• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Туйлыг судлах жил" төсөл хэрэгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2017-05-18 08:55:36

Орон нутгийн цагаар 5-р сарын 15-нд Женев хотноо Дэлхийн цаг уурын байгууллага албан мэдээ нийтэлж 2017-2019 оны "Туйлыг судлах жил" төсөл хэрэгжүүлж эхлүүлснээ зарлажээ. Олон улсын энэхүү хамтын ажиллагааны зорилго бол Умард, Өмнөд туйлын цаг агаар, уур амьсгал, тэнгисийн мөсний нөхцөл байдлын тухай судалгааг гүнзгийрүүлж, улмаар туйлын бүс нутгийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн эрсдэлийг чадах чинээгээрээ багасган, туйлын өнөөгийн урьдчилсан мэдээллийн зөрөөг багасгахын төлөө юм. Энэ тухай ХОУР-гоос Женевт суугаа сэтгүүлч Лю Сү-Юний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр: Хүлэмжийн хийн гаргалтаас үүдэлтэй дэлхийн цаг уурын дулаарал туйлын бүс нутагт улам их нөлөөлж байна. Умард, Өмнөд туйлын зарим бүс нутгийн дулаарлын хурд дэлхийн бусад бүс нутгаас хоёр дахин их болж, мөсөн уул хайлж, тэнгисийн цас, мөсөн хучлага нимгэрч байгаа юм байна. Дэлхийн цаг уурын байгууллагын мэргэжилтэн Паоло Рути ингэж ярьсан юм.

"Сүүлийн хэдэн жил, туйлын бүс нутагт маш их өөрчлөлт гарсныг бид анхааралдаа авсан. Энэ он гарснаас хойш, Умард, Өмнөд туйлын тэнгисийн мөсөн талбай их хэмжээгээр багаслаа. Тухайлбал, сүүлийн 30-35 жил, Умард туйлын бүс нутгийн хайлж алга болсон тэнгисийн мөсөн талбай Франц, Испанийн нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байна."

Дэлхийн цаг уурын байгууллага: "Өмнөд, Умард туйлын цаг агаар, уур амьсгал дулаарч, цас мөсөн хучлага нимгэрэхийн хэрээр хүн төрөлхтөн туйлыг зорих нь нэмэгдэж байна. Тухайлбал, зам харилцаа, аялал жуулчлал, загасны аж ахуй, ашигт малтмал олборлох зэрэг болно. Туйлын цаг уур, цас мөсний тухай урьдчилсан мэдээлэл бүрэн гүйцэд биш байна. Умард, Өмнөд туйл бол дэлхийд хамгийн бага судлагдсан бүс нутаг юм" хэмээн мэдэгдсэн байна.

Иймээс Дэлхийн цаг уурын байгууллага 2017 оны 7-р сард "Туйлыг судлах жил" хэмээх үйл ажиллагааны төсөл боловсруулж байгаа юм. Үүний зорилго нь туйлын бүс нутгийн цаг агаар, уур амьсгал, мөсний байдлын ажиглалт, урьдчилсан мэдээлэх хүчин чадлыг дээшлүүлж, эрсдэлийг доод хэмжээнд тогтоон барихын төлөө юм. "Туйлыг судлах жил" төслийн үйл ажиллагаа 2017 онд эхэлж, 2019 онд дуусна. Ирэх 2 жилд, судлаачид болон Урьдчилан мэдээлэх төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын экспедици Умард, Өмнөд туйлд ажиглалт, шинжилгээ хийх юм.

Паоло Рути: Цаг агаар, тэнгисийн мөсний байдлын тухай судалгаа шинжилгээ нь ирээдүйн болзошгүй эрсдэлийг багасгаж, туйлын бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалан, улмаар тус бүс нутгийн тухай урьдчилсан мэдээллийг баяжуулах болно гэжээ.

"Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа нь бидний Умард, Өмнөд туйлын бүс нутгийн тухай ойлголт, судалгааны түвшнийг гүнгийрүүлэх юм. Энэ төлөвлөгөөгөөр дамжуулж, бид туйлын бүс нутгийн цаг уурын байдлын тухай урьдчилан мэдээлэх хүчин чадлаа дээшлүүлэхийг хүсэж байна"

"Туйлыг судлах жил" бол олон улсын хамтын ажиллагааны төсөл юм. Одоогийн байдлаар тус төсөлд Хятад зэрэг 21 улс орон оролцож байна. Паоло Рути: Дэлхийн цаг уурын байгууллага Хятадын Цаг уурын газар, Хятадын Тэнгисийн ажил эрхэлсэн газартай нягт харилцаатай ажилладаг бөгөөд Хятад улс тус байгууллагын олон төрлийн судалгааны ажилд идэвхтэй оролцож байна" гэжээ.

"Янз бүрийн учир шалтгаанаас болж, Хятад улс Дэлхийн цаг уурын байгууллагатай хамтран ажиллах сонирхол ихтэй байдаг. Туйлын судалгааны төсөлд Хятадын өөр өөр байгууллагын судлаачид оролцож байгаа. Хятад улс бол бидний судалгааны салбарын хамгийн сайн түнш юм."

"Туйлыг судлах жил" үйл ажиллагааны хүрээнд хээрийн шинжилгээний экспедицийн цуглуулсан шинжилгээний бүх материалыг Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээллийн санд нээлттэй ашиглах бөгөөд дэлхийн олон газрын урьдчилан мэдээлэх төв цаг тухайд нь мэдээлэхэд шаардлагатай материалыг хүлээн авах боломжтой гэнэ. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр: Энэ төсөл хүн төрөлхтний Умард, Өмнөд туйлын тухай шинжлэх ухааны ойлголтыг гүнзгийрүүлж, туйлын бүс нутгийн цаг уурын урьдчилсан мэдээлэл, судалгаа шинжилгээ хийх хүчин чадлыг нэмэгдүүлэх болно гэжээ.

 

\Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе