• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Германд зүү эмчилгээ хөгжиж байна

CRI       (GMT+08:00) 2017-05-23 17:14:35

Эрхэм сонсогчид оо, эртний түүх Хятадын уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээ бол Хятадын шинжлэх ухааны нандин өв юм. Сүүлийн хэдэн арван жилд эмчилгээний энэ арга Герман зэрэг Европын орнуудад уламжлагдан хүрч, түгэн дэлгэрчээ. Энэ нь Хятадын эмч нарын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, нөгөө талаар тухайн орны эмч нарын Хятад анагаах ухааны зүү эмчилгээний хөгжилд оруулсан дэмжлэг, хувь нэмэртэй салшгүй холбоотой. Германы Зүү эмчилгээ, мэдрэл судлалын нийгэмлэгийн дэд дарга, Зүүний эмчилгээний холбооны даргаар 10 гаруй жил ажилласан Regina Schwanitz эмч бол тэдгээр хүмүүсийн нэг билээ. Энэ тухай ХОУР-гоос Германд суугаа сэтгүүлч Шюй Дүөгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Германы Зүү эмчилгээ, мэдрэл судлалын нийгэмлэгээс зохион байгуулсан Хятадын уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний сургалтад ахмад настай Герман эмэгтэй 20 гаруй залуу эмч нарт зүү эмчилгээний тухай лекц уншиж байлаа. Тэр бол Германы Зүү эмчилгээний холбооны дарга асан доктор Regina Schwanitz юм. Regina Schwanitz эмч Германд зүү эмчилгээний судалгаа, сургалтын чиглэлээр 40 гаруй жил ажилласан бөгөөд Германд, ялангуяа Германы зүүн нутагт дахь зүү эмчилгээний түүх бүгд түүнтэй холбоотой. 20-р зууны 70-аад онд Regina Schwanitz эмч зүү эмчилгээ тамирчдын бэртэл гэмтлээс үүдэлтэй эмгэг, өвдөлтийг засахад сайн үр дүнтэй гэж сонсоод зүү эмчилгээ сурах зорилт тавьжээ. Гэтэл тэр үед Зүүн, Баруун Герман тусдаа байсан тул Зүүн Германд байсан тэрээр хятад анагаах ухааны ном, эмчилгээний зүү олно гэдэг хялбар хэрэг биш байжээ.

"Тэр үед би Баруун Герман дахь найздаа захин туслуулж эмчилгээний 7 зүү олж авсан. Түүнээс эхлэн зүү эмчилгээний аянд гарсан. Миний хариуцсан тамирчид зүү эмчилгээгээр эмчилсний маргааш нь гэхэд эдгэрдэг байлаа. Бид аажмаар зүү эмчилгээний баг бүрдүүлж чадсан. Тэр үед Зүүн Германд хятад анагаах ухааны ном байхгүй, бид аргалж байгаад Баруун Германаас худалдан авч, дараа нь өөрсдөө хуулбарлан жижиг гарын авлага хийж, хамт ажиллагсдадаа өгдөг байлаа."

Regina Schwanitz эмч 1986 оноос өнөөг хүртэл Хятадын Бээжин, Тяньжинь, У Хань, Шэньжэнь зэрэг газрын хятад уламжлалт анагаахын эмнэлэгт олон удаа ирж хятад анагаахын оношилгоо, зүү эмчилгээний дадлага хийж, мэргэжил дээшлүүлэн, зүү эмчилгээний тухай мэдлэгээ Германд түгээн дэлгэрүүлэхийг хүсэж иржээ. Гэтэл Германы анагаах ухааны салбар хуучны уламжлалыг баримтлагдаг бөгөөд өнгөрсөн зууны 90-ээд онд Германд олон хүн хятадын анагаах ухаанд эргэлзэж, эсэргүүцэл шүүмжлэл тасардаггүй байв. Хүмүүсийн эргэлзээг нэг тийш болгох, зүү эмчилгээний үр дүнд итгүүлэх цорын ганц арга зам бол бодит үйл хэргээр нотлох явдал байлаа гэж Regina Schwanitz эмч ярьсан юм.

"Бид Германд олон улсын хэмжээнд хамгийн том цар хүрээтэй зүү эмчилгээний үр дүнгийн клиник судалгаа хийсэн. GERAC хэмээн нэрлэсэн энэ судалгааны үр дүнд, зүү эмчилгээгээр зарим эрхтний өвчин намдаах үр дүн өвчин намдаагч эм өгөх өрнөдийн эмчилгээнээс илүү сайн гэдэг нь тогтоогдсон. Энэ бол чухал ахиц юм. Үнэн бодит зүйлд тулгуурласан судалгааны үр дүнд хүмүүс зүү эмчилгээ бол үр ашигтай эмчилгээний арга гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг бид ямагт дэмжсээр ирсэн."

Хятад анагаах ухааны зүү эмчилгээ Германд анх орж ирэх үед Германы зарим эм бэлдмэлийн нийгэмлэг, эмийн сан хүчтэй эсэргүүцсэний улмаас хятад анагаах ухааны зүү эмчилгээ гаднаас ирсэн эмчилгээний аргын хувьд эрүүл мэндийн даатгалын жагсаалтад орох боломжгүй байв. Иймээс өвчтөн хятадын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлсэн зардлаа эрүүл мэндийн даатгалаар нөхөж авах боломжгүй байжээ. Зүү эмчилгээний үр дүн хүмүүст улам бүр хүлээн зөвшөөрөгдөж, тэр үеийн Германы зүү эмчилгээний нийгэмлэгийн дарга асан Regina Schwanitz эмч болон хятад анагаах ухааныг дэмждэг эмчилгээний бусад байгууллагын цуцалтгүй хичээл зүтгэлээр 2007 онд Германы эрүүл мэндийн даатгал зүү эмчилгээгээр нуруу, өвдөгний өвдөлтийг эмчлүүлсэн зардлыг даадаг болсон байна. Энэ тухай Regina Schwanitz эмчийн ярихыг сонсъё.

"Салбарын зарим гишүүд зүү эмчилгээгээр хүмүүсийн толгойн өвчнийг эмчлүүлэхийг хүсэхгүй байв. Учир нь тэд өрнөдийн эм бэлдмэлийг худалдахын төлөө юм. Иймээс хятад анагаах ухааныг эрүүл мэндийн даатгалын жагсаалтад оруулахад маш их бэрхшээлтэй байсан. Үүний төлөө бид олон жил тэмцсэн."

Сүүлийн жилүүдэд зүү эмчилгээ Германд улам түгээмэл болжээ. Статистик бүртгэлд тэмдэглэснээр, Германд 50 мянган эмч хятадын уламжлалт анагаах ухаанаар ажилладаг бөгөөд нэг жилд 2 сая орчим өвчтөн зүүгээр эмчлүүлдэг байна. Герман дахь Европ, Хятадын уламжлалт анагаах ухааны институтийн захирал Лю Жинь: Аятадын уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээ Германд тогтвортой, түргэн хөгжсөн. Энэ нь Regina Schwanitz эмч тэргүүтэй хятад анагаах ухааны үйлсийг цуцалтгүй дэмжсэн Германы эмч нарын хичээл зүтгэлийн үр дүн гэжээ.

"Хэрэв тэд Германд хятад анагаах ухааны хөгжлийг ахиулаагүй бол хэдэн аравхан жилийн дотор хятадын уламжлалт анагаах ухаан, зүү эмчилгээ ийм түргэн, ийм сайн хөгжиж чадашгүй байсан бөгөөд Германы эмчилгээний даатгалын компанид нөхөн олгох Ziffer төсөл хэрэгжих бололцоогүй байсан. Энэ бүгд Германы зүү эмчилгээний нийгэмлэгийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Тэд хятадын анагаах ухааны хөгжилд чамлахааргүй хувь нэмэр оруулсан тул бид тэдэнд чин сэтгэлээсээ талархах нь зүйтэй. Хятадын уламжлалт анагаах ухааны олон улс дахь хөгжлийн түүхэнд ч тэдний хүч хөдөлмөр алтан үсгээр тэмдэглэгдэх ёстой."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе