• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Оюунлаг хот ба тогтвортой хөгжил" олон улсын семинар болов

CRI       (GMT+08:00) 2017-05-16 17:15:04

НҮБ-ын Статистикийн хэлтэс, Хятадын Газар зүйн мэдээлэл, зураглалын үндэсний товчооноос хамтран зохион байгуулсан НҮБ-ын "Оюунлаг хот ба тогтвортой хөгжил" олон улсын семинар 12-нд Хятадын Юньнань мужийн төв Күньмин хотод болж өндөрлөлөө. 3 хоног хуралдсан тус семинарт 30 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, оюунлаг, гамшгийн үед өгөгдөл мэдээллийг нөхөн сэргээх чадвартай, тогтвортой хөгжих ирээдүйн хотыг хэрхэн бүтээн байгуулах талаар мэргэжлийн үүднээс авч хэлэлцсэн байна. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Ли Пэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 2/3 нь хот суурин газар амьдрах ба үүнээс шалтгаалж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх нь хотын бүтээн байгуулалт, менежментийн арга хэлбэрийн өөрчлөлт шинэчлэлтэй салшгүй холбоотой болно гэж НҮБ төсөөлж байна. Иймээс 2016 оны 1-р сараас хэрэгжүүлж эхэлсэн НҮБ-ын "2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-т, уужуу, аюулгүй, эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой хөгжих хот, хороолол бүтээн байгуулах нь тогтвортой хөгжлийн 17 зорилтын 1 болжээ.

НҮБ-ын Статистикийн хэлтсийн ахлах зөвлөх Грег Скотт: "Тогтвортой хөгжье гэвэл, хотыг хөгжүүлэх нь хамгаас чухал" гэсэн байна.

"Өдгөө дэлхийн нийт хүн амын 50-иас дээш хувь хотод амьдарч байна. Хэрэв тогтвортой хөгжье гэвэл бид хот болон хотын оршин суугчдыг анхаарч, тогтвортой хөгжил тэдний хувьд ямар байх ёстойг бодолцох хэрэгтэй. Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хот бол хамгийн чухал асуудал юм. Энэ нь тус зорилт амжилтад хүрэх эсэхийг шийдвэрлэнэ. Тогтвортой хөгжил хэмээх энэ зорилт олон салбарыг хамарсан. Гэхдээ хотын үүрэг чадвар, үүнд ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний аль аль нь хотын оршин суугчдын хувьд маш чухал юм. Тэгвэл хотын хөгжил хотод ажиллаж амьдарч байгаа бид бүхний хувьд юуг харуулж байна? Улсын эдийн засгийн хөгжил, хорооллын хэрэгцээ шаардлагад хэрхэн зохицох ёстой вэ?"

Хот улам олон ажлын байр, суралцах, харилцах боломж нээж, амьдралыг улам сайжруулах ёстой. Гэхдээ хот хөгжихийн хэрээр, хэрэв шинжлэх ухаанч төлөвлөлт, үр ашигтай менежмент алдагдаж, зүй зохистой хяналт, үйлчилгээ гээгдвэл, зам түгжрэх, байгаль орчин муудах, нөөц баялаг шавхагдах зэрэг олон асуудал үүсэх нь дамжиггүй. Хятадын Газар зүйн мэдээлэл, зураглалын үндэсний товчооны дэд дарга, НҮБ-ын олон улсын газар зүйн мэдээллийн хяналт удирдлагын мэргэжлийн комиссын дарга Ли Пэндэ: Том хотын асуудлыг шийдэж, ирээдүйн хотын хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг зохицуулъя гэвэл мэдээллийн технологид түшиглэн, шинэлэг, оюунлаг хот болгон бүтээн байгуулах нь зүйтэй гэжээ.

"Том хотын асуудлыг яаж зохицуулах вэ? Хотыг өргөжүүлэх, улам олон хүнийг давчуу бүсээс салгах, хотын өөрчлөлт шинэчлэл хийх, шинэ бүтээн байгуулалт хийх зэрэг нь бүгд зөв арга зам мөн. Гэвч асуудлыг үндсээр нь шийднэ гэдэг тийм амар биш. Иймээс бид хотын ирээдүйн хөгжилд хандан, хотыг улам хүчирхэг болгох хэрэгтэй. Тухайлбал жаахан бороо орвол үерт автчихгүй байх, газар доорх тоног төхөөрөмжийг сайтар засаж, ирж очиход дөхөм болгох гэх мэт. Эдгээр төлөвлөлт, үйлчилгээнд тодорхой орон зай байхгүй хэрэгтэй. Иймээс орон зай оновчтой, цагийн хуваарь зохистой байх хэрэгтэй. Мөн нийгэм, эдийн засагт шаардагдаж буй орон зай, үйлчилгээ хэрэгтэй. Иймээс ирээдүйн оюунлаг хотыг цаг хугацаа, стандартжуулсан орон зайд бүтээн байгуулах ёстой. Бид цаг хугацааны биг датагийн индэр байгуулж, нийгмийн хөгжлийн аливаа үйл ажиллагаа, менежмент үйлчилгээг дэмжих нь зүйтэй."

Сүүлийн арав гаруй жил дэлхийн анхны оюунлаг хот гэгдсэн АНУ-ын Dubuque, Английн Лондон, Канадын Торонто, Казахстаны Астана, Оросын Москва зэрэг оюунлаг хот нь шинэ бий болсон ойлголт байсан бол одоо амжилтад хүрсэн үлгэр жишээ, практик болсон юм. Бүр 2006 онд Сингапур "Оюунлаг хот 2015" төлөвлөгөө гаргажээ. Үүнд тулгуурлан 2014 онд Сингапурын засгийн газар "Оюунлаг хот 2025" хэмээх 10 жилийн төлөвлөгөө гаргаж, бүх арлыг хамарсан өгөгдөл мэдээлэл цуглуулах, холбох, анализ хийх дэд бүтэц, удирдлагын систем байгуулж, авсан өгөгдөл мэдээлэлд тулгуурлан иргэдийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан таамаглах, олон нийтэд улам сайн үйлчилгээ үзүүлэхийг зорьжээ.

Сингапурын Газрын менежментийн товчооны Газрын судалгааны албаны дэд дарга Чю Фүшүнь: "Сингапур нутаг дэвсгэр бага, хүн ам сийрэг, хүн амын хөгшрөлт, ажиллах хүч дутагдах зэрэг хүнд асуудалтай тулгарч байна. Оюунлаг улс бүтээн байгуулах нь Сингапурыг тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийг нэмэгдүүлэхэд маш чухал" хэмээн ярьсан юм. Тэрбээр: "2014 онд Сингапур улс оюунлаг улс болгох бүтээн байгуулалт хийхийн тулд засгийн газраас тусгай алба гаргаж, нэгдсэн мэдээллийн индэр байгуулан, мэдээлэл цуглуулах, хуваалцах, нэгдсэн стандарт тогтоох арга хэмжээ авч, оюунлаг хотын ойлголтыг олон нийтийн зам тээвэр, цахим засаглал, жолоочгүй тээвэр, нарны эрчим хүчийг хувирган ашиглах зэрэг өргөн хүрээнд ашиглаж эхэлсэн юм. Сингапурын туршлагаар бол оюунлаг улс болох үйл явцыг заавал нэг хүчтэй албан байгууллага удирдах хэрэгтэй гэжээ.

"Заавал дээд зиндааны, засгийн газрын албан байгууллага оюунлаг улс, оюунлаг хот бүтээн байгуулах ажлыг урагшлуулж, засгийн газрын бусад байгууллага даган нэгдэж, идэвхтэй хамтран ажиллаж, зам тээвэр, зураглал, орон сууц, барилгын аль аль нь үүрэг хариуцлагаа тодорхой болгох хэрэгтэй байдаг. Иймээс улс орнууд, байгууллага нэгж хоорондоо хэрхэн зохицож ажиллахыг бодолцох нь чухал. Үүнээс гадна, суурь өгөгдөл мэдээлэл чухал. Учир нь зураглалын төрөл зүйл олон, суурь мэдээлэл маш чухал байдаг. Иймээс газрын зураг заавал нэгдсэн стандарттай байх ёстой."

Өдгөө Хятад улс оюунлаг хот бүтээн байгуулах гурван бүлэг, нийт 290 хотыг хамруулсан туршиц цэгүүд гаргажээ. Мөн 300 гаруй хот, цахилгаан холбооны 3 том корпорац, Tencent зэрэг том компаниуд оюунлаг хотын бүтээн байгуулалтын хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятадын 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хөгжлийн чухал боломж нээхээр төлөвлөж байна. Хятадын Шинжлэх ухааны академийн Газар зүйн шинжлэх ухаан, нөөц баялгийн судалгааны газрын дэд дарга, академич Жөү Чэнхү: Оюунлаг хот бүтээн байгуулах давалгааны явцад хэдэн чухал хүчин зүйл бий. Тухайлбал, хот төлөвлөлтийн хувьд хотын хөгжлийг ерөнхийд нь авч үзэх, хотын зураг дизайныг алсын хараатай гаргах, менежментийн хувьд хүнийг чухалчилсан байх зэрэг болно гэжээ.

"Одоогийн маш олон хот тус тусын төлөвлөлтөө бодохоос биш ерөнхийлсөн төлөвлөгөө гаргадаггүй. Мөн хүмүүс хотын зураг дизайнд анхаарал тавьдаггүй. Олон том байгууллага зураг дизайны ажилд оролцдог. Тухбайлбал, зам дээр, өнөөдөр энд нь нүх малтаад, маргааш тэнд нь ухаад байдаг. Энэ нь газар дээрх болон газар доорх дизайн нэгдмэл биш, байгууллагууд нэгэн цогц биш гэдгийг харуулж байна. Өнөөдөр хот байгуулж дуусаад маргааш нь нурааж, дахин барихаар болдог. Энэ бол том асуудал. Нэг хотод дутагдаж болшгүй хоёр зүйл байдаг. Нэгд, хүн. Хоёрт, дэд бүтэц. Бид гол хүчээ дэд бүтцийн бүтээн байгуулалтад төвлөрүүлж байна. Жишээ нь, байшинг улам сайн барьж, замыг улам өргөн болгож байна. Тэгвэл хүн яах ёстой вэ? Үүнийг хүний үүднээс бодолцохгүй байж болохгүй. Хүнээр гол болгон, хүний хэм хэмжээ, хүний стандартаар, хүмүүсийн өдөр тутмын өмсөж зүүх, идэж уух, хонож байрлах, ирж очихоос авахуулаад хүний амьдралын аливаа бүхэнд зохицуулах ёстой."

Хятадад бий болсон оюунлаг хотын бүтээн байгуулалттай холбогдуулан НҮБ-ын Статистикийн хэлтсийн ахлах зөвлөх Грег Скотт хэлсэн үгэндээ: Хотод үйлчлэхээс гадна технологийг улам олон салбарт ашиглаж болно. Сүүлийн хэдэн арван жилд Хятадын орчин үеийн бүтээн байгуулалт хурдтай хөгжсөн бөгөөд Хятад улсын хувьд энэ хөгжлөөс бий болсон өөрчлөлтөд хэрхэн зохицох, хариу арга хэмжээ авах нь маш чухал юм гэжээ.

"Технологи ба оюунлаг хотын ойлголтын тухайтад бид үүнийг хамтад нь хэрэгжүүлэх ёстой хоёр үйл хэрэг гэж үзэж байна. Технологи байхгүйгээр оюунлаг бүтээн байгуулалт хийх боломжгүй. Гэхдээ технологийг зөвхөн хотод төдий бус, түүнийг бусад олон салбарт хэрэглэж болно. Иймээс хотын хөгжил, аж үйлдвэрийн салбарт энэ хоёрыг ерөнхийд нь бодолцож, эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэх нь Хятадын хувьд маш чухал юм."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе