Жан Хэн манай тооллын 78 онд доройтсон язгууртны гэр бүлд мэндэлжээ. Тэр багаасаа уран зохиолд маш их сонирхолтой байсан бөгөөд 30 насандаа "Дүн жин фү" буюу Зүүн нийлэлийн магтуу, "Ши жин фү" буюу Баруун нийслэлийн магтуу хэмээх нэрт зохиол бичжээ. Хожим нь Жан Хэнгий нсудалгаа шинжилгээний сонирхол нь аажмаар гүн ухаан болон байгалийн шинжлэх ухаан руу шилжсэн байв. Тухайн үед Жан Хэн тэр үеийн гүн ухааны эрдэмтэн Ян Шюнгийн бичсэн "Тай шюань жин" буюу одон орны судар хэмээх номыг маш сонирхож, тэр номоос одон орон, зурхай тоолол, тооны ухаан зэрэг олон талын эрдэм мэдлэг сурсан байлаа. Манай тооллын 111 онд Жан Хэн төрийн албанд Тай Ши-лин хэмээх тушаалд ажиллаж, одон орон, зурхай тоолол, хэмжил зүй болон хөгжмийн ухаан зэрэг ажил хэргийг хариуцан эрхэлж байжээ. Газар хөдлөлтийн торгилтын хэмжүүрийг бол тэр үед Жан Хэн судлан бүтээсэн байна. Жан Хэн төрд алба хашиж байсан хугацаандаа одон орон, зурхай судлалын талаар гүн нарийн судалгаа шинжилгээ хийж, үлэмж их хувь нэмэртэй ажилласан юм.
Жан Хэнгийн амьдарч байсан үед одон орны хөдөлгөөн болон орчлонгийн бүтцийн талаар Хятадад 3 зүйлийн номлол гол болж байжээ. Тэр нь тухайлбал: "Гай тянь" буюу тэнгэр нь хавхаасны хэлбэртэй байж, хавтгай хэлбэртэй газар дэлхий дээр хөмөрч байна гэж үздэг номлол, "Хүнь тянь" буюу сансрын уудам бол буданги дугуй хэлбэртэй, дэлхийн бөмбөрцөг бол бөмбөглөг хэлбэртэй, нар сар одон мэчид бүхэн газар доор ордог гэсэн номлол, "Юань тянь" буюу сансрын уудам бол тогтсон хэлбэргүй, үзүүр хязгааргүй хий агаараар дүүрсэн орон зай болох бөгөөд нар сар одон мэчид бүр тэрхүү хий агаарын дунд хөвж байна гэж үздэг номлол болно. Жан Хэн тэр 3 номлолыг харьцуулж судлаад, "Хүнь тянь" хэмээх номлол нь түүний хийсэн ажиглалтын дүнтэй нэлээд нийцэж байгааг олж мэдсэн байв. Тэгээд тэрээр өнгөрсөн үеийн хүмүүсийн судалгааны үндсэн дээр, "Хүнь тянь" хэмээх номлолын үзэл санааг тодруулан харуулсан "Хүнь тянь и" хэмээх одон орон судлалын аппрат хэрэгслийг үүдэн бүтээж, бас "Лин сянь", "Лин сянь тү", "Хүнь тянь и тү жү" зэрэг одон орны судалгааны олон ном зохиол бичсэн байна.
Жан Хэн Хятадын эртний одон орон, газар хөдлөл болон механикийн хүчний ухааны судалгааны салбарт гарамгай хувь нэмэр оруулсан юм. Ардын дунд уламжлагдсан домогт тэмдэглэснээр, Жан Хэнгийн судлан бүтээсэн зүг чиглэлийг тогтоох зүглүүр буюу луужан тэрэг зэрэг нь механикийн ухааны маш өндөр түвшинд хүрсэн тул, Жан Хэнг хүмүүс "Хувилгаан мужаан" гэж нэрэлсэн гэлцдэг байна. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/ 1 2
|