Хятад улсад 5G технологийг хэрэглээнд ашиглах үнэмлэх олгосон бүтэн жилийн хугацаанд бидний амьдралын өнцөг булан бүрт 5G технологийн үр дүн харагдах боллоо.
Зайны эмчилгээ, ухаалаг боловсрол, алсын сургалт, өндөр чанартай шууд нэвтрүүлэг, автомат жолоодлого хэмээн бидний мөрөөддөг зүйлүүд өнөө 5G технологиор жигүүрлэн биеллээ олж, захиргааны алба, зам тээвэр, ложистик, боловсрол, аюулаас хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарыг бүрэн хамарч, иргэдийн амьдралын хэрэглээний нэгэн хэсэг болон өргөжин тэлж байна. Цаашлаад хүмүүст дараах 3 зүйлийн ирээдүйн амьдралын шийдлүүдийг гарган өгч байна.
Ухаалаг шийдлүүд хорооллын "асуудал"-ыг шийдэж өгнө
Урьд нь хороололд дугуйгаа хулгайд алдах, алдсан зүйлээ цагдаад мэдүүлээд ч нэмэргүй байлаа. Одоо 5G ухаалаг сүлжээг хороололд нэвтрүүлснээр олон тооны камер, автомат мэдрэгч байрлуулж, хогийн сав дүүрэх, олон нийтийн төхөөрөмжийг орноос хөдөлгөхөд л хорооллын цагдаад мэдүүлдэг болов. Хулгай хийж явсан хэн нэгэн камерт бичигдэх л юм бол хэн гэдгийг дор нь илрүүлж чадах болжээ.
Нэгэн жишээ дурдахад, 2020 оны 4-р сарын 16-ны 19:23 цагт Бээжин хотын Түнжөү дүүргийн BOBO хэмээх хорооллын цахилгаан шатны гадна цэнэглэж байсан мотоцикл шатахад тэр дор нь сэрэмжийн хонх дуугарч, хорооллын ажилтнууд гар утсаараа мэдүүлэг авч шуурхай арга хэмжээ авснаар галыг унтрааж чаджээ.
Хорооллын иргэдийн аюултай байдалтай шууд холбоотой эдгээр 5G технологийн хэрэглээг илүү олон хороололд нэвтрүүлэх ажил тулгам шаардагдаж байна.
Автомат жолоодлоготой авто машины туршилт амжилттай болж байна
Замын хөдөлгөөнд орж байхад таны хажуугаар жолоочгүй авто машин өнгөрөхөд битгий гайхаарай. Саяхан Бээжин хотын Жүнгуаньцүнь технологийн хотхоны автомат жолоодлогын туршилтын бүсийн 215.3 километр замыг ашиглалтад оруулснаар олон компани жолоочгүй авто машинаа энд туршиж байна.
Бээжингийн ресторануудад ногоо зөөгч робот ажиллаж байхыг олон ч харлаа. Дэлгэцэн дээр нь ногоогоо захиалахад удах ч үгүй хүргэж ирдэг байлаа.
5G технологийг ашиглан Meituan компани хүргэлтийн 30 гаруй жолоочгүй авто машиныг ашиглалтад оруулах тухай мэдэгдээд байна.
Зайны эмчилгээ нь өвчтөнүүдэд эдгэрэх боломж олгож байна
5G технологийн хүчтэй дэмжлэгээр эмчилгээний үүлэн тавцан, эмнэлгийн жижүүрийн машин зэрэг шинэ технологийг Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд түлхүү ашиглаж байна. Энэ оны 2-р сарын 27-нд, Үхань хотын Лэйшэньшань эмнэлэгт үзлэг хийх үеэр Бээжин, Шанхай, Гуанжөү гурван хотын эмч судлаач нар "5G зайнаас эмчлэх индэр"-ийг ашиглан өвчтөнд хийсэн CT-д анализ хийж, эмчлэх тухай саналаа солилцсон юм.
Зайны эмчилгээнээс гадна нарийн будлиантай, хэцүү хүнд мэс заслыг ч 5G технологийн тусламжтайгаар оновчтой зайнаас эмчилдэг болсон. Бээжингийн Жишүйтань эмнэлэг гэхэд ноднин жилийн 6-р сард 5G зайны технологийг ашиглан мэс засал хийх боломжийг нээв. Ингэснээр Шиньжян, Гүйжөү зэрэг хязгаар нутаг дахь өвчтөнүүд нийслэлийн мэргэжлийн эмчилгээнд хамрагдах боломж бүрдүүлж өгчээ.