COVID-19-ийн улмаас 2020 онд хумхаа өвчнөөр илүү олон хүн өвджээ
2021-12-07 16:06:33  

Орон нутгийн цагаар 6-ны өдөр ДЭМБ шинэ ээлжийн “Дэлхийн хумхаа өвчний тайлан”-г нийтэлжээ.

Тайланд: 2020 онд хумхаа өвчний 241 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 627 мянга гаруй хүн хумхаа өвчний улмаас нас барсан нь 2019 оныхоос өвчлөлтийн тоо 14 сая орчмоор, нас баралт 69 мянгаар нэмэгдсэн явдал юм. 2020 онд хумхаа өвчний улмаас нас барсан хүмүүсийн гуравны хоёр орчим нь COVID-19-ийн улмаас хумхаа өвчний эмчилгээ нь тасалдсан юм уу эмчилгээ авч чадаагүйгээс болсон байна. Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүс нутаг нь хумхаа өвчинд хамгийн хүнд нэрвэгдсэн бүс нутаг хэвээр байгаа бөгөөд 2020 онд дэлхий даяар хумхаагаар батлагдсан тохиолдлын 95%, хумхаа өвчнөөр нас барсан хүмүүсийн 96% нь энэ бүс нутгийн оршин суугч болно. Түүнчлэн тус бүс нутагт хумхаа өвчнөөр нас барсан хүмүүсийн 80 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс, COVID-19 цар тахал дэгдэхээс өмнө дэлхий даяар хумхаа өвчний эсрэг тэмцэл аль хэдийн гацаанд ороод байсан. 2015 оноос хойш хумхаа өвчний улмаас нас барсан хүний тоо 24 улс орон, бүс нутагт нэмэгдсэн юм. Хумхаа өвчинд хамгийн их өртсөн 11 улсад батлагдсан тохиолдол 2015 онд 150 сая байсан бол 2020 онд 163 сая болж,  нас барсан хүний тоо 390 мянгаас 444 мянга 600 болж нэмэгдсэн. ДЭМБ-аас улс орнуудад хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зэрэг эрүүл мэндийн суурь үйлчилгээг бэхжүүлэхийг зөвлөж байна гэжээ.