Усны амт
2020-10-17 15:26:44  

Усны амт
     -Ч.Гантөмөр

Бороон шаагих нь тэнгэрийн амт юм 
Булаг рашаан газрын амт юм 
Бодол сэтгэл хүний амт юм 
Будант орчлон нарны амт юм ээ 

Нүдэн хонгор хайрын амт юм 
Нүгэл буян заяаны амт юм 
Нүүдэл суудал Монголын амт юм 
Нисэх шувууд салхины амт юм ээ 

Хайлах цасан хаврын амт юм 
Хань ижил амьдралын амт юм 
Халуун хүйтэн нь хорвоогийн амт юм 
Харсан бүхэн өөрийн амт юм ээ 

Цэнхэр гараг усны амт юм 
Чи бидэн амины амт юм 
Цэцэг навчис талын амт юм 
Цэнгэг усан эрүүл амт юм ээ.