Баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2019-09-30 15:40:55  

9-р сарын 30 бол Хятадын хуулиар тогтоосон "баатруудаа дурсах өдөр" юм. Мөн өдөр Бээжин хотын Тянь-Аньмэний талбайд ардын баатрууддаа цэцэг өргөх ёслол болж, Ши Жиньпин зэрэг Хятадын нам, төрийн удирдагчид, мөн олон салбарын 4000 төлөөлөл оролцон, баатрууддаа улс орныхоо нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүллээ.

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Бүртгэлээс үзвэл, үндэстний тусгаар тогтнол, ард түмнээ чөлөөлөх, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө 20 гаруй сая баатар алтан амиа өргөсөн байдаг.

Цэцэг өргөх ёслолын өмнө Ши Жиньпин нарын зэрэг нам болон улс орны удирдагч Мао даргын дурсгалын ордны өмнө очиж, ХКН, Хятадын Ардын Чөлөөлөх Арми, БНХАУ-г үндэслэгч, удирдагч Мао Зэдүний хөшөөнд гурвантаа мэхийж, Мао Зэдүний шарилыг эргэн, Мао Зэдүн зэрэг ахмад үеийн хувьсгалчдаа дурсан санаж буйгаа илэрхийллээ.

ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын Байнгын Хороо, Төрийн зөвлөл, БХУТЗЗ, Цэргийн төв зөвлөл, ардчилсан нам бүлэг, БХ-ын Үйлдвэр Худалдааны холбоо, нам бүлгийн бус хүмүүс, нийгэмлэг олон нийт, ахмад дайчид, баатруудын гэр бүлийнхэн, хүүхэд залуучуудын хошууч ангийн нэрийн өмнөөс өргөн барьсан цэцгийн 9 хэлхээг хүндэт харуулын 18 цэрэг дурсгалын хөшөөнд өргөсөн байна. Ши Жиньпин зэрэг төлөөлөгчид дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслов. Дараа нь нам, төрийн удирдагчид хөшөөг тойрч, ардын баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүүхэд залуус, олон салбарын төлөөлөл дурсгалын хөшөөнд амьд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.

Н.Пүрэвжав