• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын эдийн засгийн зурвасын эм эмнэлгийн үйлчилгээний төв Төв Азийнхны талархлыг хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 16:55:29
Хятадын баруун хойд нутагт оршдог Шиньжяны Уйгарын Өөртөө Засах орон Торгоны замын эдийн засгийн зурвасын төв хэсэгт байрладаг. Сүүлийн жилүүдэд Шиньжян Төв Азийн бүс нутагтай хөрш зэргэлдээ оршдог газар зүйн давуу тал, эм эмнэлгийн баялаг нөөцдөө түшиглэн, эргэн тойрны улс орны өвчтөнүүдэд эмчилгээний тусламж үзүүлж байна. Энэ нь олон улсын эм эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хөгжлийг ахиулж, Шиньжяныг Торгоны замын эдийн засгийн зурвасын гол бүс дэх эм эмнэлгийн үйлчилгээний төв болох чиглэлээр хөгжүүлж байна.

"Өглөө эрт үзүүлэх дугаар авсан хуудсууд энэ байна. Өдөрт дунджаар 100 өвчтөн хүлээж авдаг……"

Өглөө эрт, Шиньжяны Анагаах Ухааны Их Сургуулийн харьяат нэгдүгээр эмнэлгийн Алсын зайн оношлогоо эмчилгээний салбар төвд, нэгэн онцгой видео хурал товлосон цагтаа болж, Бээжин, Шанхай зэрэг том хотуудын алдартай эмнэлгүүдийн мэргэжилтнүүд алсын зайн системээр дамжуулан, Шиньжяны болон Төв Азийн улс орнуудын өвчтөнүүдийн төрөл бүрийн өвчнийг оношилжээ. Эмнэлгийн мэдээлэл бүртгэлийн төвийн алсын зайн анагаах ухааны удирдлагын албаны дарга Ли-Юн: "Алсын зайн эмчилгээний нэгдсэн сүлжээгээр эмнэлгийн нэгдмэл цогцын хооронд хамтран ажиллаж, хоёр чиглэлээр харилцан оношлогоо хийж, зэрэглэл хуваан эмчилж байна. 2013 оны 9-р сард Төв Азийн улс орнуудын өвчтнүүдэд зориулан алсын зайн оношлогоо эмчилгээний индэр ажиллуулснаас хойш өнөөг хүртэл, хил дамнасан алсын зайн нэгдсэн оношлогоог 200 гаруй удаа хийсэн" гэжээ.

"Нэг бүс нэг зам стратеги хэрэгжүүлж буй таатай боломж тохиож, хил дамнасан алсын зайн оношлогоо эмчилгээний индэр ажиллуулж байгаа болохоор, Шиньжяны эм эмнэлгийн нөөц хүчийг улам сайн ашиглаж, Төв Азийн улс орнуудтай улам өргөн хүрээнд хамтран ажиллаж, солилцоо хийх нөхцөл бүрдээд байна"

Сүүлийн жилүүдэд Шиньжяны Анагаах Ухааны Их Сургуулийн харьяат нэгдүгээр эмнэлгийнхэн хятад-европ эмчилгээг нэгтгэсэн оношлогооны хэлбэрээр олон орны өвчтөнүүдэд үйлчилж байгаа аж. Сүүлийн 5 жилд тэнд очиж оношлогоо хийлгэж, хэвтэж эмчлүүлсэн гадаадын өвчтөн давхардсан тоогоор хэдэн 10 мянгад хүрч, эм эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Казахстан, Киргиз, Тажикстаны 50 гаруй эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Шиньжяны Анагаах Ухааны Их Сургуулийн харьяат нэгдүгээр эмнэлгийн захирал Вэнь Хао: "Манай эмнэлэг олон жилийн өмнөөс амьтны туршилт, клиникийн туршилт зэргийг олон улсын стандартчиллын журмаар зохион байгуулан, олон улсын эмнэлгүүдтэй адил түвшинд ажиллаж байна" гэжээ.

"Юун учраас стандартчилал хийв гэвэл, олон улсын стандартын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, эмнэлгийн чанар чансаа нотлогдсоны дараа, гадаадын өвчтөнүүд эмчилгээ хийлгэхдээ олон улсын эмчилгээний даатгал, бизнесийн эмчилгээний даатгалд хамрагдах боломж бүрддэг. Олон улсын стандарт, олон улсын загвараар оношлогоо эмчилгээний зарим онцгой журам тогтолцоо бий болгох нь бид олон улсын хүрээнд эмчилгээ хийхэд ашигтай юм."

Шиньжян Торгоны замын эдийн засгийн зурвас дахь харилцааны чухал цогцолборын гол төв, бизнесийн ложистикийн төв, банк санхүүгийн үйлчилгээний төв, соёл, шинжлэх ухаан, технологийн төв, эм эмнэлгийн үйлчилгээний төв болон хөгжих зорилт тавин ажиллаж байна. Эдүгээ, Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны Ардын Эмнэлэг, Хорт хавдрын эмнэлэг зэрэг 5 эмнэлэг гадаадын өвчтөнүүдэд зориулан хэвтэж эмчлүүлэх 500 ор гаргаж, гадаад эмчилгээ, тусламжийн ажил хийж байна. Тэндхийн Хятад эмнэлэгт хэвтэж буй зүрхний судас тэлэгч тавих мэс засал хийлгэсэн Казахстаны иргэн Александр өндөр сэтгэгдэлтэй байлаа.

"Казахстаны эмч нар зөвхөн зүрхний титэм судасны хооронд залгаас хийх мэс засал хийж чадах боловч, зүрхний судас тэлэгч тавих мэс засал хийх боломжгүй гэсэн. Би Шиньжяны Хятад эмнэлгийн мэс заслын ур чадвар сайн гэж сонсоод энд ирж мэс засал хийлгэсэн юм. Одоо миний биеийн байдал маш сайн байна."

Туркменстаны иргэн Айзимбиек Шиньжянд 10 гаруй жил бизнес хийж байгаа бөгөөд орон нутгийн Уйгар эмнэлэгт байнга үзүүлж эм авч уудаг гэнэ. Тэр Уйгар эмч нартай Узбек хэлээр ярихад ямар ч асуудалгүй ойлголцдог юм байна. Айзимбиек:

"Уйгар эмнэлэгт би 20 гаруй удаа үзүүлсэн. Туркт хийлгэсэн шинжилгээг ч хийлгэсэн. Шинжилгээний дүн адилхан байна. Уйгар эмчийн эмчилгээ сэтгэлд тааламжтай, үнэ ханш нь ч зохимжтой санагддаг. "

Шиньжяны Уйгар эмнэлэгийн Олон улсын эмчилгээний газрын хариуцлагатан Мубарак Зайзула: "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны санаачилга хэрэгжиж, үндэстний эм бэлдмэлийг гадаадад гарган, эргэн тойрны олон улс орны өвчтөнийг сайтар эмчилж байна" гэжээ.

"Олон улсын эмчилгээний газрын ирээдүйн хөгжлийн хувьд бид Төв Азийн зарим улс оронд уйгар эмчтэй эмнэлэг нээж болно гэж бодож байна. Бид тэнд очиж тэд энд ирж, эсвэл интернетээр дамжуулан өвчин оношлох, эмчлэх хэлхээ холбоо тогтоож ч болно. 'Нэг бүс нэг зам'-ын хөгжлийн хүрээн дэх бидний хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөн уудам байх болно. "

2016 онд, Шиньжяны 5 эмнэлэг гадаадад зориулсан үйлчилгээ хийж, гадаадын өвчтөнд оношлогоо хийсэн хэмжээ давхардсан тоогоор 7 мянгад хүрчээ. Шиньжян "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудтай эм эмнэлэг, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа тасралтгүй түргэтгэж, улам олон улс орны ард иргэдэд үр өгөөж хүртээж байна. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе