Оны эхний 11 сарын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ нэмэгджээ
2021-12-07 16:04:18  

2021 оны эхний 11 сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 35 их наяд юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-иар нэмэгдэн, өнгөрсөн жилийн бүтэн жилийн импорт, экспортын нийт хэмжээнээс давсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газраас 7-нд мэдээлжээ.

Хятадын Гаалийн ерөнхий газрын бүртгэлийн дагуу, 2021 оны 1-ээс 11-р саруудад Хятад улсын гадаад худалдааны импорт, экспорт 35 их наяд 390 тэрбум юаньд хүрснээс экспорт 19 их наяд 580 тэрбум юань, импорт 15 их наяд 810 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр 21.8%, 22.2%-иар өсөн нэмэгджээ.

Экспортын хувьд Хятад улсын цахилгаан механик бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний экспорт нааштай амжилт тогтоожээ. Оны эхний 11 сард Хятад улсын цахилгаан механикийн бүтээгдэхүүний экспорт 11.55 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.2%-иар өсөн нэмэгдэв. Импортын хувьд үр тариа, байгалийн хий, нэгдсэн хэлхээ, автомашин зэрэг гол нэрийн барааны импорт өмнөх оны мөн үеийнхээс тус тус 19.7%, 21.8%, 19.3%, 7.1%-иар өссөн байна.

Гаалийн статистик мэдээгээр, оны эхний 11 сард Хятад улсын ердийн худалдааны импорт экспорт 21 их наяд 810 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.2%-иар өссөн бол үндэстэн дамнасан цахим худалдаа зэрэг шинээр тулгар хөгжиж буй худалдааны хэлбэрүүд эрчимтэй хөгжжээ. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн зах зээлийн төлөвийг улам сайжруулж байна. Оны эхний 11 сард Хятад улсын АСЕАН, ЕХ, Америк, Японтой хийсэн импорт, экспортын худалдааны хэмжээ тус бүр 5.11 их наяд, 4.84 их наяд, 4.41 их наяд, 2.2 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 20.6%, 20%, 21.1%, 10.7%-иар өссөн байна. АСЕАН бол Хятад улсын гадаад худалдааны 14.4 хувийг бүрдүүлдэг хамгийн том худалдааны түнш юм. Мөн хугацаанд Хятад улс "Бүс ба зам" дагуу орнуудтай хийсэн импорт экспортын худалдааны хэмжээ 10 их наяд 430 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23,5%-иар өссөн үзүүлэлт болно.