• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням:Дэлхийд ганц хонхорын соёл гэж байдаггүй

CRI       (GMT+08:00) 2013-07-16 10:27:06

      МУСГЗ, доктор, профессор, зохиолч, яруу найрагч, Монгол судлалын цөөхөн эрдэмтдийн нэг Лувсандамбын Дашнямтай ярилцлаа. Тэр жил Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нартай өрсөлдөж явсан монгол судлалын эрдэмтэн, эдийн засагч гэхээр түүнийг андахгүй биз. Тэрээр Судалгаа шинжилгээ, уран зохиолын 40-өөд ном нийтийн хүртээл болгосон юм. Л.Дашням "Зүүдний манан" хэмээх нэгдүгээр ботьдоо шүлэг бичиж эхэлсэн цагаас хойших бүтээлээсээ түүвэрлэн оруулсан байгаа. "Чулууны дууль", "Сүнстэй бөгж" гэсэн хоёр, гуравдугаар ботио мөн л 1990 оноос өмнөх, хойших үргэлжилсэн үгийн зохиолуудаасаа шигшиж хэвлүүлсэн байна. 2013 онд хэвлүүлсэн "Ноолгой" гээд өгүүллэгийн номд орсон бүтээлээ ч "Сүнстэй бөгж"-д эмхэтгэжээ. Тус гурван ботид 1960-аад оноос өнөөг хүртэл бичсэн өгүүллэг, шүлэг болгоноо он дарааллаар нь жагсаасан байгаа.

      Л.Дашням гуайн бахархал гэвэл, Хүнд хэрэг болж мэдэх хэд гурван өгүүлбэр хэлхэж чадсан болов уу гэж найдан, дотроо омойтож явдаг. Лувсандамбын Дашням хэмээх энэ эрхэм хувь хүнийхээ үүднээс бол зохиол бүтээл шиг нь ойлгоход түвэгтэй нэгэн бус аж. Тэрээр Гурван дээд сургуульд эрдмийн зөвлөлийн даргын алба хашиж байна. ШУА, тэр дундаа Философийн хүрээлэндээ байнга очдог. "Шинжлэх ухаан, амьдрал" сэтгүүлээ улирал бүр гаргаж байна. Сүүлийн арваад жил тэрээр дэлхийн монгол туургатнуудын дунд ажиллаж байгаа. Буриад, Тува, Халимаг, Өвөрмонголоор жилд 2-3 удаа очдог. Завсар чөлөөгөөр нь өөрийнхөө бичих ажлаа хийнэ. Социализмын үеэс түүнд олгосон, өдгөө ч ач тусаа өгч байгаа нэг зуршил бол тэрээр өглөө бүр яг 06.00 цагт босож, юмаа бичдэг. 09.00 цагт ажил цуглахад түүнээс өмнө амжаад юмаа биччихдэг гэсэн. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүнийг "Аль ч бодистой урвалд ордоггүй, өөрийнхөөрөө зүтгэсэн тэр залуу уламжлал, шинэчлэлийн алиныг ч эс тоох, мэтгэдэг зангаа эс нуух, эрт боловсорсон түрүү намрын жимс байв" гэж тодорхойлсон байдаг. Д.Урианхай түүний талаар "Дотроо бодож байгаад хамгийн их цэгцтэй ярьдаг" гэсэн байдаг. Тэрбээр алтан үеийн хүмүүстэй хамт амьдарсан тухайгаа, тэдний талаар урьд хожид өөрөө юу гэж хэлж байсан тухай материал цуглуулж байгаа аж. "Нэлээд ойр дотно нөхөрлөж байсан, дараа үеийнхэндээ үгийг нь хүргэчих юм сан гэсэн 45 зохиолчийн тухай баримт материал надад байна. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуайгаас эхлээд нэг ёсондоо бол 100 жилийн өмнөх хүмүүстэй би ярилцаад сууж байж. Тэдний тухай бодит жишээгээр ном гаргах нь Монголын нийгмийн амьдрал, оюуны ертөнцийн нэгэн үеийн түүхийг харуулахаас гадна сэтгэгч бүтээгч хүмүүс юу бодож явдгийг залууст үлгэрлэхэд ихээхэн тустай байх болов уу" хэмээн Л.Дашням гуай хэлсэн. Аравдугаар ангид байхдаа зохиолч М.Цэдэндорж гуайнд амьдардаг байсан тэрбээр Монголын уран зохиолын томоохон "гал тогоо"-ны үйлчлэгч нь байсан гэдэг. Тэгсэн хэрнээ хожим хойно сурч байхдаа л дэвтэр дүүрэн шүлгээ М.Цэдэндорж гуайд үзүүлж, "Болчихсон шүлгүүд байна" гэсэн үнэлгээ авснаар "Цог" сэтгүүлийн "Таны шинэ танил" буланд нийтлүүлэх юм болсон ч тэр дэвтэр найрагчийн гэрээс алдагдсан юм гэнэ билээ. Нүүрэндээ хүүхэд шиг гэнэн гэмээр инээмсэглэл тодруулан, дотоод сэтгэлээсээ зөөлөн дулаан илч, энерги цацруулсан түүнтэй эрхэлж буй үйл хэргийнх нь талаар зуны нэгэн бороотой өдөр ийн ярилцлаа.

      Саяхан МУСГЗ, доктор, профессор, зохиолч Лувсандамбын Дашнямын 70 насны ойд зориулж, Монгол уламжлал Академи, ШУА-ийн ФСЭХ-ээс зохион байгуулсан "Монгол сэтгэлгээний уламжлал" Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2013 оны 5 сарын 22-ноос 23-ны өдрүүдэд "Ханбүргэдэй" төвд болсон юм. Тува улсын Засгийн газраас доктор, профессор Л.Дашнямын олон талт, үр бүтээлт үйл ажиллагаа, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж "Тува улсын шинжлэх ухааны гавъяат" цолоор шагнасныг Тува улсын Соёлын өвийг хамгаалах газрын дарга хатагтай У.П.Бичелдей эрдэм шинжилгээний хурлын үеэр албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн үеэр Монгол уламжлал Академиа болон Олон улсын тэнгэр судлалын Сангийн хооронд хамтран ажиллах Гэрээнд гарын үсэг зурав. Энэ үеэр профессор Л.Дашнямын уран бүтээлийн "Өглөө" тоглолт болж, түүний олон жилийн турш цуглуулсан Уран зургийн Үзэсгэлэнг зохион байгуулж, шилдэг бүтээлийнх нь 3 боть номыг толилуулсан байна.

     Доктор, профосор Л.Дашням гуайн тэргүүлдэг Монгол Уламжлал академи нэг их нүсэр орон тоотой биш. Дөрвөн л хүнтэй. Ганц туслах, хоёр шавьтайгаа ажил¬лана. Академийн хаалгаар ороход эрдмийн өргөө, цэцгийн хүлэмжинд морилж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Өнгө өнгийн цэцэг, ургамлууд алаглаж дулаан энерги цацруулна. Хананд битүү уран зураг өлгөөтэй. С.Саранцацралтын зураг өөрийн эрхгүй хараа булаана. Ер нь Л.Дашням гуайн гэрт ч, өрөөнд ч, номын өргөөнд ч бодит зүйлийг дүрсэлсэн зураг бараг харагдаагүй. Ихэнхдээ л таамаглал, төсөөлөл , бодрол төрүүлсэн уран зурагнууд цуглуулдаг бололтой. Энэ академийн өргөөнд оюутнууд ирж сонирхсон асуудлаараа Л.Дашням доктороор лекц уншуулна. Ер нь Монгол Уламжлал академи нь цомхон орон тоотой, ажиллаж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй мөртлөө олон чухал арга хэмжээг зохион байгуулж монгол судлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа төрийн бус байгуул-лага аж. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна, гадаадад болох хурал зөвлөгөөнд судлаач, зураач, эрдэмтэн гээд оюуны "талх үйлдвэрлэж" байгаа хүмүүсийг холбож оролцуулахыг чармайна. Ер нь энэ академийн шугамаар олон хүн гадаад явж номын дуу сонсч, газар үзсэн гэдэг юм билээ. Өнгөрсөнд "Дэлхийн монголчууд түүх соёл өнөөдөр" сэдэвт олон улсын хурал зохион байгуулахад Хорчин, Хөлөн буйр, Шинжаан, Дээд монгол, Ордо-соос олон судлаач эрдэмтэд хүрэлцэн ирж оролцжээ. Энэ үеэр монгол дээлний өдөр, Монгол үндэстний дууны аварга зэрэг тэмцээн зохион байгуулдаг болъё гээд монгол туур¬гатны нягтрах олон зүйлийг хөнд¬сөн гэнэ лээ. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе