• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ЭМГБҮХ-оос гаргасан эрүүл мэндийн зөвлөгөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 17:08:07

Зүрх, тархи, судасны өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг архаг өвчин хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буйтай холбогдуулан, Хятадын Эрүүл мэнд, гэр бүлийн үндэсний хороо "Давс, тос, чихрийг багасган, жингээ барьж, амны хөндий, ясны эрүүл мэндийг баталгаажуулъя" хэмээх арга хэмжээ зохиосон байна.  

Архаг өвчин хүмүүсийн амьдралын хэвшилтэй салшгүй холбоотой учраас түүнийг "амьдралын хэвшлийн өвчин" гэж нэрлэж болно. Давс, чихэр их идэх нь өнөөгийн хүмүүсийн архаг өвчний үндэс болж байна. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх Хятад улсын хяналтын төвийн орлогч дарга Лян Шяофэн бүх иргэдэд хандан, давс ихтэй хоол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул сулхан давстай хоол идэхийг зөвлөжээ.

Тэрээр: "Давс бол хүний биед хэрэгтэй амтлагч. Гэхдээ яагаад давсыг хязгаарлахыг уриалаад байгаа вэ гэвэл цусны даралт ихэссэнээс болж тархинд цус харвах буюу зүрх өвчилдгийг шинжлэх ухааны олон баримт нотолдог. Цусны даралтыг ихэсгэдэг нэг гол шалтгаан бол давс их идэх явдал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн өдөрт 5 грамм давс идэхийг санал болгосон бол Хятад улс 6 граммыг санал болгосон. Үнэндээ бид өдөрт 10.5 грамм орчим давс иддэг. 10.5-аас 6 грамм, улмаар 5 грамм хүртэл бууруулна гэдэг жижиг тоо мэт боловч амьдралын хэвшлийг өөрчилдөг учраас тийм хялбар биш" гэжээ.

Хятад улсын зүгээс хүн бүр өдөрт 25-30 грамм тос хэрэглэх зөвлөгөө өгсөн ч дунджаар 42.1 граммыг хэрэглэж байгаа гэнэ. Өөх тос бага хэрэглэж, таргалахаас сэргийлэхийн тулд Хятадын олон байгууллага хамтран "Иргэдийн эрүүл амьдралын хэвшлийн төсөл (2017-2025 он)" нийтэлж, эрүүл хооллох, дасгал хийх, архи тамхийг багасгах, сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарахыг сануулсан юм. Төсөлд давс, тос, чихрийн хэрэглээгээ багасгаж, амны хөндийн эрүүл мэнд, ясны эрүүл мэндийг баталгаажуулж, жингээ барих зэрэг зургаан зүйлийг чухалчлан, амьдралын хэвшлээ өөрчлөхийг уриалжээ.

Тоо баримтаас үзвэл, Хятад улсын иргэдийн 25 хувь буюу 200 сая хүний цусны даралт өндөр, 10 хувь буюу 100 сая хүн чихрийн шижин өвчтэй байна. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд иймэрхүү төрлийн архаг өвчнөөр залуудаа нас барах хэмжээг 10 хувиар, 2025 он гэхэд 20 хувиар бууруулах болно. 

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе