"Takata" компани дампуурлаа зарлав

CRI       (GMT+08:00) 2017-06-27 15:23:27

 6-р сарын 26-нд Японы авто машины эд анги үйлдвэрлэгч "Таката" компани дампуурлаа зарлав. Тус компани зах зээлд эзлэх хэмжээгээрээ салбартаа дэлхийд хоёрт ордог. "Таката" компаний өр 1.7 их наяд иен буюу 104.1 тэрбум юань хүрч, дайны дараах Японы аж үйлдвэрлэлийн хамгийн том дампуурал болжээ. Энэ тухай ХОУР-гоос Японд суугаа сэтгүүлч Жу Мань Жүний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
ХӨТ: "Takata" компани хэвлэлийн бага хурал хийлгэж, дампуурлаа албан ёсоор зарлаж, ерөнхий захирал Shigehisa Takata компаниа дампуурсан явдалд хүлцэл өчсөн байна.

"Бид аливаа үйлчлүүлэгч, зээлдүүлэгчдэд бүгдэд нь түвэг удсан. Энд би Таката компанийн нэрийн өмнөөс та бүхнээс хүлцэл өчье." 

 Автомашины эд анги, аюулгүйн дэр үйлдвэрлэгч Таката компанийн өр 1.7 их наяд иен хүрсэн төдийгүй дэлхийн хэмжээнд тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрийг угсарсан 100 сая орчим автомашины аюулгүйн дэрийг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр ослын үед дэлгэгдээгүйн улмаас сүүлийн 10 гаруй жил 17 хүн амиа алдаж, 180 гаруй хүн бэртжээ. Иргэний нөхөн төлбөрийн зарга хойшид ч гарч мэдэх тул Таката компанид тавигдах хариуцлага улам бүр нэмэгдэж болзошгүй байна. Энэ үеэр дампуурлаа зарласан нь зохистой эсэх тухай асуусан сэтгүүлчийн асуултад Shigehisa Takata:

"Хэрэв дампуурлаа зарлахгүй бол хөрөнгийн эргэлтийг баталгаажуулж чадахгүй болно. Магадгүй аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй болох эрсдэлд хүргэж мэднэ гэж бид үзсэн. Иймээс компанийн удирдах зөвлөл дампуурлаа зарлахаар шийдвэрлэсэн."

Таката компани дайны үед Японы агаарын хүчинд шүхэр нийлүүлдэг байжээ. Тэд дайны дараа автомашины эд анги үйлдвэрлэгч болж, Япон автомашины аюулгүйн бүс үйлдвэрлэж байжээ. Хожим нь тус компани аюулгүйн дэр, хүүхдийн суудал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлвэрлэсэн ба ялангуяа аюулгүйн дэрийг нь Honda, Toyota, Ford, Nissan зэрэг авто машин үйлдвэрлэгч олон компани сонгон авч, аюулгүйн дэрний зах зээлд чухал байр суурьтай, дэлхийд хоёрт орох том компани болсон байна.

2004 онд Америкт Таката брэндийн аюулгүйн дэр хагарсны улмаас хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Гэтэл түүнээс хойш хэсэг хугацаанд Таката компани бүтээгдэхүүнээ соготой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчид нөхөн олговор олгохоос татгалзжээ. Компанийн зүгээс хуульд хандсан бодлого удаан байсан нь дампууралд хүргэсэн гол шалтгаан болсон хэмээн Японы мэдээллийн хэрэгслүүд үзсэн байна. Авто машины тусгай сонины албаны хүн Yoshio Tsukuda энэ тухай ингэж ярьсан байна.

"Компанийн захирлын зүгээс асуудалд ил гарч хандсан нь арай оройтсон. Тухайлбал, Toyota компани Америкаас машинаа их хэмжээгээр эргүүлэн татахад тус компанийн захирал Тоёота өөрийн биеэр Америкт очиж олон түмнээс уучлал гуйж, үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн санаагаа илэрхийлсэн. Энэ нь компанийн хувьд маш чухал алхам юм . Гэтэл Таката ингэж чадаагүй."

Японы Эдийн засаг, үйлдвэрийн сайд Hiroshige Seko аюулгүйн дэр үйлдвэрлэгч "Таката" компани дампуурал зарласан явдалд холбогдуулан хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

"Таката компани дампуурлаа зарлах нь аргагүй байдал дахь сонголт гэж бид үзэж байна. Нэгд, бид тус компанийг аль болох түргэн үйлдвэрлэлээ сэргээхийг хүсэж байна. Хоёрт, Таката компани бүтээгдэхүүнээ орлуулан солих бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулахыг хүсэж байна."

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын JOYSON электроник корпорацын нэрээр эд анги үйлдвэрлэгч Америкийн Breed компани 180 тэрбум иен зарцуулан Таката компанийн аюулгүйн дэр, аюулгүйн бүс, хүүхдийн суудал зэрэг үйлдвэрлэлийг худалдан, нийлүүлэх шинэ компани байгуулах төлөвтэй байгаа ба шинэ компани нь Таката компанийн үлдсэн өр зээлийг хариуцахгүй юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл