• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Мянган хүсэл мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх үйл ажиллагаа

CRI       (GMT+08:00) 2011-11-07 16:12:19

     Ляо Нин мужийн коммунист залуучуудын эвлэл: "Мянган хүсэл мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх үйл ажиллагаа

     Хэрэв бурхан чиний нэг мөрөөдлийг биелүүлж өгье гэвэл чи юуг хүсэх вэ? 12 настай бяцхан охин Цүй Иүюань мөрөөдлийн ил захидал дээрээ ингэж бичсэн байлаа: "Унадаг дугуйтай болохыг л хүсч байна. Тэгвэл би хамаг хурдаараа сургуульдаа хүрч очиж, хичээл тарсны дараа мөн л хамаг хурдаараа гэртээ харьж ирээд ээждээ тусалж, эмээгээ харах болно."гэжээ.

     Цүй Иүюань Ляонин мужийн Факү шяньд амьдардаг бөгөөд Факү шяний И Нью Бү Зы сургуулийн 5-ийн 3-р ангид сурдаг. Багшийн нүдэнд тэрээр нэгэн гэнэн цайлган, хичээл сурлага, хүмүүжлийн аль аль талаараа шилдэг сайн сурагч аж. Тэднийх дөрвүүлээ, эмээ нь нас дээр гарсан тул бие муу, ээж нь сэтгэлийн гүн дарамттай, аав нь гадагш гарч ажил хийдэг тул түүний амьдрал нь ангидаа хамгийн хэцүү нь. Харин тэгэхэд тэрээр сургуульдаа бол баргийн хүүхдэд байдаггүй баясгалантай, хатуужилтай, өөртөө итгэлтэй нэгэн билээ. Цүй Иүюаний мөрөөдөл нь "Унадаг дугуйтай болж, хамаг хурдаараа сургуульдаа очиж, гэртээ харьж байх" болно. Энэхүү мөрөөдөл нь ихэнх хүмүүсийн хувьд жижигхэн мэт санагдавч түүний хувьд биелэхэд төвөгтэй юм.

     Цүй Иүюаньийн бичиж үлдээсэн мөрөөдлийн ил захидал нь Мөрөөдөл биелүүлэх сүлжээн дэх үй олон ил захидлуудын нэг нь юм. Энэхүү бяцхан ил захидалд тариачин ажилчны хүүхдүүдийн сэтгэл зүрхэн дэх хамгийн эгэл жирийн мөрөөдлийг тусгажээ. Мөрөөдөл биелүүлэх сүлжээ нь Ляо Нин мужийн коммунист залуучуудын эвлэлээс зохиож буй "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх ажиллагааны нэг арга хэмжээ нь юм. Тус арга хэмжээ нь "Мянган өгүүлбэр бүхий мянган мөрөөдлөөр мянган мөрөөдөл биелүүлэгчдийг хайх"-ыг үйл ажиллагааныхаа үзэл баримтлалаа болгож байгаа бөгөөд энэ нь Ляо Нин мужийн өрнүүлсэн "Халамжийн ажиллагаа"-ны чухал нэр бүхий хөтөлбөр юм. "Мянган хүсэл" гэдэг нь тариачин ажилчны үр хүүхдүүдийн үнэн бодит, тодорхой хүсэл шаардлага. "Мянган эрэл" гэдэг нь нийт нийгмийн хүрээнд аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн байгууллага эсвэл хувь хүнийг сайн санааны ажиллагааны түншээр ажиллуулж, "Мөрөөдөл биелүүлэгч" болгож, тариачин ажилчны үр хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн зэрэгцээ сайн дурынхныг сайн санааны ажиллагаанд оролцох хүслийг нь биелүүлэх явдал юм.

      Ляо Нин мужийн сайн дурын залуучуудын нийгэмлэгийн байнгын ажил хариуцсан нарийн бичгийн даргын орлогч И Чэнлюе бол "Мянган хүсэл, мянган эрэл" ажиллагааг төлөвлөж, зохион байгуулсан хүмүүсийн нэг юм. Тэрээр хэлэхдээ, сайн дурынхныг холбосноор тариачин ажилчин гэр бүлийг нийгэмд улам ойртуулах нь тус хөтөлбөрийн эхний зорилт юм гэжээ.

     "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх үйл ажиллагаа нь тариачин ажилчны үр хүүхдүүдэд хайр халамжийг хүргэж, амьдрал ахуйд нь туслах болно. Бид голдуу тариачин ажилчны үр хүүхдийн мөрөөдлийн эргэн тойронд, бяцхан хүслийг нь биелүүлж, харилцан холбох тавцанг байгуулах болно."гэв.

     "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх үйл ажиллагаанд Дүн Фанюань сайн дурынхны ажлыг зохицуулах ажлыг голлон хариуцаж байгаа төдийгүй өөрөө ч сайн дурынхны нэг юм. Тэрээр хэлэхдээ, тус ажиллагааг эхлүүлснээс хойш нийгмийн олон салбараас ихээхэн дэмжиж, сайн дурынханд бүртгүүлэх нь санаанд багтахааргүйгээр өрнөж байна гэлээ.
"Анх бид "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх ажиллагаанд ийм олон сайн дурынхан оролцоно гэж бодоогүй. Нийгмийн олон хүмүүс утсаар шууд ярьж оролцох хүслээ илэрхийлж байсан, зарим нь сайн дурынхны нийгэмлэгт бүртгүүлэх хүсэлтэй байлаа. Янз бүрийн ажил төрөлтэй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд сайн дураараа оролцсон юм. Яг л нэг баг, хамт олон мэт бидэнд маш олон үйлчилгээг үзүүлсэн. Тухайлбал, хүүхдүүдийг тосох зэрэг ажилд хувийн зардлаараа оролцоцгоосон. Бас зарим тариачин, ажилчид, уг үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхийн хувиар сайн дураараа уг хөтөлбөрт оролцож өөрсдийн чадлын хэрээр тусалцгаасан байна. Багш нар ч хүүхдүүдэд маш их санаа тавьж байлаа. Түүнчлэн настайчууд ч ач зээ нараа дагуулан оролцож байв. Тие Линд байхад, нэгэн эр хоёр хүүхдээ дагуулж очиход хүүхдүүдийнх нь сэтгэл ихэд хөдөлж байхыг хараад тэр дор нь хорин мянган юанийг хандивласан юм. Тэрээр хэлэхдээ, би хоёр хүүхдэдээ өнөөдрийн сайн сайхан амьдрал тийм ч амар ирээгүй юм гэдгийг ойлгуулах гэсэн юм. Ийм олон хүүхэд ядуу хүнд амьдралтай байна." гэлээ.

     "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх ажиллагааг сурвалжлах явцад сэтгүүлч зарим сайн дурынхантай уулзаж ярилцсан юм. Шы Мин бол тус байгууллагын жирийн нэгэн гишүүн. Саяхан болж өнгөрсөн зуны амралтаар тэрээр өөрийн хань Юй Шаокайтай хамт тариачин ажилчны үр хүүхдүүдийг халамжлах ажиллагаанд оролцсон аж. Тэрээр хэлэхдээ, өмнө нь сайн санааны ажиллагаа нь мөнгөтэй хүн юм уу чадалтай хүний л хийдэг ажил гэж би хувьдаа бодож байсан. Харин өөрөө сайн дурынхантай харилцаад ирэхээр тэд нар ч гэсэн эгэл жирийн хүн гэдгийг мэдсэн, зарим нь бүр сурагч, биеийн хүчний ажилчин байсан гэлээ. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл нь маш өчүүхэн, ерийн нөхцөлд маш амархан биелүүлчихмээр байгаа юм. Хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэх тоолонд сайн дурынхны нэг болохын хувьд надад маш аз жаргалтай, бахархалтай санагддаг гэж тэрээр ярьж байлаа.

     "Тус арга хэмжээнд хамрагдсан хүүхдүүдийн бяцхан хүсэл мөрөөдөл нь хүний сэтгэл шимширмээр: нэг номын цүнх, бал, үлгэрийн ном эсвэл метронд суух, тоглоомын паркт очих гэхчлэн хотод байгаа хүүхдүүдийн байнга л хийдэг зүйл нь тэдэнд тансаг зүйл мэт санагддаг аж. Хэдэн өдрийн өмнө би хүүхдүүдийг дагуулан ажил мэргэжилтэй биеэр танилцах хотхонд очлоо. Хүүхдүүд тоглох зуураа эцэг эхийнхээ ажил байдалтай танилцахын хамт ажлын байран дахь бэрхшээлийг бас ойлгож мэдэрсэн юм. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан тэд өөрсдөдөө хичээл сурлагын зорилго, хүсэл мөрөөдлөө гаргаж чадсан бөгөөд байнга дэргэд нь байдаггүй эцэг эхчүүдийн тэдэнд өгч байгаа хайр халамж нь адилхан гүн зузаан юм гэдгийг мэдэрч ойлголоо. Маш олон мөрөөдөл биелүүлэх ажиллагаа нь бидний хувьд хялбархан ч хүүхдүүдэд нөлөөлөх нөлөө нь асар их юм. Тэдэнд тусалж мөрөөдлийг нь биелүүлэх төдийгүй хамгийн чухал нь нийгмийн олон салбарынхны тэдэнд үзүүлж буй хайр халамжийг ойлгуулж байгаа бөгөөд тэдний бусдад тусалж, нийгмийн ач тусыг хариулах хүмүүжлээр хүмүүжүүлж байгаа юм. Түн Яао гэдэг хүүхэд миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Түүний хичээл сурлага нь тасалдахаа байж, энэхүү хайр халамжаа түүнээс ч илүү их хэрэгцээтэй хүнд өгөхийг хүссэн бөгөөд цаашид заавал бусдад тусалж, энэхүү хайр халамжийг үргэлжлүүлэх болно гэж ярьж байсан юм. "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх ажиллагаанд оролцсон маань миний хувьд маш азтай, жаргалтай байна. Хүүхдүүдийн мишээж буй царайг хараад би улам баяр баясгалантай, сэтгэл ханамжтай байна. "

     Маш олон сайн дурынхан "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх ажиллагаагаар дамжуулан маш их ухаарал, хүмүүжлийг хүртэж, улам халамжтай, хариуцлагатай болсон юм.

     "Авто машинтай анд" сайн дурынхан "Лань Ян Ян", Ляо Нингийн зам харилцааны радио нэвтрүүлгээр дамжин "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх үйл ажиллагаанд оролцсон юм. Тэрээр хэлэхдээ, энэхүү аялах мөрөөдлийн арга хэмжээний нэгэн гишүүний хувьд, их бахархалтай санагдаж байна. Энэхүү ажиллагаа маш их ач холбогдолтой юм. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл нь гэнэн цайлган юм. Миний хүлээж авсан нэгэн мөрөөдлийн ил захидал дээр ийнхүү бичсэн байлаа: "Би өнгийн харандаатай болохыг хүсч байна"! Энэхүү мөрөөдлийг хараад надад үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэгдэл төрж байсан юм. Бидний хийж чадах болон хүүхдүүдийн хүсэх зүйл тийм ч их биш байж магадгүй юм. Тэгэхдээ бид хүүхдүүдэд талархах ёстой, бидэнд хайраа илэрхийлэх боломж олгосонд баярлах ёстой гэж бодож байна."

     2011 оны 3-р сард "Мянган хүсэл, мянган эрэл" мөрөөдөл биелүүлэх ажиллагааг эхлүүлснээс хойш өнөөг хүртэл, Ляо Нин мужид нийт 70 мянга гаруй сайн дурынхныг оролцуулж, 700 гаруй сургуулийг холбон, 35569 хүнийг хамруулж, тариачин ажилчны хүүхдүүдэд нийт 420 мянга гаруй цагийн халамжийн үйлчилгээг үзүүлж, хандивласан барааг юанаар тооцвол нийт 2 сая 20 мянгад хүрсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе