Манай тооллын 2-р зууны сүүлч, 3-р зууны эхний үед Хятадын зүүн Хань улсын төр нь нэрийн төдийхөн зүйл болж, олон хүчтэн хэсэглэн ноёрхож дайн дажин үргэлжилсээр, эцэстээ Вэй, Шү, Ү хэмээх гурван төр болон тогтсон байлаа. Лю Бэй бол Шү улсыг үндэслэн байгуулагч хаан юм. Түүний үлгэр домог ардын дунд өргөнөөр уламжлагдаж байдаг.
Лю Бэй 161 онд мэндэлжээ. Ардын уламжлал ярианд түүнийг Хань улсын хааны угсаатан гэдэг. Гэвч Лю Бэйн үе болоход гэр ахуйн байдал нь доройтон буурсан болохоор, Лю Бэй бэлбэсэн эхтэйгээ хоёул өвсөн шаахай сүлжин зарж амь зууж байсан аж. Лю Бэй 15 насандаа төрөл садныхаа туслалцаа дэмжлэгтэйгээр сургуульд орж бичиг үзжээ. Тэрээр зан ааль элэгсэг дотно, бусадтай найзалж нөрлөх дуртай байдаг тул, баячууд түүнийг маш таашааж, байнга хөрөнгө мөнгөөр тусласан байлаа. Ингэснээр Лю Бэй олон баатар мэргэн хүмүүстэй анд найз бололцож орон нутгийн толгойлогч болсон байна. Лю Бэй 28 насандаа Пэй сяний мэдэгчийн тушаалд дэвшсэн боловч, ихэс ноёдын авилга авах гэсэнд дургүйцэж ноёноо барьж зодоод албан тушаалаа орхисон байжээ. Түүнээс хойш, Лю Бэй цэрэг морь элсэн, газар нутаг хэсэглэн эзлэх дайн тулалдаанд оролцож явжээ. Гэвч хүчин буурай байсан тул олон жил хэсэн тэнэж, байнга бусдын ивээлд багтаж, Цао Цао, Юань Шао зэрэг цэргийн том эрхтнийг арав гаруй жил түшиж өнгөрсөн хэдий ч өөрийн гэсэн газар нутаггүй байсан юм. Иймэрхүү бэрх байдалд Лю Бэй цэргийн их эрдэмтэн Жү Гэ-лянгийн туслалцаатайгаар эцсийн бүлэгт Хятадын баруун өмнөд нутгийг эзэлж, 221 онд Шү Хань улсын төрийг Чэндүд байгуулжээ.
1 2
|