Ши Жиньпин, Доналд Трамптай уулзав
2017-07-24 16:49:47  

Ши Жиньпин, Доналд Трамптай уулзав

8-нд, Их хорийн бүлгийн удирдагчдын Хамбургийн дээд уулзалт өндөрлөсний дараа, Хятад улсын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, Хятад Америкийн харилцаа болон хамтаар сонирхож буй олон улсын ба бүс нутгийн том чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.

Дээд давхаргын нягт харилцаагаа хэвээр хадгалж, хоёр талын стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн зөвшөөрөв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны зуу хоногийн төлөвлөгөө чухал ахицид хүрч, хоёр тал хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зөвшилцөж байна гэжээ.

Хоёр тал гол ашиг сонирхол болон анхаарч буй том чухал асуудлаар харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөн болон эмзэг асуудлаа зүй зохистой зохицуулна гэж Ши Жиньпин онцоллоо.

Ши Жиньпин, Доналд Трамптай уулзав

Доналд Трамп хэлэхдээ, Ши Жиньпин даргатай ажлын сайн харилцаатай болсондоо маш их баярлаж байна. Өнөө Америк Хятадын харилцааны хөгжил маш сайн байгаа. Хятад бол Америкийн худалдааны чухал түнш бөгөөд олон улсын үйл хэрэгт чухал нөлөө бүхий орон болно. Хятадын талтай олон салбарын яриа хэлцэл болон харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар уялдаа холбоогоо хэвээр хадгалахад Америкийн тал бэлэн гэжээ.

Хоёр тал Солонгосын хойгийн цөмийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын тал хэзээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, яриа хэлцлээр асуудлаа зөвшилцөн зохицуулах зэргийг баримталсаар ирэв. АНУ, БНСУ-ад пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" систем байрлуулахыг эсэргүүцэж буйгаа Хятадын тал дахин нотолж байна гэжээ. Солонгосын хойгийн цөмийн асуудлаар нягт уялдаа холбоогоо хэвээр хадгалахыг хоёр орны төрийн тэргүүн зөвшөөрөв.

Хоёр тал бас хамтаар анхаарч буй бусад асуудлаар судлан ярилцаж, Их хорийн бүлгийн хүрээнд Хятад Америк уялдаа хийгээд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.