Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийв
2018-06-19 21:34:19  

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши  Жиньпин 19-нд мөн өдөр Хятадад хүрэлцэн ирж айлчилж буй БНАСАУ-ын Хөдөлмөрийн  намын хорооны дарга, Төрийн зөвлөлийн хорооны дарга Ким Жон Унтай хэлэлцээ хийв.  Хоёр орны удирдагч хоёр орны харилцааны хөгжил болон Солонгосын хойгийн байдлаар  санал бодлоо гүнзгий солилцож, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг цаашид баталгаажуулан  хөгжүүлж, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдалд нүүрлэж буй хөгжлийн  сайн хандлагыг түлхэн ахиулж, дэлхий болон бүс нутгийн энх тайван тогтвортой  байдал хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулна гэж санал нэгтэй  илэрхийлэв. 
  Ши Жиньпин: Хөдөлмөрийн намын хорооны дарга Ким Жон Ун  ерөнхийлөгч Д.Трамптай Сингапурт чухал уулзалт хийж, Солонгосын хойгт цөмийн  зэвсэггүй байх, Солонгосын хойгийн өнө батын энх тайвны механизмыг байгуулах  талаар зарчмын нийтлэг ойлголтод хүрч, идэвхтэй ахиц гаргасныг Хятад улс болон  миний бие дээд хэмжээгээр үнэлж байна гэв. 
  Тэрээр, 3 сар хүрэхгүй  хугацаанд миний бие Хөдөлмөрийн намын хорооны дарга тантай 3 удаагаа уулзаж,  хоёр нам хоёр орны харилцаанд хөгжлийн зүг чигийг зааж, хоёр орны харилцааны  хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Хятадын нам, засгийн газар Хятад  болон  БНАСАУ-ын найрсаг  хамтын ажиллагааны  харилцааг дээд хэмжээгээр чухалчлан үзэж,  олон улс бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын нам засгийн газрын байр  суурь өөрчлөгдөхгүй. Хятадын ард түмэн болон БНАСАУ-ын ард түмний найрсаг сэтгэл  өөрчлөгдөхгүй, Хятад улсын социалист  БНАСАУ-д үзүүлэх дэмжлэг өөрчлөгдөхгүй юм.  Миний бие Хөдөлмөрийн намын хорооны дарга тантай хамт хоёр талын тохиролцсон  чухал  нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, хоёр орны харилцааны урт хугацаанд  тогтвортой хөгжихийг ахиулан, хоёр орон хоёр ард түмэнд үр шимийг  хүртээхэд  бэлэн байна. 
  Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, энэ он Хятад улс өөрчлөлт  нээлтийн бодлогыг хэрэгжүүлсэн 40 жилийн ой тохиож байна. Өөрчлөлт нээлтийн  бодлогыг хэрэгжүүлснээс хойш Хятад улс өөрийн орны байдалд нийцсэн хөгжлийн  замыг хайн олсон юм. БНАСАУ мөн ажлын гол талаа эдийн засгийн байгуулалтад  шилжүүлсэн чухал шийдвэр гаргаж, БНАСАУ-ын социалист ажил үйлс түүхэн шинэ  шатанд дэвшин орсныг бид баяртай харж байна. Бид БНАСАУ-ын эдийн засгийн хөгжил,  иргэдийн амьжиргааг сайжруулахыг дэмжиж, өөрийн орны байдалд нийцсэн хөгжлийн  замаар замнахыг дэмжинэ гэв.  
Ким Жон Ун: өмнөхөн болсон БНАСАУ болон АНУ-ын  тэргүүн нарын уулзалт талуудын ашиг сонирхол болон олон улсын хамтын  нийгэмлэгийн хүлээлтэд нийцсэн үр бүтэмжтэй уулзалт болсон. Хоёр тал төрийн  тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх юм бол Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй байлгах шинэ нөхцөл байдал үүсэх болно. БНАСАУ-ын тал  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, Солонгосын хойгийн энх тайван  тогтвортой байдлыг хамгаалахад үзүүлсэн Хятадын талын хүчин чармайлтыг өндрөөр  үнэлж, Хятад болон холбогдох талуудтай хамтаар Солонгосын хойгийн байнгын энх  тайван тогтвортой системийг байгуулж, Солонгосын хойгийн энх тайвны төлөө  хамтаар чармайхыг хүсэж байна гэв.