• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тамхины байгаль орчинд үзүүлэх хор нөлөөнд анхаарал хандуулав

CRI       (GMT+08:00) 2017-05-31 15:07:37

Эрхэм сонсогчид оо, 5-р сарын 31 бол "Олон улсын тамхигүй өдөр" юм. Энэ оны өдөрлөгөөр ДЭМБ "Тамхи-хөгжлийн заналхийлэл" сэдвээр арга хэмжээ зохиожээ. 30-нд ДЭМБ-аас Женевт нийтэлсэн тусгай тайланд, тамхи байгаль орчин, дэлхийн улс орнуудын хөгжилд заналхийлэл учруулж буйг онцлон дурдаад, тамхины хяналтын олон янзын бодлого явуулахыг улс орнуудын засгийн газарт уриалсан байна. Ингээд энэ тухай ХОУР-гоос Швейцарт суугаа сурвалжлагч Лю Су Юний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

ДЭМБ "Тамхи ба түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөний тухай" тайлан нийтэлж, анх удаа тамхи болон байгаль орчны харилцаанд анализ хийсэн байна. ДЭМБ-ын Тамхины хяналтын ажил хариуцсан зохицуулагч Vinayak Prasad: Эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх тамхины нөлөөг хүн бүгд мэддэг. Гэхдээ тамхины байгаль орчинд үзүүлж буй хор нөлөөнд хандуулж буй анхаарал харьцангуй бага гэжээ.

"Энэ тайланд тамхи ба байгаль орчны харилцаанд анх удаа анхаарал хандуулсан нь чухал юм. Тамхийг тарьж ургуулах, үйлдвэрлэх, хэрэглэх, түүнээс бий болсон хог хаягдлын байгаль орчинд үүсгэх нөлөө гээд олон зүйл бий. Тамхи хэдийчинээ аюултай, байгаль орчныг хэрхэн сүйтгэдэг нь баримтаар тодорхой нотлогдсон."

Тайланд: "Тамхийг тарьж ургуулахаас авахуулаад хэрэглэх хүртэлх бүх үйл явцад байгаль орчинд үүсгэж болзошгүй хор нөлөөг нарийн тайлбарлажээ. Тухайлбал, тамхи тарьж ургуулахад их хэмжээний хөрс, усны нөөц шаардагддаг бөгөөд химийн бордоо хэрэглэнэ. Тамхины навчийг хатаах, тамхи үйлдвэрлэх, боож баглах, тээвэрлэх явцад их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг. Тамхи татах нь байгаль орчныг бохирдуулдаг бөгөөд тамхины иш, утаа байгаль орчныг сүйтгэдэг. Татаад хаясан тамхины ишинд 7000 гаруй зүйлийн химийн хорт бодис агуулагдах бөгөөд түүнд хүний биед хорт хавдар үүсгэх бодис ч багтдаг. Тамхины утаа хорт хавдар үүсгэх хэдэн мянган тонн бодис, хүлэмжийн хий ялгаруулдаг. Далай тэнгисийн эрэг, хотын орчныг ариутган цэвэрлэхэд цугларсан хог хаягдлын дотор тамхины иш 30-40 хувийг эзэлж байна" гэж тэмдэглэжээ.

Тамхи хүмүүс, улс орон, бүс нутгийн хөгжилд олон хэлбэрээр заналхийлэл учруулж байна. Өдгөө ойролцоогоор насанд хүрсэн 860 сая тамхичин бага, дунд орлоготой улс оронд амьдарч, ядуу амьдралтай гэр бүлийн тамхинд зарцуулах зардал өрх айлын нийт зардлын 10-аас дээш хувийг эзэлж байна. Үүнээс гадна, тамхи тариалдаг нийт айл өрхийн хүүхдүүдийн 10-14 хувь нь тамхи тариалах ажлаас шалтгаалан хичээл тасалдаг, тамхины аж ахуйн ажилтны 60-70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Мөн тамхинаас үүдэлтэй нас баралт, халдварт бус өвчин эмгэгийн улмаас нас барсан хүний нийт тооны 16 хувийг эзэлж байна.

ДЭМБ-ын Тамхины хяналтын тухай суурь конвенцын Нарийн бичгийн газрын албан тушаалтан Andrew Black хэвлэлийн бага хуралд ингэж хэлсэн юм:

"Одоо нэг жилд 7 сая хүн тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгээр нас барж, олон жил тамхи татсан хүмүүсийн бараг тал нь тамхи татсаны улмаас эрт нас барж байна. Иймээс залуусын дунд тамхичдын тоог багасгах нь маш чухал. Тамхины сурталчилгааг заавал хориглох ёстой. Эдгээр арга хэмжээний ихэнхийг залууст хандуулж байна."

Иймээс улс орнуудын засгийн газар тамхины сурталчилгааг хориглох, тамхины баглаа боодлыг чимэхгүй байхыг уриалах, хэрэглээний татварыг өсгөх, олон нийтийн газар, ажлын байранд тамхи татахыг хориглох гэх мэтийн тамхины хяналтын хатуу бодлого хэрэгжүүлэхийг ДЭМБ санал болгож байна. Үүнд, тамхины татварыг нэмэгдүүлэх нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэхэд хэрэгцээтэй санхүүгийн орон зай гаргахад тустай гэж ДЭМБ онцлон дурджээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Dudley Tarlton тамхины хяналтыг эрчимжүүлэх талаар гаргасан ДЭМБ-ын хичээл зүтгэлийг сайшаажээ.

"НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ оны дэлхийн эрүүл мэндийн өдөр ийм сэдэв сонгосонд баяртай байна. Учир нь, арга хэмжээ авч, тамхинд хяналт тавих нь эрүүл мэндэд ашигтай төдийгүй улам өргөн хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ашигтай гэдгийг сүүлийн жилүүдэд бид анзаарч мэдсэн."

Тамхины хяналтын эрчимтэй арга хэмжээ авах замаар засгийн газар тамхичид ба тамхи татдаггүй хүмүүсийг эдгээр хортой бүтээгдэхүүний нөлөөнөөс хамгаалж, хөрөнгө босгон, эрүүл мэнд, нийгмийн бусад үйлчилгээг дэмжин, тамхины заналхийллээс зайлсхийж, байгаль орчноо авран хамгаалж болно гэж ДЭМБ тэмдэглэжээ.

Олон улсын тамхины хяналтыг НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт оруулсан юм. Тус хөтөлбөрт "ДЭМБ-ын Тамхины хяналтын тухай суурь конвенц"-ыг хэрэгжүүлэн, 2030 он гэхэд тамхины хэрэглээнээс үүссэн халдварт бус өвчин эмгэгээс улбаатай нас баралтыг 1/3 хувиар багасгана гэж заажээ. Энэ оны Олон улсын тамхигүй өдөрт тогтоосон энэ сэдэв тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө хийсэн хүчин чармайлт юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе