|
|
||
Үзэсгэлэнт сайхан цайны уул, эртний сүүдрэвч, дотор нь уул руу харан "Гасанла ээж" хэмээх дууг дуулах бяцхан охин....
Энэ бол "Дуртай тоглоом " хүүхдийн драмын бүлгэмийн саяхан зургийг нь авч дуусгасан богино хэмжээний "Хамгийн сайхан ирээдүй" киноны зураг авалтын хэсэг болно. Уг киног сайн дурынхан болон ар гэртээ харах хүнгүй үлдсэн хүүхдүүд үнэгүй зураг авахуулж тоглосон кино болох юм.
"Дуртай тоглоом " бүлгэм нь 2009 онд байгуулагдаж, тухайн үед цус хандивлагч сайн дурынхан цусаа хандивлахыг сурталчлах киноны зургийг авахын тулд Чэндү хотын залуучууд, сайн дурынхны нийгэмлэг "Дуртай тоглоом " драмын жүжгийн бүлгэмийг байгуулсан байна. Сурталчилгааны киноны талаарх олны сэтгэгдэл сайн байсан тул мэргэжлийн хүмүүс болон сонирхогчид уг бүлгэмд нэгдэн орцгоосон байна. 2010 онд уг драмын жүжгийн бүлгэм Чэндү хотын Мянжян дүүргийн "Ай юуши" соёлын төвийн нэрээр бүртгүүлсэн байна. Уг төвийн захирлаар Лю Фий ажиллах болжээ. Хүүхдийн драмын жүжгийн бүлгэмийг гэр орондоо харж хандах хүнгүй хүүхдүүдэд зориулан байгуулсан юм. Уг бүлгэмийг байгуулах шалтгааныг яривал электрон хөгжмөөс эхэлж ярих хэрэгтэй.
Лю Фий бол олон нийтийн үйл ажиллагаанд халуун сэтгэлээр идэвхтэй оролцдог, 2006 оноос гэртээ үлддэг Сяочин гэх хүүхдийг хөрөнгө мөнгөөр тэтгэн тусалж эхэлжээ. Сяочин хөгжимд их сонирхолтой байсан тул Лю Фий түүнд нэг электрон хөгжим бэлэглэсэн аж. Жилийн дараа Лю Фий Сяочинийг эргэн очиход бяцхан охин түүнд электрон хөгжим хөгжимдөн өгчээ. Лю Фий түүний хуруу хөгжмөө буруу дарж байгааг ойлгосон байна. Сяочинд заагаад өгөх багш байгаагүй тул өөрөө сурсан юм байна. Эдгээр хүүхдүүдэд зөвхөн эд зүйлээр туслах нь учир дутагдалтай юм байна, харин сэтгэл санаа болоод оюун санааны халамж их шаардагдаж байгааг Лю Фий ойлгожээ. Ийнхүү Лю Фий энэ асуудлыг бодолхийлж эхэлсэн байна.
Тухайн үед Сычуань мужийн Коммунист залуучуудын хороо хотод ирж ажил эрхэлж байгаа хүмүүсийн үр хүүхдүүдийг халамжлах тухай кино зураг авахаар төлөвлөж байжээ. Лю Фий болон сайн дурынхан энэ тухай мэдсэний дараа уг төслийг хэрэгжүүлэхээр тус хороонд өргөдөл гаргаж батлуулсан байна. "Дуртай тоглоом " хүүхдийн драмын бүлгэм ийнхүү байгуулагдаж, олон нийтийн чанартай богино кино "Хамгийн сайхан ирээдүй"-ний зургийг авч эхэлжээ.
Уг киноны зураг авалтыг Жягуань суурингийн Юйба тосгонд хийхээр болж, Лю Фий сайн дурынхантай тус газар дээр ирж танилцсан байна. Эдгээр хүүхдүүд аав ээж нь дэргэд нь байхгүй тул зан ааш зэрэг тал дээр асуудал оршиж байж мэднэ гэж бодож байсан ч Юйба тосгонд ирсний дараа тэд хүүхдүүд, ойр дотнын хүмүүстэй байхыг их эрмэлздэгийг ойлгосон байна. Энэ нь хүүхдүүд хүмүүсээр илж таалуулах, тоглож наадахыг ихэд хүсч байгаагаар илэрч байлаа. Тэд сайн дурынхнаас гар салгалгүй дагаж, хүн хүнтэйгээ дотносох сайхан мэдрэмжийг сая л нэг мэдэрч байгаа мэт. Тэдний зарим нь 14 нас хүрч аль хэдийн биеэ даасан "том хүн" болсон байна.
"Хамгийн сайхан ирээдүй" кинонд хогийн хаан гэж нэрлэгддэг хүүхэд байдаг. Түүний түүх бодит амьдралаас үүдэлтэй. Энэ хүүхэд шиг насны хүүхдүүд уг нь сургуульд цог золбоотой, хүсэл эрмэлзэлтэй явж байх ёстой. Гэтэл тэрээр сургуульд явахгүй, бусад хүүхдүүдтэй нөхөрлөхгүй, зөвхөн лонх сав түүж мөнгө олохыг л боддог байв. Тэрээр аав ээж нь мөнгө олохын тулд гэр орноо орхин гадагшаа гарч ажил хийснээр түүнд эцэг , эхийн хайрыг эдлүүлж чадаагүй гэж боддог байна. Зөвхөн мөнгөтэй л бол бүх л юмтай болно, аав ээж нь ч гадагш гарч ажил хийх хэрэггүй болох учир өөрөө ч тэднийхээ хайр халамжийг хүртэх болно гэж үздэг. Энэ бол нэгэн 8 настай хүүхдийн "мөрөөдөл" юм. Маш олон хүүхдүүд иймэрхүү бодолтой байгааг Лю Фий нар энэ удаа ойлгож мэдэрсэн байна. Лю Фий хэлэхдээ,
Тэр хүүхэд миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлсэн, тэр хүүхэд бол миний энэ удаагийн очсон тосгоны ихэнх хүүхдийн төлөөлөл юм. Би тэднээс "Та нарын мөрөөдөл юу вэ?" гэж асуухад тал хүүхдүүд нь "Бидний мөрөөдөл бол их мөнгөтэй болох" гэв. Учир нь тэдний бүхий асуудлыг мөнгө бий болгосон, мөнгөтэй бол бүх асуудлыг шийдэж болно гэж тэд үзэж байлаа. Тэд гэртээ яагаад ганцаараа үлдэх болсон бэ гэхээр аав ээж нь мөнгө олохоор явсан, учир тэдний гэр нь их ядуу, мөнгөгүйгээс болсон гэдэг байлаа. "Хогийн хаан" маань эсрэг тийшээгээ хөгжиж ч магадгүй юм. Тэр мөнгө төгрөгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болж ч магад. Иймээс бид энэ кинонд энэ тухай асуудлыг хөндсөн юм. Эдгээр хүүхдүүдийг хэн нэгэн нь харж хандах хэрэгтэй, тэдэнд зөв бодол санааг суулгаж өгөх хэрэгтэй гэжээ.
Нэн олон хүнийг эдгээр гэр орондоо үлдэж хоцорсон хүүхдүүдийг халамжлуулахын төлөө сайн дурынхан уг киног сайн үйлдэхээр шийдсэн байна. Тухайн үед "Дуртай тоглоом " хүүхдийн драмын бүлгэмд 20 мянгахан юаньтай, мэргэжлийн тоног төхөөрөмж байхгүй мөртлөө, мэргэжлийн жүжигчин ч байхгүй тул кино хийх гэдэг биелүүлж болшгүй үүрэг байлаа. Гэвч тэдний шаргуу хатуужилтай хүчин зүтгэлээр уг үүргийг амжилттай биелүүлсэн байна. "Хамгийн сайхан ирээдүй" киног хийх явцад сайн дурынхан хүч хөдөлмөр зарцуулан, мөнгө төгрөгтэй нь мөнгө гаргаж хамтын чармайлтаар бүтээсэн юм. Уг киноны зургийг авах явцад 10 метрийн зураг авалтын алсын хөшүүрэг болон мэргэжлийн дуу хураах тоног төхөөрөмж шаардлагатай болоход, бүлгэмийнхэнд худалдан авах мөнгө байтугай түрээслэх мөнгө ч байсангүйд рекламны компанитай сайн дурын ажилтан Тань Хайшань тэр дороо л өөрийн тоног төхөөрөмжийг авчирсан байна.
Зураг авалтын үеэр ширүүн бороо орж, шавар шороо нурж урсан байгалийн гамшиг болж нөхцөл байдал маш хүнд хэцүү байсан ч сайн дурынхан болоод кинонд тоглож байсан хүүхдүүд өөр өөрсдийн хүч хөдөлмөрөө зарцуулан хүндрэл бэрхшээлийг даван туулсан байна.
Киног хийхийн угийн зорилго нь хүмүүст эдгээр гэр орондоо үлдэж хоцорсон хүүхдүүдэд туслахыг ухуулах байсан ч зураг авалтад оролцсон хүүхдүүд ч сэтгэл санааны арвин их олз омогтой болсон байна. Тэд хүүхдийн дүрд тоглох явцдаа өөрийн сэтгэлийг нээсэн байна. Драмын бүлгэм ч сэтгэл зүйн 2 мэргэжилтэнг ажиллуулж, хүүхдүүдийн сэтгэл зүйг удирдаж, хүүхдүүдэд сэтгэл зүйн эрүүл мэндийн эмчилгээг хийсэн байна. Энэ нь мөн Лю Фий болон "Дуртай тоглоом " бүлгэмийн хүчин чармайлтын хандах зүг болно.
Энэ төслөөс гадна одоо Хүүхдүүдийн драмын бүлгэм мөн Сү Пө, Вэньжян, Даюань зэрэг 3 газар уг төслийг хэрэгжүүлж байна. "Дуртай тоглоом " бүлгэм улам олон газрын гэртээ хоцорсон хүүхдүүдэд улам их хөөр баяр, хүсэл эрмэлзлийг өгөх төлөвлөгөөтэй байна.
Эд материалын талаар эдгээр хүүхдүүдэд туслахын зэрэгцээ оюун санааны талаас нь тэдэнд хайр халамжийг өгч , тэднийг хүсэл мөрөөдөлтэй, эрүүл саруул ирээдүйтэй, баяр хөөртэй өсөн бойжуулах нь "Дуртай тоглоом " бүлгэмийн сайн дурынхны хүсэл мөрөөдөл болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |