Мэдээлэл холбоо түгээмэл ашиглах болсон шинэ зуунд орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэхийн хэрээр цахимаар амьд мал борлуулах шинэ үйл ажиллагаа бий болсон нь малчдын хувьд маш их ач тустай байна. Намрын улиралд л мал зарж, орлогоо нэмэгдүүлэг малчид гар утас, интернэтээр дамжуулан үхэр мал худалдах, мэдээ мэдээлэл дамжуулах болж, мал аж ахуйн эргэлт илт түргэссэнээр гараа нухлан гачигдахгүй болов.
Солонго аяллын багийнхан 10 дугаар сарын 12-ны өдөр үхэр мал мөөрөлдсөн, хүн зон шуугилдсан, машин унаа түжигнэсэн хөл хөдөлгөөн ихтэй Чэнфэн мал тэжээврийн арилжааны төвийн малын захтай танилцлаа. Тус малын зах "Улаан үхрийн нутаг" гэгддэг ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин Зүүн гаран дунд хошууны Шээвэрт сууринд байрладаг.
Тунляо хотын Чэнфэн мал тэжээврийн арилжааны ХХК нь 2006 оны 06 дугаар сард байгуулагдсан. Тус компани мал худалдаалах чиглэлээр гол болгон жижиг зээлийн компани, автомашины худалдааны борлуулалтын компани, зочид буудал, зоогийн газар, цахим худалдааны компани, худалдааны төв зэрэг үйлчилгээг нэгтгэж, орчин үеийн тусгай мал худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон хөгжсөн байна.
Чэнфэн малын зах одоогийн байдлаар 180 мянган квадрат метр талбайг хамардаг ба мал худалдаалах хэсэг, мал түр хаших хэсэг, өвчтэй малыг түр тусгаарлан тэжээх болон ялгадас боловсруулах хэсэг зэрэг иж бүрэн үйлчилгээний талбайтай. Үүнээс 130 мянган квадрат метр мал худалдаалах талбайд махны чиглэлийн үхрийн талбай, тарга хүч сайтай үхрийн талбай, сүүний чиглэлийн үхэр болон бусад мал аж ахуйн бүс гэсэн дөрвөн хэсэгт ангилан голлон үхэр худалдаалдаг бол зарим тохиолдолд бусад мал ч худалдаалдаг байна.
- Үхрийн зах сардаа 12-13 өдөр ажилладаг. Хонь болон бусад төрлийн малын зах ч мөн 12-13 өдөр нээлттэй ажилладаг. Арилжааны өдөр болоход 5000 гаруй тээврийн машин арилжааны зах дээр ирж, нийт 15000 гаруй мал хүлээн авдаг. Хятадын зүүн хойдын гурван муж, Тяньжин, Хэбэй, Гуандүн, Шиньжян зэрэг 10 гаруй муж, 100 шахам хот, шянийг хамарч байна. 2020 онд махны чиглэлийн үхрийн худалдааны нийт хэмжээ 420 мянгад хүрсэн ба нийт гүйлгээний хэмжээ нь 7.5 тэрбум юаньд хүрсэн гэж Чэнфэн мал тэжээврийн арилжааны ХХК-ийн ажилтан танилцууллаа.

Нийгэм хөгжиж, мэдээ мэдээлэл цахимжин хөгжсөн өнөөдөр хүмүүс гар бие оролцохоос илүүтэй цаг, мөнгө хэмнэх, үр дүнг илүү түлхүү хөөцөлдөх болсон. Тус компани дэвшилтэт технологийг суралцахын зэрэгцээ өөрсдийнхөө хөгжлийн онцлогт тохируулан анхны “Амьд малын онлайн худалдаа"-г нээж ашиглалтад оруулжээ. 2013 онд Хятадын хамгийн анхны цахимаар амьд үхэр худалдах тавцанг байгуулсан түүхтэй. Энэ нь “Хятадын Хуанню вебсайт” буюу www.chinahuangniu.com юм. Тус тавцан ашиглалтад орсноор уламжлалт оффлайн борлуулалтын загварыг онлайн болон оффлайн нэгдсэн борлуулалтын загвар болгон хувиргаж, компанийн борлуулалтын суваг улам бүр өргөжин, орчин цагийн иргэдийн шаардлагад ч ач тусаа маш сайн хүргэж байна.

Махны чиглэлийн үхэр, саалийн үнээ зэрэг мал аж ахуйн салбарт тэргүүлэгч компаниудад гар утасны интернэт, үүлэн тооцоолол, дата зэрэг дэвшилтэт технологийг ашиглан мэдээллийн урсгал, бараа бүтээгдэхүүний урсгал, мөнгө төгрөгийн урсгал, ложистикийн урсгал зэрэг "Дөрвөн урсгалыг нэгтгэх” ажлыг биелүүлж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадвар, үр ашгийг сайжруулжээ.
Цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг даван туулж, онлайн болон оффлайн давхар гүйлгээний горимыг хэрэгжүүлж, цахим худалдааг мал аж ахуйн салбарт ашиглах болсон нь шинэ тэмдэглэлийг бүтээлээ. Цахимаар үхэр худалдаалах нь 2013 онд эхэлсэн боловч тухайн үеийн иргэдийн амьжиргааны нөхцөл байдал, ойлголт, зах зээл, интернэт сүлжээний мэргэжил технологиос шалтгаалан хүмүүс тийм ч сайн ашиглахгүй байсан бол тус компани нь онлайн худалдааны сүлжээндээ мэргэжлийн шинэчлэлт хийж, иргэдийн амьжиргааны нөхцөл байдал ч их өөр болсноор өнгөрсөн жилээс эхлэн иргэдийн дунд, тэр дундаа малчдын дунд түгээмэл ашигладаг нэгэн онлайн зах болжээ.


- Өнөөдөр би арваад үхэр авч ирсэн. Өнгөрсөн жилийн 08 дугаар сараас эхлээд үргэлж “Хятадын Хуанню вэбсайт”-аар дамжин үхэр худалдан авах, зарах болсон. Өнөөдөр болоход 500-600 гаруй үхэр онлайнаар дамжуулан худалдан авч мөн зарсаар байна. Онлайн борлуулалт их хялбар, тээвэрлэлт хийх шаардлагагүй, зардал бага, мэдээлэл солилцох, цахимаар тооцоо хийх зэрэг олон ашигтай талтай гэж онлайнаар үхэр зардаг Шуан Чуань сонирхууллаа.
Чэнфэн компани Өвөр Монголын Өөртөө Засах Орны түвшинд тэргүүлэх гол аж ахуйн нэгжийн нэг болсон бөгөөд аж үйлдвэржсэн менежментийн гүүр юм. Шээвэрт суурингийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулаад зогсохгүй ойр орчмынхоо эдийн засгийн хөгжилд үр дүнтэй дэмжлэг үзүүлсээр байна.
- Тус малын зах 297 ажлын байр бий болгож, жилийн туршид малын наймаа эрхэлдэг 5000 гаруй худалдаачныг бий болгон, зах зээлд түшиглэн ложистик, бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 27000 хүн ажиллуулж, нийтийн хоол, байр, амралт зугаалга, мэдээллийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, бөөний болон жижиглэн худалдаа зэргээр 15000 ажилтан ажиллуулж байна хэмээн Чэнфэн мал тэжээврийн арилжааны ХХК-ийн ажилтан тус малын зах ойр орчмын иргэдийн амьжиргаанд хэрхэн дэмжлэг үзүүлж байгааг танилцууллаа.
"Чэнфэний ядуурлыг бууруулах, үржүүлэх төсөл"-өөр амьдрал ядуу буурай байсан 45 айл өрх сард дунджаар 6500-10000 юанийн ашиг олох болжээ. Ийнхүү олон нийтийг ядуурлаас ангижруулж, орлогыг нь нэмэгдүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэжээ.
Ченфэн компани 20 гаруй жилийн хөгжил, хичээл зүтгэл, мөн улс орны таатай бодлогын ачаар өвөрмөц онцлогтой, өндөр технологийг агуулсан орчин үеийн мал аж ахуйн гүйлгээг бий болгож, шинэ зууны мал аж ахуйн захыг төлөөлж чадахуйц загварыг бий болгож чадсан байна.
Зохиогч: Нийтлэл: Х.АРВИНТАЛ, Б.ХУРЦ, М.БАНДИ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ