Налгар намрын улирлаар Өвөр Монголын зүүн биеийн нутгуудад хүрч, үндэсний ядуурлаас ангижирч, чинээлэг амьдралд хүрэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалтай танилцаж яваа “ЖАРГАЛТ АМЬДРАЛЫН ХУРАЙ, ЧИНЭЭЛЭГ НИЙГМИЙН УРИА” хэвлэл мэдээллийн нэгдсэн сурвалжилгын баг 8-р сарын 23-нд Өвөр Монголын Улаанхад хотын Харчин хошуунаас сурвалжилгын гараагаа эхлүүллээ.
Сурвалжилгын багийн очсон эхний өртөө болох Улаанхад хотын Харчин хошууны Лэй Ин Зы тосгон 26 квадрат километр нутагтай, 647 хүн амтай бөгөөд одоогоос 6 жилийн өмнө шороон зам, хуучин байшинтай жижигхэн ядуу тосгон байжээ. 2014 оноос уг тосгон аялал жуулчлалаар амьжиргаагаа сайжруулах бодлого дэвшүүлж, авто зам засаж, ууланд гарч мөөг, хээрийн ургамал түүж, түүнийгээ борлуулж, жуулчид татаж эхэлжээ. Тосгоны дэд бүтэц сайжрахыг дагалдан жуулчин их болж, хүмүүсийн үзэл бодол ч өөрчлөгдөн, аялал жуулчлалыг чухалчлах болжээ. Ингээд гэр буудал ажиллуулах хүмүүс ч олон болж, 2016 онд 35 өрх, 2019 он болоход 39 өрх гэр буудал ажиллуулан, тосгоны иргэдийн 90 хувь нь аялал жуучлалаар орлогоо нэмэгдүүлэн, нийтээрээ ядуугаас ангижирчээ. Тосгоны иргэн Лэй Дяньюйгийнх гэр буудал ажиллуулж, хотын айлуудаас дутахааргүй цэвэр цэмцгэр орон сууцтай, тансаг сайхан амьдарч байгааг газар дээр нь очиж танилцлаа.
“Манайхан уул нь маш ядуу өрх байсан. Амьдралаа өөд нь татахын төлөө хот орж ажил хийсэн ч жилийн орлого 20 мянган юаньд хүрэхгүй байж, амьдралаа өөд нь татах боломжгүй байлаа. Харин сүүлээр нь улсаас ядууг тэтгэх бодлого хэрэгжүүлснээр нутагтаа буцан ирж экологи, ойн хамгаалалтын ажилчин болж, хажуугаар нь гэр буудал ажиллуулсан. Одоо жилийн орлого 50 мянган юаниас давсан” гэж Лэй Дяньюй хэлж байлаа.
Үндэсний ядуурлаас ангижруулж, чинээлэг нийгмийг бүтээн байгуулах бодлогын ачаар Лэй Дяньюй шиг ядуу иргэд өдгөө нутаг усандаа баян тансаг амьдарч явна.