Ши Жиньпин Лаосын Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга Тонглун Сисулиттай цахим уулзалт хийв
2021-12-03 20:12:13  

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 3-нд Лаосын Ардын Хувьсгалт Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисулиттай цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ: Энэ он бол Хятад, Лаос дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой бөгөөд Хятад-Лаосын найрсаг жил юм. Ээдрээ ихтэй гадаад орчин нөхцөл хийгээд тус тусын улсын дотоодын цар тахлын халдварын сэргийлэлт, эдийн засаг нийгмийн хөгжлийн нүсэр хүнд үүрэг зорилтын өмнө Хятад, Лаос хоёр орон социализмын хамтын үйлсийг хамгаалах улс төр, стратегийн өндөрлөгөөс хоёр нам, хоёр орны харилцаа тасралтгүй шинэ шатанд дэвшихийг урагшлуулж, Хятад Лаосын хувь заяаны бат бөх нэгдмэл цогцыг үргэлжлэн бүтээн байгуулах хэрэгтэй юм. Лаосын талтай стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлэн, төр улсын засаглалын туршлагын солилцоогоо нэмэгдүүлж, Лаосын улс орны бүтээн байгуулалтын үйлст боломжийн хэрээр дэмжиж туслахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал Хятад Лаосын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааны нэгдсэн комиссын ерөнхий зохицуулалтын үүргийг сайтар хэрэгжүүлэн, Бүс ба замын хамтын бүтээн байгуулалт чанартай хөгжихийг ахиулж, ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшнээ тасралтгүй дээшлүүлэх ёстой. Хятад-Лаосын төмөр замаар өнөөдөр галт тэрэг нэвтрэн үйл ажиллагаагаа эхлүүлж, Лаос улсын “эх хуурайг холбосон орон болох” мөрөөдөл нь тун удахгүй биелэгдэхээр боллоо. Бид шинэ хэлбэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн хамтын ажиллагаагаа урагшлуулж, Хятад Лаосын эрчим хүчний дэд бүтцийн түншлэлийн түвшнийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, эдийн засгийн нээн хөгжүүлэх бүс, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэв.

Тонглун Сисулит хэлэхдээ: ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд цогтой халуун баяр хүргэж, ХКН-ын 19 дэх сонгуулийн 6-р удаагийн бүгд хурал түүхэн чанартай чухал үр бүтэмжид хүрсэн явдалд баяр хүргэж, Ши Жиньпин дарга, Хятадын нам, засгийн газар болон ард түмнээс урт хугацааны туршид Лаост нандин дэмжлэг туслалцаагаа олгосон явдалд талархал илэрхийлье. Ши Жиньпин дарга Лаос Хятад хоёр орны харилцааг өндрөөр үнэлэсэн хийгээд хоёр талт харилцааны хөгжилд чухал санаачилга дурдсаныг би бүрэн сайшааж байна. Хятадын талтай олон улсын үйл хэрэг дэх харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, АСЕАН Хятадын бүх талын стратегийн түншийн харилцааны хөгжлийг ахиулж, бүс нутгйин энх тайван, тогтвортой байдал, хөгжилд эерэг хувь нэмэр оруулахад Лаосын тал бэлэн байна гэжээ.