Ба Юй-зао бол Хятадын агаарын тээврийн шинжлэх ухаан техникийн хөгжлийн түүхэн дэх нэрт зүтгэлтдийн нэг, Хятадын хамгийн эртний нисэх онгоцны зураг төслийг зохион бүтээсэн гарамгай мэргэжилтэн юм. Тэрээр шаргуу хичээнгүй уйгагүй хүчин чармайлтаараа Хятадын агаарын тээврийн ажил үйлсийн хөгжлийн түүхэнд гэрэл цацрангуй шинэ хуудсыг нэмсэн билээ.
Ба Юй-заогийн өргөсөн нэр нь Юнь-хуа, бас Түн-хуа ч гэдэг. Ба Юй-зао Манж Чин улсын Бадруулт төр хааны 18-р оны 6-р сарын 24-ний өдөр (1892 оны 7-р сарын 17-ны өдөр) Жян-нань (Хөх-мөррний өмнөд хэсэг) нутгийн Жян-сү мужийн Жэнь-жян хотын нэг монгол гэр бүлд мэндэлжээ. Түүний өвөг нь хишигтэн овогтой цэргийн ноён байсан бөгөөд Манж Чин улсын Тэнгэр тэтгэгч хааны 28-р он (1763 он)-д Манж Чин улсын найман хошууны цэргийн дагалдан Хөх-мөрний өмнөд нутагт очиж Жэнь-жян мөрний урсгал газарт хамгаалалтын алба хашиж суусан байлаа.
Ба Юй-зао 14 насандаа Жян-нин (одоогийн Наньжин хот)-гийн Жян-нань тэнгисийн цэргийн сургуульд шалгалтаар элсэгдэн орж суралцжээ. Онц сайн дүнтэй сурсан учир, 17 насандаа Их Британид суралцах оюутнаар сонгогдож, Их Британийн тэнгисийн цэргийн бааз—Бозымо, Ньюкасыл Их Сургуульд механикийн мэргэжлээр тус тус суралцсан байна. Энэ хугацаанд Ба Юй-зао агаарын тээврийн хэрэгслийн тухай ном зохиолтой танилцаж нисэх онгоцонд маш их сонирхол төрсөн тул, амралтын хугацаандаа хамт суралцагч хүүхдүүдтэйгээ мөнгөө нийлүүлж нэг удаа онгоцонд суусан байлаа. Энэ нь ирээдүйд нисэх онгоц үйлдэх ажил эрхлэх талаар түүнд маш их ухаарал болсон юм.
1915 онд Европод дайн гарсны дараа, Ба Юй-зао Америк орж нисэх онгоцны мэргэжлийн чиглэлээр цаашид үргэлжлүүлэн суралцсан бөгөөд бас амралтын хугацаандаа үйлдвэрт очиж дадлага хийсэн байна. Тэрээр шаргуу шимдэн сурч, зураг төсөл зохиохоос авхуулаад нисэх онгоц үйлдэх хүртлэх бүх мэргэжлийг нэвтэрхий сайн сурч, 9 сарын хугацаанд хичээлээ бүхнийг сурч дуусаад, агаарын тээвэр судлалын дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байв. Тэрээр Америкийн инсэх онгоцны нэг үйлдвэрт зураг төслийн инженерээр, нисэх онгоцны өөр нэг үйлдвэрт бас ерөнхий инженерээр тус тус уригдан ажиллаж байсан боловч, эх орондоо нисэх онгоцны ажил төрөл хөгжүүлэх явдлыг ер нь мартаагүй байж, уригдан ажиллаж байсан үйлдвэрээ практик дадлагын газар болгож нисэх онгоц үйлдэх баялаг туршлага хурамтуулжээ. 1917 онд Ба Юй-зао эх орондоо буцаж, эх ороныхоо төлөө нисэх онгоц үйлдэх ажил үйлсийнхээ гараагаа эхлүүлсэн юм.
1 2
|