
Дариганга сумд Ганга, Дуут, Тагшин гэсэн тэгшхэн гурван нуур байдаг. Өнгөрсөн намар 10-р сарын сүүлчээр Тагшин нуурт мянгаад хун галуу цуглараад дулаан орондоо буцах гэж байхыг нь харсан юм. Хунгийн чуулгыг үзэх гэж манай орны төдийгүй гадаадын олон жуулчид аялагчид ирдэг юм. Хунгийн энэ дууг сонсохдоо Өнөр-Баяны маань ээж бага балчирхан насаа лав санаж байгаа байхаа. Хүүгийн чинь дуунд өгүүлсэн Алтан овоо одоо бүр хөл ихтэй байна. Гурван жилийн өмнө сэргээн босгож, овооны тахилга хийхэд гурван мянга гаруй том жижиг машин тэрэг овоог тойрон байсныг бодохлоор ай даа мөн ч их олон хүн, овооны наадамд цугларсан байгаа байж дээ.
Алтан овооноос цааш Шилийн богд руу бид аялалаа үргэжлүүлж байна. Одоо та бүхэн Монгол улсын гавьяат жүжигчин Чимэдцэеэгийн дуулсан "Тоорой банди" гэдэг дуунаас сонсч байна.
Тоорой банди, Шилийн богд гэсэн хоёр нэр ихэр юм шиг сонсогддог юм. Шилийн сайн эр болох эрчүүд Шилийн богдод тангараг өргөх уламжлалтай байдаг. "Тоорой банди" бол Монголын ард түмний түүхэнд мөнхөрсөн шилийн сайн эр, баяд ноёдын мал сүргийг тууж, ядуу ардуудад хүргэж өгдөг байжээ. Дариганга сум бол манай орны хамгийн олон галт уултай сум. Тэгээд "Тоорой банди" туусан адуун сүргээ галт уулны тогоонд нууж, нэхэж яваа ноёдын замыг төөрүүлэхдээ Шилийн богдын оройгоос тэднийг харан шоолж, тамхиа нэрэн сууж байжээ. Дариганга нутгийнханы зохиосон энэ дуунд:
Тоорой бандийг байхад Торгоны сайныг өмслөө Тоорой бандийг байхгүйд Тостой давуу ч олдсонгүй Гэж дуулж байдаг юм.
"Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд сонсч буй. Эрийн чадлаа гайхуулсан Халхын сайн эр дуулж буй......"
Нар унахад Шилийн богдын оройгоос сайн эрчүүд ийнхүү тангараг өргөн эрийн зориг, хөлгийн хурднаар их талыг туулж, зорисондоо хүрдэг байсан юм.
Дариганга нутгийнханы сүлд болсон Ганга нуур гэдэг дуунд өгүүлдэгчлэн:
Ганга нуураас ниссэн хун хавар заавал ирдэг, Ганга нуураас явсан хүн насандаа заавал эргэдэг гэсэн бэлгэтэй өрөөлийг ээж, хүү хоёртоо өргөе.
Сар шинийн баярт өдөр насан сүүдэр наяыг зооглосон хайрт ээждээ дуун хадаг барин золгохдоо төрсөн нутгийнхаа алтан овоо Шилийн богдод гарган буян үйлдэж, хунгийнхаа дууг сонсгон, насны хийморийг сэргээх учрал заяа тохиолдуулсан Өнөр-Баяндаа бид баярлалаа.
Үүл хойшоо нүүвэл дуу чинь ирнээ, Салхи өмнийг чиглэвэл ээжийн чинь нутгийн үнэр чамд хүрнээ. Нэвтрүүлгийг бэлтгэсэн Сайн-Өлзий, /Эрдэнэ-Чулуун/Нэвтрүүлэгч соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбат/ Найруулагч Болхоо/ 1 2
|