Энхээ: Өнөөдөр Монгол улсаас Бээжинд ажил хэрэг, амин хувийн асуудлаас гадна арилжаа наймааы хэргээр ирэгсэд буцагсад олон. Харин сүүлийн жилүүдэд амарч цэнгэх, аялж жуулчлах хүмүүс их болж байна. Иймээс би Монголын радиогийн сэтгүүлч Чулуунцэцэгтэй хамтран Бээжин хотын эрт эдүгээгийн сонин сайхнаас цуврал болгон танилцуулж байхаар шийдсэн юм.
Учир нь Бээжинд ирж байгаа хүмүүсийг ажиглаад байхнээ Амьтны хүрээлэн, Дэлхийн парк,Хааны ордон, Хүүхдийн парк, Далай доорхи ертөнц, их цаашлаад л Тэнгэрийн сүм, И-хэй юань буюу хааны зуны ордон, буддын шашны Юн-хэй гун хийдийг үзэх жишээтэй. Гэтэл содон байгаль, үзэмж төгс уул ус, өнө эртний түүхийн дурсгалт зүйлсээрээ дэлхийн түм түмэн жуулчдын анхаарлыг татаж, их хөлийн урсгал тасардаггүй Бээжин хотод үзэж харж, таньж мэдэх, ухаарч сэрэх зүйл дэндүү олон юм. Ингээд бид хоёр энэ удаа мөнгө төгрөг зараад байхгүй явдал суудал дундаа үзэж хараад, таньж мэдэх зүйлийн тухай онцолж танилцуулах гэж байна. За Чука юунаас яриагаа эхэлье гэж байна даа?
- Алдарт Чиэн Мины гудамж буюу монголчуудын нэрлэж заншнаар Чамингийн гудамжнаас эхэлмээр байна.
- Яагаад Чамингийн гудамжнаас гэж...?
- Энэ учиртай. Чиэн Мэнь буюу өмнөт хаалгын гудамжыг Бээжин хотын нэгэн бэлгэдэл гэж хэлж болно.
- Чи юуны учир Бээжин хотын бэлгэдэл гэх болов?
- Энэ хэдийгээр миний хувийн бодол боловч олон хүн надтай санаа нийлэх байхаа. Энхээ, чи "Цагаан хэрэм дээр гараагүй бол, Чамингийн гудамжаар яваагүй бол, Бээжин шарсан нугас идээгүй бол Бээжинд очсон гэж хэлэх хэрэггүй ээ" гэдэг үгийг дуулсан биз дээ?
- Нээрэн сонсож байсан юм байна шүү. За тэгвэл Чамингийн гудамжны тухай яриач?
- Болоогүй ээ. Үүнийг ярихын тулд эртний Бээжин хотын зохион байгуулалтаас эхлэх ёстой байх. Учир нь нэгийг дуулж, хоёрыг мэдэж авах нь Бээжинг зорин ирэх хүмүүст хэрэгтэй юм.
- Тэгвэл Чиэн-мэнь буюу өмнөт хаалгаас эхлэхнээ дээ.
- Тиймээ. Өнөөдөр монголчууд Бээжин хотыг харьцангуй сайн мэддэг болжээ. Олон хүмүүс Бээжин хотын 2-р тойрог замын дагуу газар доогуур байрладаг метрогоор зорчихдоо Жэн Гуо Мэнээр гараад Элчин, Чао-Ян Мэнээр гараад Яо-болу зах, Ши-ми мэнээр гараад Амьтны хүрээлэн гээд анддаггүй юм билээ. Бээжин хотын энэ тойрог замын дагуу эрт цагт хааны ордныг тойрсон хэрэм байсан юм гэнэлээ. Одоо тэр хэрэм хашаа нь байхгүй ч хаалгануудын нэр нь үлджээ.
- Энэ хэрэм учиртай л байсан байх даа?
- Тэгэлгүй яахав. Би анх хааны хаалттай хотын гадуур хэрэм байсан гэж сонсоод Бээжин хот ийм жижигхэн байсан хэрэг үү гэж гайхаж байсан шүү.
- Эртний суурин иргэншилтэй улс орон хотынхоо гадуур хэрэмтэй байсан болохоор тэгсэн байх л даа?
- Харин тиймээ. Тэгсэн чинь, энэ хэрэм хааны хаалттай хотын давхар хамгаалалт болохын зэрэгцээ түүн дотор Бээжин хотын ихэс дээдэс, эрх ямбатнууд суудаг байсан юм гэнэ лээ. Хэрэмний хаалганууд нь тун учиртай. Тухайлбал наран ургах зүгт байдаг Чао-ян мэнь хаалгаар өмнөт нутгаас ирсэн бараа таваар орж ирнэ. Учир нь энэ хаалганы гадна хүний гараар бүтсэн асар том, уртын урт усан суваг байдаг байжээ. Тэгвэл хэрмийн хойно байх Ань-дин мэний хаалгаар хотын муу бохирыг гадагшлуулж, баруун хойтын Ши-жи мэний хаалгаар хэрмийн дотор руу байгалийн цэвэр ус зөөвөрлөдөг байжээ. Энэ хаалгыг монголчууд сайн мэдэх байхаа. Яагаад гэвэл ердөө хажууханд нь Амьтны хүрээлэн байдаг шүү дээ. Энэ зүг Бээжин хотдоо үзэмж төгс уул ус болоод ургамал цэцэгс тэгширсэн газар л даа. Өнөө ч энд Бээжингийнхний зугаа цэнгэлийн газар төвлөрсөн хэвээр байна.
За тэгээд бусад олон үүд хаалганы учир явдлыг орхиод Чиэн-мэнь буюу өмнөт хаалган дээрээ ирье. Эрт цагт Чиэн-мэний хаалгын зэрэгцээх баруун талын Шуан-У мэнь хаалгаас эхлээд зүүн талын хаалга хүртэл тариа ногоо тарьж, мах шүүс бэлтгэж худалдаалахаас гадна элдэв төрлийн бараа таваар наймаалдаг асар том зах зээл үргэлжилдэг байжээ. Чухам л энэ утгаараа өмнөт хаалга нь нийслэл Бээжин төдийгүй улс гүрнийхээ арилжаа наймааны гол зангилаа, том төв болж байжээ. Өнөө ч энэ өнгө төрхөө алдаагүй байна. Тиймдээ ч "Чиэн-мэний гудамжаар гишгээгүй бол Бээжинд очсон гэх хэрэггүй" гэсэн үг гарсан байх л даа.
Энхээ: Чиэн-мэнийг монголчууд яагаад "чамин" гэдэг юм болоо...?
Чука: Чи энэ үгийн үүслийг мэдэх үү?
Энхээ: Гоё хийц, тансаг сайхан зүйлийг заасан энэ үг монгол хэлний үгсийн санд байдаг...
- Тиймээ, тэгэхдээ харь хэлнээс орж ирсэн юм. Чухам л хятад хэлний өмнөт хаалга буюу Чиэн-мэнь гэдэг үгийг монголчууд сунжруулан хэлснээр гоё хийц бүхий тансаг сайхан зүйлийг илэрхийлдэг "чамин" гэдэг үг бий болж л дээ.
- Тэгэхээр хэдийд орж ирсэн болж байна даа?
- Чиэн-мэнь бол Бээжин хотын өнө эртний арилжаа наймааны гол төв гэж дээр хэлсэн шүү дээ.Чухам хэдий үед орж ирснийг яг таг хэлж мэдэхгүй ч талын монголоос наймаа хийхээр тэмээн жингээр ирж буцаж байсан тэр цагаас л эхлэх байх. Нэг талаас Бээжинд ирсэн жинчид, наймаачид Чиэн мэний гудамжнаас авсан бараа таваараа Чамингийн бараа... Чамингийн бараа тансаг сайхан гэж хэлж ярьж сурталчилснаар, нөгөө талаас Чамингаас ирсэн бараа таваар гоё сайхан хийцтэй байдаг хэмээн хүлээж авагсдын дундаас үүссэн хэрэг л дээ. Хамгийн сүүлийн сонгодог жишээ гэвэл "Бээжин бараа" гэсэн үг юм уу даа. Бээжинг зорьж ирсэн өнөө цагийн монгол наймаачид нутаг орондоо очоод Бээжингээс ирсэн бараа...Бээжин бараа сайн шүү, Бээжин бараа чанартай шүү... гэдэг биз дээ?
- Нээрэн тийм дээ. Аль ч улс орон, тэр дундаа айл зэргэлдээ улс орны хувьд бие биенийнхээ хэлний үгсийн санд орсон үг хэллэг зөндөө л байдаг даа.
- Зуун зууны турш хаяа хаяагаа дэрлэж ирсэн Хятад,Монгол хоёр орны хувьд үг хэл төдийгүй, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх, идэж уухаас өгсүүлээд адил төстэй зүйл бас ч цөөн биш юмаа. Энхээ, Бид хоёрыг Чамингийн нарийн гудамжаар явж байхад нэг тэрэгчин өвгөн: "Энэ олон салаа нарийн гудамж бол хуучин цагийн Бээжингийн содон өнгө төрх юм шүү, ай манай Хутун гудамжны амьдрал улам бүр цөөрөөд байна даа" гэж хэлж байсныг санаж байна уу?
- Тэгэлгүй яахав. Харин тэр өвгөн нэг л санаашраад байх шиг санагдсан шүү?
- Энхээ, надад хятадын нарийн гудамж, мухар гудамжны аж төрөл яагаад ч юм манайхны хот айлын, саахалт айлын ахуйтай төстэй санагдаад байдаг юм. Монголчууд бид "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэдэгчлэн энэ нарийхан гудамжинд амьдрагсад баярласан ч, зовсон ч хамтдаа... ёстой л халуун дулаан уур амьсгал буцалж байдаг газар. Одоо хятадын мухар гудамжны амьдралыг кинон дээрээс л тодорхой харж болох юм даа. Гэхдээ би Ху-тун гудамжны аж амьдралыг биш, харин Ху-тун гэдэг нэрний учрыг сонсогчиддоо сонирхуулмаар санагдаад байх юм.
- Тэгээч дээ...?
- "Ху Тун" гэж юу вэ? гээд захын хятад хүнээс асуухад, тэд цөм: нарийнхан, мухар гудамж гэдэг юм. Тэгвэл "Ху Тун" гэж чухам ямар утгатай үг юм бэ гэхэд, толгой сэгсрээд мэдэхгүй гэдэг юм. Би их олон хүнээс сонирхож асуусан, лавтай л энгийн иргэд нь тэр бүр мэддэггүй юм билээ.
- Тэгээд ямар үг гэж...?
- Энэ бол монгол үг...
- Яалаа гэнээ...монгол үгээ...яахаараа монгол үг хятад хэлэнд...?
- Энэ мөн л хятад, монгол хоёр орны түүхийн харилцаанаас үүссэн үг. Хятадын түүхэнд нэгдсэн хятад орныг үүсгэн байгуулсан Цинь-Ши хуандийн Цинь гүрний дараа, хятадад соёл урлаг өрнөн дэлгэрсэн Тан гүрэн, дараа нь Сүн гүрэн, залгаад Юань гүрэн гээд бүгд л мэднэ дээ. Юань гүрний үед, Хубилай хаан гүрнийхээ нийслэлийг Бээжинд анх суурьшуулсан түүхтэй. Бээжин хот ундны усаар их дутмаг учир худаг ухаж газрын гүний ус хэрэглэдэг байжээ.Чухам тэр үеэс л нийслэл Бээжинд газар сайгүй худаг бий болж, тэр худгуудаа тойрон амьдрал цэцэглэж өгч дээ.Тэр үеийн хүмүүс өөр хоорондоо би энэ худгийн хүн, тэр тэр худгийн хүн, би тэр худгийн тэнд амьдардаг гэхчлэн ярилцсаар улмаар "худаг" гэдэг монгол үг мухар нарийн гудамжны нэрээр хятад хэлний үгсийн санд орсон түүхтэй гэдэг юм. Өнөө ч түүхийн энэ улбааг хадгалж үлдсэн "Хутун" нэртэй нарийн гудамж Бээжинд тийм олон биш ч, байсаар байна. Саяхандаа саяхан 90 онд шүү дээ, би Бээжинд сурч байхдаа хотын төвд зам товчлох санаатай нэг нарийн гудамжаар ороод яваад л байлаа, яваад л байлаа. Эцэст нь гарах гарцгүй мухарт тулчихаад сандарч байлаа шүү дээ.
Уг нь худгийг хятадаар "жин" гэж хэлдэг ч тэр нэгэн цагт орж ирсэн монгол үг худаг тойрсон нарийн гудамжны нэр болж хятадын аж амьдралын нэгэн өвөрмөц өнгө төрхийг илэрхийлэх болсон юм.
Бээжин хотын Чан-ань өргөн чөлөөний зүүн гудамж Ван-фү жин гэх шил толь болсон тансаг худалдааны гудамжыг монголчууд сайн мэдэх байхаа. Түүхээс нь харж байхад Вангийн худаг гэх нэртэй энэ гудамж эртний Тан улсын үед бий болсон юм билээ. Гэхдээ л Юань гүрний үед олон худаг бий болж, түүнийг тойроод олон олон худаг хэлбэртэй "хутун" гудамж үүссэн нь мадаггүй үнээн.
Энхээ: Бид ингэж ярихын учир Бээжин хотыг зорин ирэх монголчууд өнөөгийн Бээжингийн хөгжлийн хурдыг гайхан бишрэхийн хажуугаар өмнө нь ямаршуухан өнгө төрхтэй, үүх түүхтэй байсан хот хэрхэн шинэчлэгдэн өөрчлөгдөж байгааг харьцуулан үзэхэд тань хэрэг болох бизээ гэж бодсон юм. Одоо ингээд хамтдаа Чамингийн гудамжны тухай Чукагийн яриаг сонсоё.
1 2
|