Монгол судлалын нэрт эрдэмтэн профессор Тайчууд.Мансан
| Монгол судлалын нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Профессор Тайчууд.Мансан: 1935 оны 11-р сард Өвөр Монглын Хорчин дархан хошууны Яндант хэмээх газрын Манж-нар айлын ядуу тариачин Баяр, Дагуул хоёрын хөвгүүн болон заяажээ. 1960 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн монгол хэлний салбарын аспирант төгсөв. Олон Улсын Монгол Судлалын Нийгэмлэгийн гишүүн, Олон Улсын Алтай Судлалын Нийгэмлэгийн гишүүн, Хятадын Монгол Уран Зохиолын Судлалын Нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, Өвөр Монголын Ардын Зан Заншлын Судлалын Нийгэмлэгийн орлогч дарга зэрэг үүрэг тушаалд ажиллаж байна. Профессор Тайчууд.Мансан гэгээрэл боловсролын салбарт 40 шахам жил хичээл зүтгэлтэй ажиллаж, тэргүүний багш, шилдэг соён гэгээрүүлэгчийн цол олон удаа хүртэж, эрдэм шинжилгээний олон чиглэлээр 22 боть ном зохиол бичсэн байна. "Монгол уран зохиолын түүх" (1980 он), шинээр орчуулж тайлбарласан "Монголын нууц товчоон" (1992 он) зэрэг эрдэм шинжилгээний зохиол бүтээл хэвлүүлжээ. Сүүлийн жилүүдэд соёл зүй, домог зүй, түүх судлал болон үндэстэн угсаатны зүйн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, "Монгол төрөлхтөний түүхийн хөтөлбөр" (1 боть),"Хууч судлал" (1 боть) хэмээх ном хэвлүүлэв. Үүнээс гадна, өнөө бас "Монгол бөөгийн шашны урилга дуудлага", "Бурхны шашны уран зохиолын түүвэр" (2 боть) зэргийг хэвлэлд бэлтгэж байна.
"Монгол үндэстний бүрэн түүх" хэмээх номын монгол хэлний хэвлэл
Монгол гэдэг нэр 13-р зууны үеэс ертөнцийн чихнээ дуурснаас нааш, Монгол үндэстний түүх соёл нь олон зуун жилийн турш олон улс үндэстний эрдэмтдийн анхаарал сонирхлыг татах болж, үүний улмаар монгол судлал хэмээх тусгай эрдэм шинжилгээний салбар дэлхий нийтийн хэмжээнд үүсэн бүрэлдэж, монгол түүх соёлын чиглэлээр их олон зохиол бүтээл төрж гарсан билээ. Тэдгээр бүтээлүүдийн дотроос 2004 оны 12-р сард Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Тайчууд.Мансангийн голлон редакторлож, Ляо-нингийн үндэстний хэвлэлийн хорооноос Хятад Монгол хоёр хэлээр хэвлүүлсэн "Монгол үндэстний бүрэн түүх" хэмээх гайхамшигтай содон сонирхолтой бүтээл нь Монгол үндэстний түүхийг урагшуулж, Монгол үндэстний түүхийн хоосон орон зайг нөхсөнөөрөө эрдэм шинжилгээнийхний анхаарлын төвд орсон байна. Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар энэ оны сүүлчээр өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөх-хот орж, энэхүү аварга бүтээлийн ерөнхий редактор, профессор Тайчууд.Мансан багшийг тусгайлан сурвалжилсан юм.
Сурвалжлагч: Мансан багш бол Монгол судлалын ажилд олон жилээр хүчин зүтгэж, Монгол үндэстний соёл боловсролын үйлст үлэмж их ажил хийсэн Хятадын монгол судлалын нэрт эрдэмтэдийн нэг нь юм. Мансан багш уул нь монгол уран зохиолын чиглэлээр олон ном зохиол бичсэн, сүүлийн жилүүдэд бас монгол соёл түүхийн талаар судалгаа шинжилгээ хийж, өнөө "Монгол үндэстний бүрэн түүх" хэмээх ийм том номыг бичиж хэвлүүлээд байна. Багш таны ийм том бүтээл туурвих болсны гол санаа зорилт юу вэ? Энэ тухайгаа манай радио сонсогчдод танилцуулна уу?
Профессор Мансан: Манай Монгол үндэстний түүхийн талаар өнөөгийн байдлаар, гадаад дотоодод 10 хэдэн төрлийн тусгай ном зохиол хэвлэгдээд байна. Дээр үеэс дараалуулан дурдвал "Монголын нууц товчоон", Рашид Ад-дины "Судрын чуулган", Жувайнийн "Дэлхийг байлдан дагуулагчийн түүх", Лувсанданжины "Алтан товч", Саган-цэцэний "Эрдэнийн товч", Жамбадоржийн "Болор толь", Галдан туслагчийн "Болор эрх", Шведын Доссоны "Монголын түүх", Монгол улсын "Монголын түүх", Франын Лени.Геруссайн "Тал нутгийн хаант улс", Лю Зиньсүөгийн голлон редакторлосон "Монгол үндэстний нэвтэрхий түүх", Сүн Юй-чангийн бичсэн "Шуургант хаант улс" зэрэг олон бүтээл гарсан байна. Гэхдээ эдгээр түүхийн ном зохиолд бүр 13-р зуунаас нааших тухайлбал Чингис хааны их Монгол улс байгуулснаас нааших 800 жилийн түүхийг голцуу бичсэн байдаг. Чингис хаан бол дэлхий дахиныг дайлан дагуулж, эсгий туургатны их хаант улсыг байгуулсан агуу их улс төрч, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Тэр үед ийм их соёлжсон Монгол үндэстэн түүхийн тавцанд илэрсэн байна. Энэ нь үндэс суурьгүй зүйл биш юм. Монгол судлаач эрдэмтэд бас уг асуудлын талаар цаашид хайж судалсан боловч системтэй шинжилгээ хийсэнгүй байсаар иржээ. Ийм учраас би сүүлийн жилээс Монгол үндэстний энэхүү түүхийг цааш нь өгсүүлэн тодруулж бичье гэсэн санаа оноо авсан билээ.
Би анх нь Монгол үндэстний уран зохиолын түүхийн талаар бичиж оролдож байсан, түүний дараагаар "Монголын нууц товчоон"-ы талаар шинжилж судалсан. Монгол үндэстний уран зохиолын түүх нь түүхтэй салшгүй нягт холбоотой, зонхилох нь бүр түүхийг уран зохиолын хэлбэрээр бичсэн байдаг бөгөөд зарим нь маш эрт дээр үеийнх байдаг юм. Жишээлбэл баатрын тууль, ардын зарим дуу, шүлэг бол ийм байдалтай байдаг. Манай мэдэж байгаагаар, "Түмдийн төрхийн тал" гэдэг ардын дуу бол Сянбигийн үеийн дуу боловч, манай уран зохиолын түүхийн бичигт түүнийг оруулсангүй. Сянби бол Монгол үндэстний өвөг дээдэс юм. Түүхийн талаар энэ нь маш тодорхой байгаа юм. Хүннүгийн үеийн ардын дууны тухай эрдэмтэн Тогтох "Эсгий туургатны түүх" гэдэг зохиолдоо бас дэлгэрэнгүй өгүүлж танилцуулсан билээ. Цаашлаад үлгэр домог, шидэт үлгэр зэргийг уудалж судлах тусмаа улмаар түүний хүрээ хэмжээ нь өргөжин тэлж байна. Ийм болохоор, манай Монгол үндэстний уран зохиолын түүх бол өнөөгийнх шиг 700-800 жилийн түүхийг л хамраад зогсох төдий биш, харин цааш нь далай их өв сантай байгаа юм. Энэ нь надад монгол уран зохиолын түүхийн чиглэлээр оюутадад хичээл заах явцдаа, монгол уран зохиол 2000 гаруй жилийн түүхтэй байгаа юм чинь Монгол үндэстний түүх нь 2000 жилээс дээш байх ёстой гэж бодогдуулах болсон юм. Ингэж би "Монгол үндэстний бүрэн түүх" хэмээх олон бодьтой зохиол бичих ажлаа эхлүүлжээ.
Монгол үндэстний түүхийн материал цаглашгүй их байна. Овог төрлийн нийгмийн түүхийн асуудлаар жишээлээд хэлэхэд, манай нутгийн газар доороос илрүүлсэн чулуужмал зүйлс бий, эдгээр нь бүр их эрт дээр үеийх бөгөөд тэмдэглэлтэй байдаг. Түүний дотор, боолын нийгэмтэй холбогдсон зүйл нэн олон бий. Энэ талын материал олон, түүхийн цаг хугацаа нь урт, нийгмийн шинж нь тодорхой байдаг. Монголын үндэстний боолын нийгэм нь их төлөв хүрэл зэвсгийн эхний үеэс үүсч хөгжөөд, бараг 5000-7000 жил үргэлжилсэн байна. Хян улс, Бидгүд вант улсын үед боолын нийгэм нь хөгжлийн оргил үе шатандаа хүрсэн байжээ. "Монгол үндэстний бүрэн түүх" хэмээх энэ номдоо би энэ талаар нэлээд дэлгэрүүлэн өгүүлсэн юм. Грекийн боолын нийгмэм урт хугацаанд үргэлжилж, түүнийг харуулсан Хомерийн "Илиада одеса" хэмээх ном бий, наашилбал гүн ухааны эрдэмтэн Сукаради Блато мэтийн их олон эрдэмтний зохиол, Ийсусийн үлгэр зэрэг нь бүр боолын нийгмийн үеийн байдлыг харуулсан юм. Гэхдээ овог төрлийн нийгэм нь материал олдоогүйн улмаас тодорхой бус байдаг. Хүн төрөлхтөний хөгжлийн онол түүхийн ухааны талаар оролдсон Энгелс, Морган ч зохиол бүтээлдээ энэ тухай дурдсангүй юм. Гэтэл манай Монгол үндэстний боолын нийгмээс өмнөх үеийн овог төрлийн нийгмийн шинж тодорхой, материал ч баялаг байна. Владимирцовын "Монголын нийгмийн байгууламж" хэмээх номд Монгол үндэстний овог төрлийн нийгмийн тухай өгүүлсэн зүйл үлэмж бий. Гэвч Владимирцовын өгүүлсэн овог төрлийн нийгэм бол Монгол үндэстний овог төрлийн үлдэгдэж уламжилж ирсний ул мөр юм.
Монгол үндэстний боолын нийгмийн түүх нь нэн ч тодорхой байдаг. Хян улс, Бидгүүд улс тухайлбал Хятадын түүхэнд гардаг Ся улс, Шан улсыг Монгол үндэстний өвөг дээдэс үүсгэн байгуулсан юм. Хян гэдгийг Хятадаар "Ся" гэдэг учраас Ся улс гэдэг нь үндэстний нэрээр шууд авиачлан нэрэлсэн зүйл болно. Шан улсыг Бидгүд аймаг байгуулжээ. Шан гэдэг нь газрын нэрээр нэрлэсэн улсын нэр юм. Одоо ч гэсэн, Хэ-нань мужид Шанцю, Шанчэн хэмээх газар бий. Бидгүүдийг эрт дээр үед Хятадаар "Бэй-ди" гэж байжээ. Энэ хоёр гүрэн түүхэн дээр нийтдээ 1000 шахам жил оршин тогтножээ. Шан улсын дараа, Бидгүүд Жөү улсыг байгуулснаас хойш, Монголчууд хоорондоо тасран салж, Хүннүгийн хүчин Жүн-юань тухайлбал дундад нутгаас салж, Хатан-гол, Урт цагаан хэрмээс умарш нүүдлэн гарчээ.
1 2
|