Сурвалжлагч: Бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа зэрэг салбарт Хятад Монгол хоёр орны явуулж байгаа хамтын ажиллагааг Ерөнхийлөгч та хэрхэн үнэлэх вэ?
Н. Энхбаяр: Монгол Хятад хоёр орон бол түүхээр заяагдсан хоёр хөрш юм. Монгол улсын хувьд БНХАУ болон ОХУ гэсэн хоёр хөрштэйгөө бүх талын найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг баримталж ажилладаг. Үүний дотор, Монгол Хятад хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш их хөгжиж өргөн дэлгэр болж бүх салбарыг хамарч байна. Тийм учраас энэ харилцааг бид сайн хөршийн харилцан итгэсэн хамтын ажиллагааны харилцаа гэж томъёолж тодорхойлж байгаа юм. Энэ томъёололдоо таарч хоёр орны харилцааны агуулга хөгжиж байгаад бид баяртай байна. Хятад улс бол Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд Монгол Хятадын худалдаа нь Монгол улсын эдийн засагт асар их нөлөө үзүүлж байна. Мөн Хятад улсаар дамжин бусад олон орнууд руу Монгол улс гарц гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байна гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, Монгол улсаас жилд 400 орчим мянган иргэд Хятад улсад зочилж байна, энэ нь Монголын нийт ард түмний тавны нэг юм уу зургааны нэг нь жил болгон Хятад улсад ирж очиж байна гэсэн үг юм. Энэ нь бидний хаммын ажиллагаа нь маш өргөн дэлгэр, маш идэвхтэй хөгжиж байгааг харуулж байгаа юм. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд ч тэр, шууд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ч тэр, манай хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам эрчимжин хөгжих бүрэн бололцоотой гэж үзэж байна. Ноднин би Хү Жиньтао даргын урилгаар Хятад улсад айлчилсан, тэр айлчлалын үеэр, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон асуудлаар бид тохиролцож холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Баримт бичгүүдэд гэрын үсэг зурсан тэдгээр ажлаа хэрэгжүүлэх тал дээр, хоёр тал өнөө идэвх санаачилгатай ажиллаж байна, үүнийг цаашид улам түргэтгэх, улам идэвхжүүлэх бололцоо ч байгаа юм. Монгол улсын талаас тийм хүчин чармайлтыг гарган ажиллах болно, Хятадын нөхөд маань ч ийм хүчин чармайлт гаргаж байгаад бид баяртай байна.
1 2 3 4
|