• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Номонд дуртай оюутан залуус уулзав

CRI       (GMT+08:00) 2016-10-17 10:20:00

10-р сарын 15-ны бямба гарагт Хятадын Ардын Их сургуулийн хичээлийн II байранд Бээжинд суралцаж буй номонд дуртай монгол оюутнууд цуглаж "Монголын өгүүллэгийн цоморлиг" номын тухай ярилцлаа. Энэ бол тэдний номын тухай хийсэн 14 дэх уулзалт бөгөөд тус уулзалтад Бээжингийн Зам Харилцааны Их Сургуулийн оюутан Э.Бат-Итгэл, Хятадын Ардын Их Сургуулийн оюутан Б.Батцэцэг, Бээжингийн Технологийн Их Сургуулийн оюутан Б.Баярчимэг тэргүүтэй Бээжин хотын янз бүрийн их сургуульд суралцдаг Монгол улсын хорь шахам оюутан залуус цугласан юм.

Эдгээр залуус 500 гаруй гишүүн бүхий "Номын өрөө" хэмээх вийчат групп ажиллуулж, түүгээрээ өөрт буй цахим номоо бусадтай хуваалцах журмаар солилцон уншдаг байна. "Номын өрөө" группийн гишүүдийн хагасаас илүү нь Бээжин хотод суралцаж буй Монгол улсын оюутнууд юм. Тэд урьд нь Пауло Коелогийн "Алхимич", Стивен Хокингийн "Цаг хугацааны товч түүх, Жорж Оурвэллийн "1984" зэрэг дэлхийд алдартай ном зохиолууд болон Б.Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч", Г.Аюурзанын "Бөөгийн домог" зэрэг Монголын зохиолчдын ном бүтээлийн тухай ярилцсан байна.

"Монголын өгүүллэгийн цоморлиг" номын тухай уулзалтад Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцын гадаад мэргэжилтэн, зохиолч До.Болдхуяг оролцож оюутан залуустай номын тухай ярилцаж, өөрийн эмхэтгэсэн "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номоо дурсгасан юм.

И.Сандаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе