АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 1-ний өдөр мэдэгдэхдээ: мутацид орсон шинэ коронавирусын омикрон омгийн халдварын анхны тохиолдол тус улсад илэрсэн болохыг баталлаа гэжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан мэдээнд тэмдэглэхдээ: омикрон омгийн халдвар авсан нэг хүн 11-р сарын 22-нд Өмнөд Африкаас Калифорниа муж улсын Сан Франциско хотод буцаж ирсэн байна, түүний өвчний шинж тэмдгүүд хөнгөн учир сайжирч байгаа гэжээ. Халдвар авсан хүн өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд одоогоор түүний ойр хавьталын хүмүүсийн саяханы шинжилгээний үр дүн бүгд сөрөг гарсан байна. Сан Францискогийн эрүүл мэндийн албаныхан гэрчлэхдээ: 29-ний өдөр дээрх хүний шинжилгээний хариу эерэг гарч, Модена вакцины хоёр тунг тариулсан боловч нэмэлт тариа хийлгээгүй байсан гэжээ.
Калифорнийн амбан захирагч Ньюсом 1-ний өдөр хэлэхдээ, тус мужийн вирус илрүүлэх болон хянах систем нь омикрон омгийн халдварын тохиолдлыг илрүүлэхэд тусалсан байна, АНУ-ын бусад мужид омикрон омгийн халдварын тохиолдол аль хэдийн гарсан байж магадгүй гэжээ. Олон нийт омикрон омгийн халдварын эсрэг сонор сэрэмжтэй байх хэрэгтэй, гэвч сандрах хэрэггүй хэмээн тэрээр уриалсан байна.
40 сая орчим хүн амтай Калифорни муж нь АНУ-ын хамгийн олон хүн амтай муж юм, цар тахалд ихээхэн нэрвэгдсны улмаас одоогоор тус мужид халдварын батлагдсан тохиолдлын нийт тоо 4.8 саяыг давж, нийт нас барсан хүний тоо 73,700 гаруй болсон байна.