Чука: Сонсогч та яг одоо Бээжинг зорьж байгаа бол алдарт Чамингийн гудамжинд зав гарган саатаж, өөрийн эрхгүй хятад ахуйг санагдуулам "хутун" хэмээх олон салаа нарийн гудамжаар нь яваад үзээрэй, их сонин шүү.
Миний хувьд гэвээс Бээжингийн шинэчлэгдэж шил толь болсон гудамж талбайг сонирхон саатахаас илүүтэйгээр эртний өнгө төрхөө хадгалж үлдсэн гудамж талбайгаар явах дуртай. Тийм газрын нэг бол ердөө Тиан-ань мэний талбайн өмнөт хэсэгт сүндэрлэн байдаг \Жэнь-Ян мэнь\ "наран тольтох" хаалгаас чанх урагш залгадаг Чамингийн гудамж юм.
Чамингийн гудамжны эхэнд ихэмсгээр сүндэрлэх энэхүү "Наран тольдох" хаалга нь Хятад улсын түүхийн үнэт өвийн хамгаалалтанд бүртгэгдсэн юм билээ. Мөн Чамингийн гудамжинд байдаг зуун зууны настай Торгоны дэлгүүр, Шаазан ваарны дэлгүүр, Хятадын уламжлалт урлаг болох Бээжин ший тоглодог газар, Францын христийн сургууль, Хуучин вокзал, Давсны банк гээд 11 газар Бээжин хотын соёлын өвд бүртгэгджээ. Гудамжнаас гэвэл Да-Шила буюу наймаачны хүрээ, Шинэ загасны гудамж мөн л түүхийн үнэт өвд тооцогддог гэнэ.
Чамингийн гудамж нь Юань гүрний Хубилай хааны үед Ли-жи мэнь нэртэй байснаа Мин, Чин гүрний үед улам өргөжин тэлж өнөөгийн Чиэн-мэнь буюу монголчуудынхаар "Чамин" нэрийг авчээ.
Чамингийн гудамж нь эртний яруу найрагчдын дуу, шүлэгт хүртэл орсон байдгаас үзвэл яахын аргагүй үе үеийн хүн ардын бахархал болж байжээ.
Энэ гудамжинд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж харагддаг юм даа. 2-3 хан юанаас өгсүүлээд 20-30 мянган юаны гээд бүхий л эд бараа энд тэнд хөвөрч, шавар тагц, "хутун" гэх нарийн гудамжнаас эхлээд өндөр сүрлэг шилэн орд, өргөн дардан зам зөвхөн энд л зэрэгцэн оршдог юм. Ёстой нүдтэй хүн энэ газраас "ногоон хурганы арьс,нохойн битүү туурай" олж чадна даа. Нааш цааш хөлхөх түмэн хөлийн дунд явах өрнө, дорны жуулчид дэндүү олон, тэгээд зогсохгүй тэд "Хутун" гэх нарийн гудамжин дахь зуун зууны түүхтэй Си-хэй юань гэх дорны хийц бүхий асар- буудалд тухалдаг юм билээ. Хуучин эд танихдаа гаргуун гээчээр дэлхийг тойрч сурсан тэр хүмүүс жинхэнэ хятад соёл уламжлал нэвт ханхалсан энэ газрыг сонгох нь мэдээж шүү дээ. Яг өнөөдрийн Чамингийн гудамжны өнгө төрх гэвээс нурааж унагаахаас илүү өнгөлөн засварлаж, өөд татах ажил ид явагдаж байна. Гудамжны хоёр талаар түр зуурын хаалт хийж, түүн дээрээ ямар өнгө төрхтэй болгож хувиргах зураг палакат байрлуулж, түүхийн үнэт зүйлсээ хайрлан хамгаалъя, хуучин нийслэлийн өнгө төрхийг уламжлая... гэхчлэн бичсэн байх жишээтэй. Саяхан би нэгэн хэвлэл дээрээс "Бээжин хотод уламжлалт хуучин дэлгүүр хоршоог сэргээн засварлах ажил эхэлж байна. Өнөөдрийн байдлаар Бээжин хотод 300 гаруй хуучин дэлгүүр хоршоо байдаг бөгөөд энэ нь бүх хятадын уламжлалт хоршоо дэлгүүрийн 10 хувийг эзэлж байна.Төр,засгаас хуучин хоршоо дэлгүүрийг сэргээн засварлах ажилд хөрөнгө гаргах боловч тэр бүгдийг дэмжиж чадахгүй. Гэхдээ эртний уламжлалт өнгө төрхийг содон харуулсан, онцгой байршилтай дэлгүүр хоршоог дэмжих болно" гэсэн мэдээ уншиж байсан юм. Чухам л энэ үйл ажил Чамингийн гудамжин дахь дэлгүүр хоршоонд хийгдэж байх шиг санагдсан.
Чамингийн гудамжны уламжлалт эд зүйлсийн дэлгүүр хоршоогоор явах их сонирхолтой. Худалдаж авахдаа биш, үзэж сонирхох нь сайхан байдаг юм. Яг л үнэ төлбөргүй урлагийн музей л гэсэн үг. Нэг захаасаа нөгөө зах хүртэл их багадаа л З-4 буудал газар үргэлжлэх уртын урт энэ зээл-музейгээр явах зам зуураа та, үд хүрэхгүй эдгээдэг өндгөн цагаан эм, хүр хорхойн шүлсээр нэхсэн хоргой дурдан, үүлэн хээтэй үйтэн хуар, үе үеийн урчуудын бүтээсэн нарийн шаазан ваар сав, Мин, Чин гүрний үеэс улбаатай хуучин эд зүйлс, хятадын олон үндэстэн ястны гутал хувцас, хэрэглэл гээд элдэв эд өлгийн зүйлийг үзэж сонирхож болно. Хэрвээ нарийн салаа гудамжаар нь орвол худалдаачдын бие биеэсээ өрсөн бараагаа сурталчлан уянгалуулах олон өнгийн дуу хоолойг сонсох бүр ч сонин. Харин одоо техник хөгжсөн цаг болохоор олонх нь биеийн амрыг бодоод цагаан хоолой тавьчихдаг болж дээ. Энэ нь ёстой ядаргаатай, унтраагаад өгдөг болоосой л гэж бодогддог юм. Аливаа юм оригоороо байх сайхан шүү дээ. Сониноос гэвэл, Чамингийн гудамжинд үдэшдээ үнэгүй үзүүлбэр үзэж болно. Бас хууртагдаж ч болно. Учир нь энд хуруун чинээ жижигхэн амьтад бүжиглэж, үсэрч харайж элдвийг үзүүлнэ.
Худалдаачин эр: "Хоёрхон юанаар энэ хөөрхөн тоглоомыг аваарай. Энэ бичсэн тайлбарыг хараад л дуулж, уйлахаас бусдыг хийлгэж болно гээд л хашгирна. Эгдүүтэй, элдэвтэй тэр тоглоомын нууцыг мэдэхгүй хүмүүс хямдхан хөөрхөн тоглоом байна. Хүүхэддээ ёстой шидийг үзүүлнэ дээ гээд л авчихна. Би ч бас тэгж хууртагсдын нэг л дээ. Гэтэл наймаачин эр хуруундаа уясан нүдэнд үл үзэгдэх нарийхан хос утсаар тэр тоглоомоо хөдөлгөдөг байж. Гэхдээ яахав хоёрхон юанаар хоёр хурууны тийм чадварлаг үзүүлбэр үзсэн юм чинь юунд ч харамсах билээ. Харин одоо нууцыг нь мэдсэн болохоороо 2 юанаа үрэхгүйгээр үздэг болсон. Тэгээд зогсохгүй наймаачин эрийг гараа нааш нь гаргаад ирдээ гээд бүр зовоодог болсон гээч. Энэчлэн Чамингийн гудамжаар явахад уйдна, ядарна гэж байхгүй.
Чамингийн гудамжинд өлсөж, цангахын зовлон үзэхгүй. Хэтэвчнийхээ хэрээр хоолны газар сонгоод л хооллож, ундалж болно. Хэрэв та хүсвэл зуун настай "Бээжин шарсан нугас"-ны газар тухалж, хэдэн зуун мянга дахь шарсан нугас зооглож болно. Ер нь Чамингийн гудамж Бээжингийн өөр бусад гудамж зээлд байхгүй өвөрмөц сонин хоол ундтай газар. Ёстой хятад хоолны гайхамшгийг энд үнэрлэж, амталж, тухалж хүртэж болно доо.
Эцэст нь хэлэхэд Чамингийн гудамж сайн муу, сайхан муухай түмэн хүн хөлхсөн газар атлаа айдас гээч юм байдаггүй нь сонин шүү. "Нуур амгалан бол нугас амар" гэдэг шиг улс гүрэн нь амар түвшин хойно түмэн олон нь амгалан байхаас ч яах билээ.
Энхээ: Чамингийн гудамжны сонин сайхнаас ярьж өгсөнд баярлалаа,чамд.
Чука: Би Чамингийн гудамжаар явах дуртай. Өнөөдөр хэдийгээр сэргээн засварлах ажил өрнөөд тохь тух муутай байгаа хэдий ч зав л гарвал яваад очдог юм. Энэ гудамжаар энэ тэрхнийг харсан шигээ явж байхад өвгийн өвөг маань энэ гудамжаар тэмээгээ хөтлөөд, эмээгийн эмээд минь "чамин юм" авна даа гээд явж байсан байх даа гэсэн бодол үе үехэн орж ирдэг юм. Харин одоо би тэр нэгэн цагт өвгөчүүдийнхээ тээж аваачсан "чамин" гэдэг үгийн учрыг хэлээд сууж байх юм даа.
Энхээ: Нээрэн ингээд бодож тунгаагаад, нэхэж хөөгөөд байвал Хятад, Монгол хоёр орны ард түмний дунд сонин сайхан зүйл их байгаа даа.
Дараа удаа хоёулаа юуны тухай ярилцах вэ?
Чука: Чи Бээжин хотоос холгүй орших далайн амралтын газар Бэй Дай Хө-д амраад ирсэн шүү дээ. "Азийн хавай" гэгдэх Хайнанаас дутахгүй тэр амралтын газрын чинь тухай ярилцаж болно шүү дээ. Харин түүний дараа Бээжин хотын зам харилцааны хөгжил,нийтийн тээврийн талаар би бодол сэтгэгдлээ ярина гэж бодож байна.
Энхээ: За тэгвэл энэ удаагийн яриагаа өндөрлөе дөө.
Чука: Тэгье.
Хоёулаа: Эрхэм сонсогчид оо, дараа уулзатлаа баяртай.
Бээжин хот. 2006 оны 10-р сарын 14 1 2
|