• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Швейцарь улс инновацийн чадвараар дэлхийг тэргүүлж байна

CRI       (GMT+08:00) 2017-06-22 10:45:34

Эрхэм сонсогчид оо, саяхан Женев хотноо Дэлхийн Оюуны Өмчийн Эрхийн байгууллага 2017 оны олон улсын инновацийн индекс буюу GII тайланг нийтэлсэн юм. Швейцарь улс энэ онд инновацийн чадвараар дэлхийд хамгийн хүчирхэг орноор дахин тодров. Хятад улсын хувьд энэ удаагийн жагсаалтад 22-т орж, эхний 25-д орсон дунд зэргийн орлоготой цорын ганц эдийн засаг болжээ. Тус тайланд хөдөө аж ахуй, хүнсний системийн инновацийг чухалчлан: Хөдөө аж ахуйн салбар дахь инновац тасралтгүй нэмэгдсээр байгаа нь хүн төрөлхтнийг хүнсээр хангахад тустай хэмээн онцолжээ. Ингээд энэ тухай ХОУР-гоос Швейцарьт суугаа сэтгүүлч Жан Жинхаогийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Корнелл Их Сургууль, олон улсын бизнес судалгааны INSEAD институт, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага хамтран нийтэлсэн 2017 оны олон улсын инновацын индекс тайланд, Швейцарь улс олон улсын инновацийн чадварын жагсаалтыг тэргүүлж, Швед, Нидерланд, АНУ, Их Британи улсууд удаалжээ. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллгын ерөнхий захирал Francis Gurry Женевт болсон хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Швейцарь улс сүүлийн жилүүдэд инновацийн салбарт тэргүүлэх байраа хадгалж байна. Харин Хятад улс эхний 25-д багтсан дунд зэргийн орлоготой цорын ганц эдийн засгийн цогц боллоо гэжээ.

"Швейцарь улс 7 жил дараалан энэ жагсаалтыг тэргүүлж, инновацийн чадвараа хадгалсаар байна. Энэ оны жагсаалтад Хятад улс дахин урагш дэвшиж, 2016 онд 25-д орсон бол энэ онд 22-т орлоо. 2016 онд Хятад улс эхний 25-д орсон дунд зэргийн орлоготой анхны эдийн засгийн цогц болсон юм."

Энэ оны инновацийн индексэд, бүс нутгийн хувьд авч үзвэл эхний 25-д бичигдсэн олон улсын эдийн засгийн цогцын 15 нь Европ тивийнх юм. Европчууд хүний нөөц, судалгаа, дэд бүтэц, бизнесийн боловсронгуй түвшин зэргээрээ илэрхий давамгайлж байна. Мөн жагсаалтад Энэтхэг улс урагш дэвшиж, Азийн шинэ эдийн засгийн цогцуудын инновацийн төв болжээ. Сахараас өмнөх Африкийн хөгжлийн инноваци сайн үр дүнд хүрч, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн хувьд боломжийг ашиглан инновацийн чадвараа нэмэгдүүлэх боломжтой байгааг тэмдэглэсэн юм.

Хөгжингүй орнууд, хөгжиж буй орнуудын инновацийн чадварын зөрөө улам нэмэгдэж байна. Засгийн газрын хэмжээнд, эсвэл компанийн түвшинд алинд нь ч хөгжиж буй орнуудын судлан нээх үйл ажиллагаа нэмэгдэх хүч хомс байна гэж тайлан тэмдэглэжээ. Francis Gurry, "Улам бүр мэдлэг ухаанд түшиглэх болсон дэлхийн эдийн засагт инноваци нь эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж байна. Гэхдээ илүү олон хөрөнгө оруулалтаар инновацийн судалгааг дэмжиж шаардлагатай. Инноваци нь эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хадгалахад тустай" гэжээ.

Корнелл Их Сургуулийн Жонсон институтийн захирал Soumitra Doutta энэ тухай хэлэхдээ: "Хэрэв инновацийн зөрөөг багасгая гэвэл эн тэргүүнд шинэ эдийн засгийн цогцууд өөрийнхөө инновацийн давуу болон дутагдалтай талаа олж, зохистой бодлого, зорилт тогтооход нь туслах хэрэгтэй. Арав гаруй жилийн туршид олон улсын инновацийн индекс үүний төлөө хичээл зүтгэл гаргасаар ирсэн юм" гэжээ.

"Хөгжиж буй эдийн засгийн цогцууд бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг чухалчилж, хөгжингүй эдийн засгийн цогц хоорондын зөрөөг багасгах хэрэгтэй. Учир нь зөрөө бол оршиж буй бодит зүйл. Үүний зэрэгцээ зарим улс орон зөрөөг амжилттай багасгаж чадсаныг бид харлаа. Дэлхийн олон газар, улам өргөн хүрээнд зөрөөг багасгах шаардлагатай."

2017 оны олон улсын инновацийн индексийн гол сэдэв "Инноваци дэлхийг ундаална" хэмээх сэдэв байлаа. Энэ оны тайланд хөдөө аж ахуй, хүнсний системд хийгдсэн инновацийг анхаарсан байна. Ирэх хэдэн арван жилд олон улсын хүнсний эрэлт хэрэгцээ асар их нэмэгдэх бөгөөд хязгаартай байгалийн нөөцөд чиглэсэн өрсөлдөөн улам ширүүсэх болно гэж тайланд таамаглажээ. Хөдөө аж ахуйн чиглэлийн инноваци нь эрэлт хэрэгцээг зохицуулахад дутагдаж болшгүй мөртөө "хүнсний систем"-ийн сүлжээг бэхжүүлэх зангилаа болж байна. Хүнсний системийн сүлжээнд үр тарианы тогтвортой үйлдвэрлэл, боловсруулах, хуваарилах, хэрэглээ, хаягдал бодисын менежмент зэрэг олон үйл явц хамрагдаж байна.

Олон улсын бизнес судлалын INSEAD институтийн Олон улсын индекс хариуцсан гүйцэтгэх захирал Bruno Lanvin: Хөрсний, эрчим хүчний хэрэглээний дарамтыг хязгаарлаж, багасгах шаардлагатай. Үүний тулд инновацийг анхаарах ёстой. Өдгөө жолоочгүй нисэх онгоц, хиймэл дагуул, тариаланд роботын технологи ашигласан "Дижиталжсан хөдөө аж ахуй" олон оронд өрнөж, эрчтэй хөгжиж буйг харж болно. Харин технологийн талын инноваци арай хоцрогдож байна гэжээ.

"Дижиталжсан хөдөө аж ахуй бол сайн эхлэл. Гэхдээ өлсгөлөнгийн асуудлыг үүгээр шийдэж чадахгүй. Бид дижиталжсан хөдөө аж ахуйгаас ухаалаг хөдөө аж ахуйд шилжих, энэ хоёрыг хэрхэн уялдуулах нь чухал. Инноваци зөвхөн технологийн инноваци төдий бус харин сэтгэлгээний хандлага байх ёстой."

"Ухаалаг хөдөө аж ахуй" болгох замаар нийлүүлэлтийн болон хуваарилалтын гинжин хэлхээг сайжруулж, арилжаа борлуулалтын шинэ арга хэлбэр нээх шаардлага тулгамдаж байна. Хөрс, эрчим хүч, байгалийн бусад нөөц баялагт түшиглэх дарамтыг дээд хэмжээнд хүртэл бууруулахын зэрэгцээ дэлхийн хамгийн ядуу амьдралтай хүн ардын эрэлт хэрэгцээг хангах хэрэгтэй гэж Bruno Lanvin үзсэн юм.

Олон улсын инновацийн индексийг 2007 оноос эхлэн жил бүр нийтлэх болсон. Дэлхийн эдийн засгийн цогцуудын инновацийн чадвар, үр дүнг жагсаадаг нь тус тайлангийн чухал агуулга юм. Патентийн эрхийн өргөдлийн тоо, боловсролд оруулсан зарцуулалт зэрэг хэдэн арван салбарын индексийг ашиглан, дэлхийн 130 гаруй эдийн засгийн цогцод судалгаа хийж, бодлого тогтоогчдод туслан, инновацийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг ойлгон танилцахад лавлагаа болдог юм.

/Уртнасан/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе