"Стандарт төмөр замын дуу" хит болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 17:14:42

ХӨТ: Хятадын төмөр замын бүтээн байгуулагчдын дэмжлэгээр, Кени улсын Момбаса-Найроби чиглэлийн шинэ төмөр зам саяхан албан ёсоор ашиглалтад орсон билээ. Энэ төмөр зам бол Кени улсад сүүлийн 100 жилд тавигдсан анхны төмөр зам юм. Шинэ төмөр зам ашиглалтад орсон энэ өдрүүдэд саяхан зохиогдсон "Стандарт төмөр замын дуу" орон нутгийн хүн ардын дунд хит болж, олны таашаалыг хүлээсэн байна.

ХӨТ: Хятадаас Кенид суугаа элчин сайд Лю Сяньфа Момбаса-Найробийн төмөр зам ашиглалтад орсон явдалд зориулж дуу зохиох санаачилга гаргажээ. Дууг бүтээхэд Хятадын Төмөр зам, гүүр барилгын ХХК, Хятадын Олон Улсын Радиогийн Африк тив дэх ерөнхий төв, ХОУР-гийн Найроби дахь студи хамтран ажиллажээ.

ХӨТ: Нутгийн уран бүтээлч Суди Мохамед дууны үгэнд ая зохиож, дуулсан байна. Түүний уран бүтээлийн нэрийг Суди Бой гэдэг. Тэрээр Кенийн хоёр дахь том хот, далайн боомт бүхий Момбаса хотын иргэн. Энэ жил 27 настай тэрбээр 10 жил урлагт зүтгэсэн туршлагатай, дууны үг, ая зохиож, дуулдаг авьяаслаг уран бүтээлч юм. 2007 онд түүний дуулсан "Банати" хэмээх дуу хит болсноос хойш олон уран бүтээл туурвижээ. Тэрээр Кенийн төрийн шагнал, Далайн дагуу бүс нутгийн дуу хөгжмийн шагнал авч байсан удаатай. Суди Бой одоо Зүүн Африкийн хамгийн алдартай дуучдын нэг болжээ.

ХӨТ: Энэ дууны үгийг бичихдээ, Кенийн энгийн хүн ардын нүдээр харж, Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон явдалд баярлаж, бахархсан сэтгэл, аз жаргалтай амьдралын төлөөх хүсэл эрмэлзлийг илэрхийлж, Хятад, Кенийн найрамдлыг магтан дуулсан байна. Анх дууны үгийг уншаад Суди Бойд маш их таалагдаж, тэр дор нь аялан дуулжээ.

ХӨТ: Сүүлийн гурван жилд Момбаса-Найроби чиглэлийн төмөр замын төсөл Кенийн хамгийн чухал бүтээн байгуулалт болжээ. Кенийн ерөнхийлөгч Ухуру Кенятта энэ ажлыг дээд хэмжээнд чухалчилж, байсхийгээд Момбаса-Найроби төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, төслийг урагш ахиулах үйл явцад тулгарсан асуудлыг газар дээр нь зохицуулдаг байлаа. Үүний зэрэгцээ Хятадын Төмөр зам, гүүрийн ХХК-ийн Момбаса-Найроби төмөр замын төслийн төвийн өндөр үр ашигтай менежментээр, Хятад, Кенийн мэргэжилтнүүдээс бүрдсэн төмөр замын бүтээн байгуулалтын багийнхан шаргуу ажиллаж, асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гарган, олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, хоёр жил гаруйн хугацаанд ажлаа дуусган ашиглалтад оруулсан байна.

ХӨТ: Гурван жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст Момбаса-Найроби чиглэлийн төмөр замын төсөл амжилтад хүрлээ. Тэр бол Кенид хөгжлийн асар их боломж нээж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн түлхэц өгч, ард түмний амьдралыг үр ашигтай сайжруулах нь дамжиггүй. Мөн Төв, Зүүн Африкийн төмөр замын сүлжээний эхлэл, амжилттай гараа болсон бөгөөд хожмын бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой юм.

ХӨТ: Ингээд Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам амжилттай ашиглалтад орсон явдалд зориулсан "Стандарт төмөр замын дуу" дууг сонсгоё. Дуучин Суди Бой энэ дууг швахили болон англи хэлээр дуулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл