмийг гэнэт цочоон, хонхон дуу ойн гүнд цуурайтлаа. Тэр хонхны дуу өнөөгийн болон хожмын хүмүүст дайны хор хөнөөлийг сануулах мэт. Дуугарах тоолонд нь хүмүүсийн зүрх сэтгэл шимширч байлаа. Хатынь бол Беларусийн нийслэл Минскээс 60 гаруй км зайтай ойн дунд байдаг жаахан тосгон юм. Дайны өмнө тосгоны ард иргэд амар тайван, аз жаргалтай амьдарч байсан гэдэг. 1943 оны 3-р сарын 22-нд тэр тосгоныг гай гамшиг дайрсан юм. Хатыний дурсгалын цогцолбор, музейн дарга Артур Зелиский тэр үед чухам юу болсныг ингэж ярьж байна.

"3-р сарын 22-нд, партизанчууд Хатынь тосгонд ирсэн юм. Тэд тосгоны ойролцоох авто зам дээр отож байгаад, нацистын Германы цэргийн цуваа руу галлан хэдэн цэргийг алж, заримыг нь шархдуулжээ. Германы анги үүний хариуг авахын тулд Хатынь руу хоёр салаа цэрэг илгээсэн юм. Тэд тосгоны ард иргэдийг бүгдийг нь өвсөн овоохойд хөөж оруулаад гал тавьж түймэрдсэн гэдэг. Зарим хүн дүрэлзэн шатсан овоохойгоос зугтан гарахад фашистууд тэдэн рүү өршөөлгүй галласан юм. Хатынь тосгоны 149 иргэн шатаж буюу буудуулж нас баржээ. Тэдний 75 нь хүүхэд, хамгийн бага нь хоёр сар ч хүрээгүй нярай байсан гэдэг."

1966 онд ЗХУ-ын засгийн газар хожмын хүмүүст дайны аюул занал, гаслан зовлонг үүрд сануулахын тулд Хатынь тосгонд дурсгалын хөшөөт цогцолбор байгуулах шийдвэр гаргажээ. Тухайн үеийн Зөвлөлийн КН-ын Беларусийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Петр Машелов санаачилга гаргаж, дурсгалын цогцолбор байгуулах төслийг удирдсан байна. Түүний ээж Хатынь тосгоны хядлагын үеэр амь үрэгдсэн хохирогчдын нэг байсан юм. Дурсгалын цогцолборын төвд нэгэн баримал босгосон бөгөөд түүнийг "Шантаршгүй хүн" гэж нэрлэдэг. Нас ахисан эцэг хүн амь үрэгдсэн хүүгээ хоёр гар дээрээ өргөж, нүдэнд нь уй гашуу, уур хилэн буцалж байгаагаар дүрсэлжээ. Тэр баримлыг Хатыний эмгэнэлт явдлын үеэр амьд гарсан ганц хүн, төмрийн дархан Жозеф Каминскийгээр сэдэвлэн бүтээсэн гэдэг. Артур Зелиский тэр баримлын тухай ингэж ярьсан юм.

"Дайны хөлд үр хүүхдээ алдсан Беларусийн олон олон эцэг эхчүүдийг төлөөлүүлж энэ хөшөөг босгосон юм. Энэ хөшөө бол хар дайн, фашизмыг харааж зүхсэн, занал хилэнгийн бэлгэдэл юм."

Тэр үед Хатынь тосгонд 26 өрх айл байжээ. Алан хядлагын үеэр бүх айлын байшинг түймэрдсэн байна. Дурсгалын цогцолбор байгуулах үед байшингийн хаалга нээлттэй байгааг төлөөлөн дөрвөлжин чулуун хавтан босгож, Беларусийн ард түмний зочломтгой зан чанарыг бэлгэдсэн байна. Харин яндангийн хэсэгт нь өндөр том хонх босгосон бөгөөд хэдэн секунд болоод хонх дуугарч, хүмүүст эмгэнэлт түүхийг үүрд мартахгүй байгаасай хэмээн сэрэмжлүүлдэг гэнэ.

Беларусьт фашистуудын газрын хөрснөөс арчиж хаясан тосгон ганц Хатыниар зогсохгүй. Тэд Беларусийн 186 тосгоныг галдан шатааж, оршин суугчдыг нь хүйс тэмтэрчээ. Хатынь дахь хүмүүсийг цочроомоор бас нэгэн дурсгал бол "тосгодын булш" юм. Тэнд 186 чулууг дэс дараалан босгосон нь газрын хөрснөөс арчигдсан Беларусийн 186 тосгоныг төлөөлдөг байна. Энэ тухай музейн захирал Артур Зелиский:

"Булшны чулуу бүрийн голд нэг нэг лонх шигтгэсэн. Түүн дотор түймэрт шатсан тосгон бүрээс авчирсан шороог хадгалдаг. Улаан өнгө бол гал, цусны бэлгэдэл, саарал нь шатсаны дараа үнс болж үлдсэний бэлгэдэл. Дайны үеэр Германы арми Беларусийн нутаг дэвсгэрт 140 гаруй удаагийн хомроглон устгах үйл ажиллагаа явуулж, 10 мянга гаруй хүнийг алж, 7000 хүнийг Германы хорих лагерьт албадан хорьсон юм. Тосгодыг төлөөлсөн чулуу нэг бүр эмгэнэлийн бэлэг тэмдэг мөн."

1967 оны бүртгэлээс үзвэл, Дэлхийн II дайнд Беларусийн дөрвөн хүн тутмын нэг буюу нийт 2.2 сая хүн амь үрэгдсэн юм. Аугаа эх орны дайны тухай оюутан Катя ингэж ярьж байна.

"Эрэлхэг баатруудын ачийг бид хэзээд санаж явна. Тэд бидний өнөөгийн аз жаргалтай амьралыг халуун амиараа сольж авчирсан юм. Энх тайван бидэнд амар олдоогүй. Амь хайргүй тэмцэж явсан баатруудаа бид хэзээ ч мартахгүй, сэтгэл зүрхэндээ үүрд нандигнан дээдэлж явна."

Хатыний дурсгалын цогцолборт мөнхийн зул асааж, дэргэд нь гурван улиас тарьжээ. Нэгэн дурсгалын хөшөөн дээр: "Нинжин сэтгэлт хүмүүс ээ, бид амь нас, эх орон, энхрий та бүгдэдээ хайртай байсан шүү. Фашистууд биднийг амьдаар минь шатаасан. Энх тайван, амар амгалангийн төлөө, хүн хүнээ дахин бүү галдан шатаасай хэмээн бид бүх хүнээс хичээнгүйлэн гуйя." хэмээн бичжээ. Харин нөгөө талд нь "Та нар бол бидний ойр дотны хүмүүс. Бид та нартаа хүндэтгэн толгой бөхийе. Гай зовлонтой үед та нар үхлээс айгаагүй, фашистын алан хядагчдын өмнө сөхрөөгүй. Та нар эх орондоо хайртай байсан. Хожмын хүмүүс та нарыг эх газар, алтан нар шигээ үүрд санан дурсах болно" хэмээн сийлжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе