Төвөдөд ирэхээсээ өмнө би энэ нутгийн хонийг “Төвөд хонь” гэх бүдүүн тоймын нэршлээр нь л мэддэг байв. Харин газар дээрээс нь сурвалжлах явцдаа Төвөдийн хонийг хэд хэдэн төрөлд ангилдгийн дотор“Аваан” хонь нь хамгийн сайн үүлдэр гэдгийг мэдэж авсан юм. Далайн төвшнөөс дээших 3800-4600 метрийн өндөрт үл ажрах “Аваан” хонь нь хүчилтөрөгчийн даралт багатай, өдөр шөнийн дулааны зөрүү их өндөрлөг газрын байгалийн хатуу нөхцөлд дасан зохицох онцгой чадвартай аж. Тэрчлэн “Аваан” хонь том биетэй, амт шимтэт махаараа алдартай. Дээхнэ үед “Аваан” хонь сүм хийдэд эвсэл газрын эздэд өргөн барьдаг тансаг идээний нэг байжээ Одоогийн байдлаар Төвдийн зүүн нутгийн Гүнжуэ сяньд “Аваан” хонийг голлон өсгөж байгаа бөгөөд нийт тоо толгой нь ердөө 150 мянга орчим ажээ. Сурвалжлагын үеэр бид өндөр технологийн бүсэд төвд хонины үржлийн төвийг байгуулж байна гэсэн сургийг дуулаад газар дээр нь давхиж очсон ч бүтээн байгуулалтын явцдаа байсан тул шинэ лабораторитой хараахан танилцаж чадсангүй. “Аваан хонь” хурганаасаа бие гүйцсэн хонь болтол 18 сар орчмын хугацаа зарцуулдаг. Зөвхөн тэнгэрийн царай харж хонь хариулах нь төвөд хонины тоо толгойг нэмэгдүүлэхэд ихээхэн бэрхшээл учруулахын зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас төвөд хонины үржлийн төвийг байгуулахаар шийдсэн гэж тус төвийн захирал Ли Жяньчан ярьж байв. Энэхүү төв нь шинэ технологийг ашигласнаар “Аваан” хонины бойжилтын хугацааг найман сар болгон танах бөгөөд хоёр жилийн дотор 15000 толгой хонийг зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна.