• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Багш ээж

CRI       (GMT+08:00) 2011-11-07 15:27:20

     Хятад улсын эдийн засаг түргэн хөгжихийн хэрээр олон олон хүмүүс, тэр тусмаа анхан шатны иргэд гадагш гарч том дунд хотоор очин ажил хийж, харин тэдний үр хүүхэд нь хөдөө нутагтаа, аав ээжийнхээ аль нэгтэй нь, эсвэл өвөө эмээгийнхээ хамт амьдарч, "гэртээ хоцорсон жаал" хэмээн нэрийдэгдсэн байдаг.

     Шё Юуай бол Жянсү мужийн Тайжөү хотын Тайдүн дүүргийн сургуулийн 9 настай бяцхан сурагч байх үед, түүний аав ээж болон өвөө нь бүгд Бээжинд ажиллан, тэрээр бараг жил шахам өөрийн аав ээжтэйгээ уулзаагүй юм байна. Шё Юуай хэлэхдээ, "Би бараг жил шахам аав ээжтэйгээ уулзаагүй, би тэднийгээ маш их санаж байна. Ялангуяа сургууль хичээл эхлэх үеэр, ангийн хүүхдүүдийг бүгд аав ээж нь хүргэж ирэхийг хараад би их бахархаж атаархдаг. Би аав ээжээ санах үед утсаар л ярьж, шөнө нь аав ээж хоёулаа намайг сургуульд хүргэж очиж байна гэж зүүдэлдэг" гэлээ.

     Тайдүн дүүргийн сургууль нь Тайжөү хотын хотын төвийн зүүнтэй, галт тэрэгний вокзалын өмнө талд байрлаж, ойр хавьд нь их олон зах зээл, дэлгүүр наймаа ажиллаж, их олон гаднаас ирсэн хүмүүс энд хурж ажил хөдөлмөр хийдэг. Тийм болохоор тус сургуульд сүүлийн хэдэн жил гаднаас иж ажил хийж байгаа хүмүүсийн хүүхэд болоод гадагш гарч ажил хийж байгаа айлын хүүхдүүд олонтой болжээ. Сургуулийн эвлэлийн үүрийн дарга Чэнь Вэй танилцуулахдаа, "2011 оны 3-аас 7-р саруудад, манай сургуулийн бага ангийн 1204 сурагчийн дотор гадагш гарч ажил хийж байгаа хүмүүсийн ар гэртээ хоцорсон хүүхэд 33, гаднаас Тайжөү хотод ирж ажил хийж байгаа хүмүүсийн хүүхэд 242 байж, нийт сурагчийн 23 хувийг эзэлж байна. Дунд сургуулийн хэсгийн 512 сурагчаас ар гэртээ хоцорсон хүүхэд 7, гаднаас ирсэн хүүхэд 89 байж, нийт дунд сургуулийн сурагчийн 19 хувийг эзэлж байгаа юм" гэжээ.

     Эдгээр ар гэртээ хоцорч, аав ээжээсээ холдсон хүүхдүүдийг хайрлаж халамжлах үүднээс, 2008 оны эхээр, Тайдүн дүүргийн сургууль нь бүх багш ажилтнуудаа хандан "багш ээж болох" уриалга гаргаж, тэр дороо 36 залуу багш сайн дураасаа өргөдөл дэвшүүлэн, нэг багш нэг сурагчийг туслах үүргийг хүлээж ажилласан байна.

     Багш ээжийн эгнээ нь анх 36 байсан бол эдүгээ 83 хүрчээ. Тэр тусмаа багш ээж нарын ихэнх нь 35 хүрээгүй насны залуу багш нар байж, олонх нь бүр өөрсдөө ч аав ээж болоогүй аж. Гэвч тэд ээж хүний энэрэнгүй хайраар ар гэртээ үлдэж хоцрон, аав ээжийн хайр халамжаар дутаж яваа сурагчдаа өөрийн хүүхэд шигээ хайрлан халамжилж байдаг. Тус сургуулийн Жөү Шуаймэй багшийг сурагч нар нь "Жөү ээж" хэмээн дууддаг. Тэрээр хэлэхдээ, "аав ээж нь гадагш гарч, хүүхдийн хичээл ном, амьдрал дээр туслах, үлгэр жишээ болох нь дутагдаж байгааг хараад багш нь болсны хувьд би их сэтгэл зовнидог. Тийм ч болохоор өөрийн чадлын хэрээр эдгээр хүүхдийг илүү харж харгалзахыг бодож явдаг юм" гэлээ.

     Шё Юуай эмээтэйгээ хамт амьдардаг. Айлын ганц хүүхэд мөртөө аав ээж нь байнга дэргэд нь байдаггүй болохоор эмээ нь түүнийг маш их эрхлүүлж, ерөөс уурлаж загнадаггүй байлаа. Мөн гэрийн гурван том хүн нь их хотод ажил хийж байсан учраас тэдний амьдрал нь нэлээд сайн байж, Ше Юуай өдөржин аахар шаахар идэх юм идэж, гурван цагийн хоолоо харин цагт нь идэхгүй, өдөржин наадаж тоглоод, хичээл сурлагадаа шамддаггүй байжээ. Үүнийг Шё Юуайгийн ангийн эрхлэгч Жан Айжэнь багш олж мэдээд түүнд түлхүү анхаарал хандуулж, зааж сургадаг болжээ. Жан багш хэлэхдээ, "Ердийн цагт би зав л олдвол Ше Юуайтай хамт байж, түүний гэрийн байдал, бодол сэтгэлийг нь ойлгож, зөв байвал сайшаан урамшуулж, буруу зүйл байвал сайхан хэлж сургадаг. Мөн түүний сурлагыг сайжруулахын төлөө, би амралтын цагаараа тэднийд очин түүнд хичээл нөхөж, дасгал даалгаврыг жолоодож хийлгэдэг. Одоо, Шё Юуайгийн сурлага хичээл нь сайжирч, бүр ч томоотой, эмээгийнхээ үгийг сонсдог хүүхэд болсон шүү. Нэг удаа би тэднийд очиход Шё Юуайгийн эмээ нь миний гараас чанга атган, Жан Багш аа, танд манайх нь яаж талархахаа мэдэхгүй байна, ёстой баярласан шүү гэсэн. Тэгэхэд би, хүүхэд чинь эрүүл сайхан өсөж томоожвол багш нь болсон би та нартай адилхан баярлана шүү гэсэн" гэлээ.

     Жан багш гээд хэлэхтэй зэрэг Шё Юуай их олон ярих зүйлтэй болдог. Тэр хэлэхдээ, "Жан багш надад маш сайн, хоолны цаг болохоор, Жан багш надтай хамт сургуулийн ресторанд очдог. Тэгээд миний хамгийн дуртай хоолыг захиалж өгдөг. 6-р сарын 1-ний хүүхдийн баяр болохоор надад бас бэлэг авч өгсөн. Жан багш ээжтэй минь ав адилхан шүү" гэлээ.

     Мөн Тайдүн дүүргийн сургуулийн сурагч Шё Таогийн аав ээж нь жилийн турш гадагш гарч ажил хийж, тэрээр өвөө эмээгийнхээ хамт амьдарч, багаасаа үг дуун цөөн, зөрүүд зантай хүүхэд юм. Гэвч тэрээр багш ээжтэй болсноос хойш, том хүнийхээ үгийг сонсож, хичээл сурлагадаа илүү шамдах болсон байна. Шё Таогийн өвөөгийнх нь хэлэхээр, "миний зээ багаасаа үг дуугүй, бодсон юм бүхнээ дотроо дарж, бидэнд ярьж хэлдэггүй юм. Тэгээд аав ээж нь дэргэд нь байдаггүйгээс ч юм уу бүү мэд, өдөржингөө л нэг урамгүй байж байдаг. Харин сургуулийнх нь Жан багш түүний багш ээж нь болж, түүнийг харж харгалзсаны дараа, тэрээр их өөрчлөгдөж, хүн хартай уулзвал бүр сайн уу? Мэнд үү?-тэй болж, эмээдээ туслан гэрийн ажил хийх болсон. Үүнийг хараад бид ёстой их баярлаж, Тайдүн дүүргийн багш ээж нарт үнэхээр их баярлаж явдаг" гэлээ.

     Судалгааны дүнгээс харвал, эдүгээ Хятадын хөдөө тосгоны "ар гэртээ хоцорсон хүүхдийн" нийт тоо 58 саяыг давж, үүнд аав ээжээс нь нэг хүн гадагш гарч ажиллаж байгаа хүүхэд 57 хувийг эзлэн, аав ээж нь хоёулаа гадагш гарч ажил хийж байгаа хүүхэд 43 хувийг эзэлж байдаг. Аав ээж нь гадагш гарч, урт хугацаагаар хүүхэдтэйгээ хамт байлцаж чаддаггүй болохоор эдгээр хүүхдүүд маш амархан сэтгэл зүйн дарамтанд өртөж, зан ааш нь ихэд өөрчлөгдөн, хичээл сурлагад нь сөргөөр нөлөөлж байдаг. Хятадын засгийн газар болон холбогдох байгууллагууд үүнд маш их анхаарал хандуулж, олон төрлийн зохицуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

     Жишээлбэл, 2011 оны 4-р сард, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Шаньши мужид ажиллах хугацаандаа ар гэртээ үлдэж хоцорсон хүүхдүүдийг тусгайлан эргэж үзэн, тэднийг урамшуулж зоригжуулсан байдаг. Тэгэхэд дээр дурдсан Тайдүн дүүргийн сургуулийн багш ээж бол Хятадын нийгэм даяар тэдгээр ар гэртээ үлдэж хоцорсон хүүхдүүдийг асарч халамжилж байгаагийн нэг нийтлэг жишээ байж, нийгэм нийтийн иймэрхүү дотно хайр халамжтайгаар ар гэртээ хоцорсон хүүхдүүд эрүүл чийрэг, баяр бахдалтай өсөн бойжно гэдэгт бид итгэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе