ТӨЗО-ы Майдарын дугангийн лам Цэрэндоржтой ярилцлаа.
-Майдарын дуганд шавилаад хэр удаж байна?
-Би 2008 онд Майдарын дуганд шалгалт өгч орсон. Тэр жил 18 настай байсан.
-Хийдэд лам болоход шалгалт өгдөг юм уу?
- Тийм ээ. Энэ хийдэд орохыг би их хүсдэг байсан. Тэгээд дунд сургуульд байхаасаа л шашны ном судар үзэж эхэлсэн. Гурван жилийн турш ном үзсэний үр дүнд тэнцсэн.
-Яагаад лам болохыг хүсэж мөрөөддөг байсан юм бол?
-Намайг бага байхад манай ойр саахалтынханд лам хүмүүс байсан. Яагаад ч юм бүү мэд, тэд нар надад маш их таалагддаг. Тэгээд ч хүн болж явахын учир утга бол нийгэмдээ буян үйлдэх гэж боддог.
-Өөрийн гэр бүлийнхээ тухай танилцуулах уу?
-Би нэг эгч, нэг дүүтэй, Ээжтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Эгч дүү хоёр маань хөдөө амьдардаг.
-Лам болсон нь таны ээжийн хүсэл байсан уу?
-Ээж маань намайг ямар нэг юманд ерөөс албаддаггүй. Миний сонголтыг хүндэлдэг. Өөрөө лам болохыг хүсэж байгаа бол хүссэнээрээ яваарай л гэдэг.
-Арваад жил хийдэд шавилсан юм байна. Чиний сонголт зөв байсан уу?
-Би энэ хийдэд шавилснаараа маш их бахархдаг. Би ажлынхаа хажуугаар тайлбарлагч хийдэг. Газрын холоос ирсэн жуулчид, зочдод сүм хийдээ танилцуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Харин хятад хэлээр тайлбарлахаар хүмүүст сайн ярьж ойлгуулж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Тэгээд чөлөөт цагаараа илүү олон ном судар уншиж илүү их мэдлэг чадвартай болохыг хичээж байгаа.
-Залуу дүү нартаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Хичээл сурлагадаа шамдаж, аль нэгэн чиглэлээр мэргэшсэн хүн болж яваарай гэж хүсэх байна. Хүний дотоод ертөнцийн сайн сайхан бол хамгаас эрхэм зүйл. Нинжин сэтгэлтэй байж нийгэмдээ илүү их буян үйлдэж чадна гэдгийг дүү нар минь үргэлж санаж яваарай гэдгийг онцлон захимаар байна.
-Таны сүмд монгол хүн ирж байсан уу?
-Үгүй. Би Хятадын бусад мужуудаар явж байхдаа монгол хүнтэй тааралдаж байсан. Харин энэ хийдэд ерөөс тааралдаж байгаагүй.
-Монголчуудын талаар хэр ойлголттой байдаг вэ? Монголчуудад хандаж юуг хэлмээр байна?
-Монгол хүн надад их таалагддаг. Чингис хааны оюун ухаан, эр зоригоос суралцах ёстой гэж би дандаа боддог. Манай Төвөд нутаг сайхан ч гэлээ би Монголын тал нутагт очиж үзэхийг үнэхээр их хүсэж байна.
-Монголчуудынхаа өмнөөс танд маш их баярлалаа. Амьдралд нь аз жаргал сайхан сайхныг хүсье.
Танилцуулга: Майдарын дуган бол Төвөдийн зүүн нутаг дахь буддын шашны Гэлүгвагийн урсгалын хамгийн том хийд бөгөөд Майдар бурхныг тахидаг учраас Майдарын дуган хэмээн нэрлэжээ. Тус хийдийг Зонхов бурхны шавь Шийрэвсамбуу 1437 онд анх байгуулжээ. 580 гаруй жилийн түүхтэй энэ хийдэд 1000 гаруй лам хувраг шавилан суудаг.